| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/00518/и |
| Дугаар | 1958 |
| Огноо | 2020-05-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 1958
| 2020 05 28 | 101/ШШ2020/01956 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Э-д холбогдох,
47,527,314.46 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай банк зээлдэгч Этай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй Улаанбаатар хот ... хаягт байрлах 70 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан олгосон.
Хариуцагч нь зээлийг авсан өдрөөс хойш үндсэн зээлд 12,040,439.98 төгрөг, зээлийн хүүнд 15,391,896.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 284,554.74 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч тэрээр 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг зөрчсөн ба 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт өнөөдрийг хүрсэн.
Зээлдэгч Эгийн зээлийн улдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тооцвол үндсэн зээл 37,959,560.02 төгрөг, зээлийн хүү 9,172.016.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329,338.24 төгрөг, нийт 47,460,914.46 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дахь заалтыг үндэслэн бид зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт 47,460,914.46 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн үүн дээр нэхэмжлэл гаргахтай холбогдолтой нотариатын төлбөр 12,000.00 төгрөг, 3 удаагийн мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлсэн зардал 4,400.00 төгрөг, зээлдэгчтэй очиж уулзах, эрж хайх болон барьцааны зүйлийг баталгаажуулахад шатахууны төлбөрт 50,000.00 төгрөгийг тус тус нэмж, нийт 47,527,314.46 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-иас хариуцагч Эд холбогдуулан 47,527,314.46 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9223 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******ыг оролцуулсан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болоод хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Этай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.50 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М-ын өмчлөлийн ...хаягт байрлах 70 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 7-13 хуудас/.
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, зээл ..............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 16 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д зааснаар зээлдэгч нь тус зээлийг бизнесийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар авчээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ХХК-иас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээний зүйл болох 50,000,000.00 төгрөгийг хариуцагч Эгийн ******* тоот дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч Эг зээлийн гэрээний зүйл 50,000,000.00 төгрөгийг авсан гэж үзнэ /х.х-ийн 21 хуудас/.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.6-д тус тус зааснаар зээлийг хэрэглээний зээлийн зориулалтаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 36 сарын хугацаанд ашиглаж, зохигчид эргэн төлөлтийн хуваарь буюу зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг сар бүрийн 20-ны өдөр гэж тохирчээ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 36 сар, зээл төлөх тусгай хугацааг тухайн сарын 20-ны өдөр зээл, зээлийн хүүнд 2,106,917.95 төгрөгийг тогтмол зохих ёсоор төлсөн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болох ажээ /х.х-ийн 9 хуудас/.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Гэтэл хариуцагч Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Учир нь, тэрбээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүнд нийт 48,459,112.85 төгрөг, үүнээс 26,862,871.01 төгрөгийг үндсэн зээлд, 21,596,241.75 төгрөгийг зээлийн хүүнд төлөх ёстой байтал үндсэн зээлээс 12,040,439.98 төгрөг, зээлийн хүүнд 15,391,896.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 284,554.74 төгрөгийг тус тус төлсөн байна /х.х-ийн 21-23 хуудас/.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 50,000,000.00 төгрөгийг ашиглах зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн зээлийн үлдэгдэл 37,959,560.02 төгрөг, зээлийн хүү 9,172,016.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329,338.24 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “.............................. . Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.
Зохигчдын байгуулсан гэрээний зорилго болоод зээлийн зориулалт, эргэн төлөлтийн хуваариас үзвэл уг гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж тус тус заасныг харгалзах ёстой.
Харин энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д “үүргийг ялимгүй зөрчсөн” тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Т ХХК-иасхариуцагч Эд үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдэж байснаас гадна үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч байжээ /х.х-ийн 24-27 хуудас/.
Нөгөө талаар хариуцагч нь үндсэн зээлд 26,862,871.01 төгрөгийг төлөх ёстой байснаас 12,040,439.98 төгрөг, зээлийн хүүнд 21,596,241.75 төгрөг төлөх ёстойгоос 15,391,896.13 төгрөгийг төлсөн ба 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийг хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул ялимгүй зөрчил гэж үзэж боломжгүй байна.
Иймд, нэхэмжлэгч Т ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 37,959,560.02 төгрөгийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд өөрийнхөн төлсөн нийт 16,880,890.85 төгрөгөөс үндсэн зээлд 12,040,439.98 төгрөг, зээлийн хүүнд 15,391,896.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 284,554.74 төгрөгийг суутгасан талаар маргаагүй ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4, 2.5-д тус тус зааснаар зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол зээлийн хүү 9,172,016.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329,338.24 төгрөг болж байна.
Хэдийгээр хариуцагч буюу зээлдэгч Э нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл бодогдох /хэвийн төлсөн тохиодолд/ 21,596,241.75 төгрөгийн зээлийн хүүнээс 15,391,896.13 төгрөгийг төлж, 6,204,345.62 төгрөгийн зөрүү байх ёстой боловч энэ өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 26,862,871.01 төгрөгийг төлөх ёстойгоос 12,040,439.98 төгрөгийг төлж, 14,822,431.03 төгрөгийг дутуу төлсөн учраас ийнхүү дутуу төлөгдсөн үндсэн зээлд нэмж хүү бодогдсоор 9,172,016.20 төгрөгийн хүү хуримтлагджээ.
Нэхэмжлэгч Т ХХК-иасхариуцагч Эд холбогдуулан нотариатын зардал 12,000.00 төгрөг, бензин болон шуудангийн зардалд 54,400.00 төгрөгийг мөн нэхэмжилсэн ба барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан эдгээр баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 12,000.00 төгрөгийн зардал гарсан гэдгээ баримтаар нотлоогүй ба шатахууны болон шуудангийн зардал гэх 54,400.00 төгрөг нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6, 26 дугаар зүйлд тус тус зааснаар зээлийн ашиглалтыг шалгах, зээлийг төлүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардал байх тул хариуцагчийн гэрээгээр зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гарах ёсгүй байсан зардал гэж үзэх боломжгүй байна /х.х-ийн 17, 18 хуудас/.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..................” гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн 15 хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.
Мөн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан барьцааны гэрээ нь тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэнтэй нийцэж байна.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ы хүсэлтийг үндэслэн хойшлуулж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн.
Гэтэл хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг үүгээр дурдаж байна.
Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 37,959,560.02 төгрөг, зээлийн хүү 9,172,016.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 329,338.24 төгрөг, нийт 47,460,914.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 66,400.18 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР