Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/008

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.С,
улсын яллагч: М.О,
хохирогч: Х.М,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ш овогт Тийн Сд холбогдох эрүүгийн 201604000216 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч Т.С: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Тийн С, ********** регистрийн дугаартай, 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Т.Сы холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч Т.С нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 01 дүгээр багийн иргэн Х.Мыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Сы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бүх асуудал архинаас болсон. Би архи уусан үедээ өөрийгөө жолоодож чадахгүй болсон байсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Миний гаргасан алдааг нэг удаа уучилж, хэргийн маань хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Х.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би эхнэр лүүгээ залгаад муухай үг хэлсэн. Т.С уурлаад бид хоёр маргалдаж зодолдсон. Би хэрхэн яаж зодолдсон талаар сайн санахгүй байна. Энэ талаар найз маань хэлсэн. Т.Стай бид нэг газар зусдаг. Бид 45 нас хүртлээ гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Т.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: “... гэрч Ж.С, Х.Ө нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, Т.Сыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, өвчний түүх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч Т.Сы гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч Т.С нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн иргэн Х.Мыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч Х.Мын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тус өдөр би гэртээ байж байхад Ж гэх манай хамаатны хүү болох С манайд ирж би Сы гэрт очих гээд байхад миний мотоцикл эвдэрчихлээ, таны мотоциклоор тийшээ яваад ирэх үү гэхээр нь С бид хоёр миний мотоциклоор 15 цагийн үед Сы гэрт нь очсон, очиход тэдний гэрт нь эхнэр нь боорцог хийж байсан ба С хоньд явсан талаар хэлсэн. Тэгээд жаахан сууж байхад С нь миний мотоциклоор очиж Сыг дагуулж ирнэ гээд миний мотоциклоор очоод Сыг дагуулж ирсэн. Тэгээд сууж байхад С нь бидэнд “түмний хишиг” нэртэй 1 литрийн архи гаргаад хийсэн ба бид гурав түүнийг уугаад дууссаны дараа дахиад архи уухаар болоод хаанаас архи авах вэ гэж ярилцаж байгаад Д гэх хүний гэрээс нэрмэл архи авахаар болоод тохиролцож Сыг сундлуулж аваад миний мотоциклоор Дгийн гэрт нь очиж гуйж байгаад 5 литр нэрмэл архи авч түүнд нэмж тэрний гэрээс 1 литрийг бас уучихаад буцаад Сы гэрт ирээд тус архийг уугаад сууж байхад юу болсныг нь мэдэхгүй нилээн согтоод тасарсан байсан ба нэг мэдэхэд С намайг нүүр ам тус газар цохиж зодож байсан. Тэгээд нэг мэдэхэд тэдний гэрийн гадаа малын хотны хажуу талд ухаангүй хэвтэж байхад С дахиад ирээд намайг боож даарч байгаад гараараа миний нүүр тус газар 2-3 удаа цохиод авсныг нь мэднэ. Тэгээд жаахан хэвтэж байгаад босоод тэдний гэрийн доод талд байдаг Ө /хоч нэр хөх/ гэх залуугийн гэр хүртэл алхаж очоод Өгаар гэртээ хүргүүлсэн юм. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, 
- Гэрч Ж.Сы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Тус өдрийн өглөө нь би гэрээсээ мотоциклтэй гараад урьд нь алга болсон нэг тооны үхрээ хайхаар явж байхад миний мотоциклын бензин нь дууссан юм уу, эвдэрсэн юм уу унтарчихаад асахгүй байхаар нь ойрхон байсан Мын гэрт ирээд түүний мотоциклоор Сы гэрт нь очиж тэр хавийн хүмүүсээс сураглахаар болоод 15 цагийн үед байх Сы гэрт очиход С гэртээ байхгүй байсан ба гэрт нь эхнэр хүүхдүүд нь байсан юм. Тэгээд М бид хоёр цай уугаад сууж байгаад Сы уулнаас бууж ирж байгааг нь хараад М надад чи Сыг очоод аваад ир гэж мотоциклын түлхүүрээ өгөхөөр нь би түүний мотоциклоор очиж Сыг гэрт нь авч ирсэн. Тэгээд бид хоорондоо юм ярьж цай ууж сууж байхад С бидэнд “Түмний хишиг” нэртэй 1 литрийн архи гаргаж задалсан. Тэгээд бид уг архийг уугаад дууссаны дараа дахиад архи уухаар болоод архийг хаанаас олох вэ гэж хоорондоо ярьж байгаад М, С хоёр Мын мотоциклоор очиж Д гэдэг хүний гэрээс 5 литр нэрмэл архи авч ирсэн юм. Тэгээд би уг нэрмэл архийг уугаад сууж байхад М, С нар нэг нэгэндээ үг хэлээд маргалдаад сууж байгаад зодолдоод эхэлсэн юм. Тэгээд би салгах гэсэн боловч С миний толгой дагз хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэр үед би өөрөө  асуудалд орох юм байна гэж бодоод С, М хоёрыг орхиод тэдний гэрээс зугтаж гараад доод талд нь байдаг Ө /хоч нэр Хөх/-н залуугийн гэрт ирээд түүний мотоциклоор өөрийнхөө гэрт хүргүүлсэн юм. Болсон хэрэг энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, 
- Гэрч Х.Өн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...  Тус өдрийн 23 цагийн үед гэртээ байхад С гэх залуу гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би түүнээс хаанаас ирж байна вэ гэж асуусан боловч би хаанаас ирж байгаагаа мэдэхгүй, чи намайг гэрт минь хүргээд өгчих гээд болохгүй байхаар нь Сыг гэрт нь хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд унтаж амарч байхад шөнө 01 цагийн үед байх дахиад нэг хүн ирээд хаалга цохиод байхаар нь гараад харахад Х.М байсан ба түүний нүүр ам нь цус болчихсон байсан. Тэгээд би түүнээс хаанаас ирж байгаа юм вэ, танд юу болсон вэ гэж тодруулж асуусан боловч М нь их согтсон байдалтай байсан учраас миний асуултанд хариулаагүй. Намайг гэрт минь хүргээд өгчих гэж л хэлээд байсан. Тэгээд би дахиад мотоциклоор түүнийг ч гэсэн гэрт нь хүргээд өгчихөөд буцаж ирээд амарсан юм. Болсон асуудал энэ” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, 
- Гэрч С.Угийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... М дахиад миний охиныг хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй юи яриад байхаар нь С Мыг цохиод авах шиг болсон. Тэр үед л С, М нар гэр дотор бужигнаж зодолдож эхлэхэд гэрийн аккумуляторын утас нь тасарч гэрэл унтарч гэр харанхуй болчихоор нь айгаад хоёр хүүхдээ аваад гэрээс зугтаж гараад байж байгаад гэрэл асахаар нь хэсэг хугацааны дараа буцаад орж ирэхэд тэд гэрт байхгүй гадаа гарчихсан байсан болохоор буцаж гадаа гарахад С гэр рүү ирж байсан ба би Саас чи Мыг яасан вэ гэж асуухад нэг цохисон чинь худлаа унаад хэвтэж байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Т.Сыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 27-32 дугаар хуудас/, 
  - Баян-Өлгий аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “... 1. Иргэн Мын биед тархины доргилт, доргилттой, баруун ба зүүн нүдэнд цус хуралттай, хавдартай, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын яс хугарсан, мурилттай, дээд уруулд шарх, хавдартай, дээд эрүүний 1 шүд, 4 зэргийн суларсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн болно. 3 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 4. Ерөнхий хөдөлмөрлөхийг нөлөөлөхгүй болно. 5. Лор эмчийн тодорхойлолтыг хавсаргав” /хх-ийн 16 дугаар хуудас/, 
- Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Т.Сы үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Сд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Сыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгч Т.Сы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн болон хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нөхцөл байдлуудыг харгалзсан үзэж түүнд ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
 Шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Т.Сы эзэмшлийн ******* улсын дугаартай УАЗ-31520 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тийн Сыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Ш овогт Тийн Сд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Сыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   
4. Шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.Сы эзэмшлийн ******* улсын дугаартай УАЗ-31520 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Сд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК