Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 9

 

“Б.Н   нэхэмжлэлтэй  А.М   холбогдох  

иргэний хэргийн талаар

 

226/2018/00008/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгч: Б.Н,

           Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Э  нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2018/00190 дугаар шийдвэртэй, Б.Н   нэхэмжлэлтэй А.М  холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг  хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э   давж заалдах гомдлоор 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Н   нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2006 онд Мөнхбаясгалантай танилцаж 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүү Эрхэмзаяа, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Эрхэмбаяр 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүү Эрхэмжаргал нар төрсөн. Мөнхбаясгалан нь хамт амьдарч байхдаа архи ууж байнга дарамталж, намайг зоддог байсан. Би хүүхдүүдээ бодоод цагдаад өгч байгаагүй. Салъя ч гэж бодож байгаагүй. Би энэ хүнтэй 10 жил хамт амьдрах хугацаандаа хэзээ ч амар амгалан байгаагүй, байнгын сэтгэлийн дарамтанд байсан. Төрсөн гэр рүүгээ ч очих боломжгүй байдаг байсан. Манай аав бидэнтэй хамт амьдрахаар манайд ирсэн. Аавыг маань хэд хэдэн удаа зодсон. 2017 оны 6 дугаар сард намайг оёдлын курсэд сурахаар хот орсон хойгуур аавын хамрыг нь хугалж, саравчнаас хүзүүгээр нь боож, алах гэж байсан. Энэ мэтчилэн сэтгэл санаагаар намайг байнгын дарамтанд байлгадаг. Хэл амаар доромжилдог. Ийм амьдралаар цаашид амьдарч чадахгүй учраас би гэрлэлтээ цуцлуулъя гэж байгаа юм. Би Мөнхбаясгалантай 10 жил хамт амьдарч мал малласан. Тийм учраас өөрт болон хүүхдэд  ноогдох хөрөнгөө авах хүсэлтэй байна. Цаашид амьдрахад байнгын хэрүүл маргаантай, зодож дарамталсан хүний хажууд байхад миний хүүхдүүдийн ирээдүйд муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа учраас шүүхэд хандаж гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд  бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн   тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б. Н   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байсан. Хамгийн том хүү Эрхэмзаяа маань хадмууд дээр өссөн учраас тэдэнтэйгээ хамт байх нь өөрт нь илүү тухтай байх. Харин бага хүү Эрхэмжаргалын хувьд голомт залгах хүү нь учраас аавынх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Дунд хүү Эрхэмбаярыг өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүдээ ноогдох 26210400 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А.М   нь шүүхэд  гаргасан тайлбартаа: Б.Н  нь бид гэр бүл болоод амьдрах хугацаандаа дандаа болохгүй, дарамт шахалтанд амьдарч байсан мэтээр илэрхий худал зүйлийг бичиж нэр төрийг минь гутааж байгаад гайхаж байна. Тус шүүхийн үйл ажиллагаанд удаа дараа бидний гэр бүлийн харилцааг дуусгавар болгох асуудлаар нэхэмжлэгчийн эрх ашигт шууд үйлчилсэн үйлдэл гаргаж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсгүүдийг илтэд зөрчсөн нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авч иргэний хэрэг үүсгэж байгаа нь шүүх албан тушаалтанууд нь хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа гэж үзэхэд хүргэж байна. Миний бие бичиг үсэг мэдэхгүй, хөдөө мал дээрээ ганцаараа амьдардаг бөгөөд янз бүрийн бичгийн утга агуулгыг бүрэн тайлж унших чадваргүй улмаас эвлэрүүлэн зуучлалын мэдэгдэл гэх зүйлийг хүлээн аваагүй өнөөдрийг хүрсэн.Би гэр бүлээ цуцлуулах бодолгүй байгаа бөгөөд хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлалын шатаар дамжиж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2018/00190 шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Б овогт Г   Н   /РД: СЭ87011860/, У  овогт А  М  /РД:СП83011112/ нарын гэрлэлтийг цуцалж,  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 04 сард төрсөн хүү М.Эрхэмбаярыг /РД: СЮ12240138/ нэхэмжлэгч Б.Н   , 2007 оны 07 сард төрсөн хүү М.Эрхэмзаяа /РД:СП07272933/ 2015 оны 01 сарын 14нд төрсөн хүү М.Эрхэмжаргал /РД:СП15211416/ нарыг хариуцагч А.М  асрамжинд тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1-т зааснаар хүү М.Эрхэмбаярыг 11 нас хүртэл хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, 11–16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Мөнхбаясгалангийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр гаргуулж хүү М.Эрхэмбаярыг тэжээн тэтгүүлэхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Нямдэлгэрт даалгаж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М   276 толгой мал буюу 26 210 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н   /хүү М.Эрхэмбаяр хамт/-т олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э   давж заалдах гомдолдоо: Хариуцагч  нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө оршин суух хаягтаа өөрчлөлт оруулсан талаар бичгийн нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх хуралдааны явцад хуулийг буруу тайлбарлаж хууль ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн харьяалал зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэн үед шүүх хэргийн оролцогчдоос хэргийг Хэнтий аймгийн шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзах эсэх талаарх саналыг заавал авах үүрэгтэй байсан боловч хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч 2017 оны 11 сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагадаа 3 хүүгээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлгийг 3 хүүхэддээ авахаар шаардсан бол 2018 оны 3 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийн асрамжинд том болон бага 2 хүүгээ өгөхөөр болсон. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан зохицуулалттай нийцэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй асуудлаар шийдвэр гаргаж, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдсэн нь шүүх дур зоргоор хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд нийцсэн, үндэслэл бүхий бах хуулийн зарчмыг илтэд зөрчсөн үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Хариуцагчийн зүгээс өөрийн оршин суугаа аймаг, сум, багийн талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байхад огт үнэлж зохих дүгнэлтийг хийлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн талд үйлчилж шийдвэр гаргасан. Засаг даргын тодорхойлолтыг дүгнээгүй атлаа нэхэмжлэгчээс амаар гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн эрх ашигт  илэрхий үйлчлэх түүний аавыг гэрчээр асууж А.М  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэж шүүх шууд дүгнэж эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус юм. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 7 насанд хүрсэн хүүхэд нэхэмжлэгч, хариуцагчийн нарт байгаа нь мөн л нотлох баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүх хүүхдийн саналыг аваагүй нь бас л хууль зөрчсөн үйлдэл байна. Хариуцагчийн зүгээс өөрийн санхүүгийн асуудлаа нотлуулахаар Э.Жавхланг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь хариуцагчийн татгалзлаа нотлох боломжийг хаасан үйлдэл гэж үзэж болохоор байна. Дундын эд хөрөнгийг хуваахдаа нотлох баримтаар иш татсан үнэлгээ нь зөвхөн  нэхэмжлэгчийн хувийн журмаар хийлгэсэн үнэлгээг үнэлж, 2018 оны малын “А” дансыг үнэлэхээс ямар шалтгаанаар татгалзсанаа шийдвэртээ тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Хариуцагч А.М  Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй учир нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан нутаг дэвсгэрийн харъяаллыг зөрчөөгүй байна.

Харин  А.М  2018 оны 3 дугаар сарын 14-нд Дорнод аймгийн Баянтүмэн сум руу албан ёсоор шилжсэнээс түүний өмгөөлөгч хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар шүүхийн онцгой харъяаллын хэрэг гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноор хариуцагчийг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрх нь зөрчигдөхөд хүрчээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Н   А.М    холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож,тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийг хуваах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх  “0-13 насны 3 хүүхдийг тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэл гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг буруу тайлбарласнаас  мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан “хэргийн нутаг дэвсгэрийн харъяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно” гэснийг зөрчжээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “гэрлэгсэдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулах”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “... шүүх хуралдаанд биечлэн оролцох” 6 дугаар зүйлийн 6.4 “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх,нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй,  зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдзвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Иймд хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн   293000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 156/ШШ2018/00190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.М   давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 293000  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭНСМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Я.АЛТАННАВЧ