Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

            Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Б-н Э-д холбогдох эрүүгийн 2327000000132 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн ........ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ...... хамт Өвөрхангай аймгийн ........сумын 6 дугаар баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,************ регистрийн дугаартай, Д овгийн Б-н Э-.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн *************** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ........гэх газар Д.Лтэй чи хүн өмөөрлөө гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүр болон чээжинд нь гараараа цохиж биед тархи доргилт, дух, баруун шанаа, баруун хацарт, хүзүүнд зулгарал, 2 нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, чээжинд цус хуралт, чээжинд шарх гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

          шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би гараараа Д.Лийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр эвлэрээд манай гэрт очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

          хохирогч Д.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “******* тэд нартай маргалдаж *******тэй барилцаад авахаар нь би салгасан. Намайг хүн өмөөрлөө гэж хэлээд хойноос боож нүүр хэсэгт 10 гаруй удаа гараараа цохиж, сүүлдээ дээлний захаар хоолой боож гол руу чирч оруулаад чээж хэсэгт мотоциклын түлхүүр гартаа атгаж байгаад хоёр удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

          гэрч  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 21-нд бид хоёрын дэлгүүрийн хойд хэсэгт согтуу байсан. Доороос *******, нар 0,75 грамм архитай ирсэн. Д.Л, Б.Э нар хоорондоо маргалдаад байсан. Миний санаж байгаагаар Б.Э, Д.Л рүү дайраад гараараа нүүр рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

          гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2023 оны 09 дүгээр сарын 21-нд бид хоёр Улаан голын эрэг дээр Б.Э, нартай тааралдсан. ******* бид хоёр хоорондоо барилцаад авахад бид хоёрыг салгасан. Тэгээд Б.Э, Д.Л рүү дайраад гараараа нүүр рүү нь цохисон. Би тухайн үйл явдал болоход нэлээд согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

          Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №517 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэргийн улмаас хохирогч Д.Л нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Эын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй.

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овгийн Б-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овгийн Б-н Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН