Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/19

 

Ч.А-т холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                               Б.Батзориг

                                          Шүүгчид                               Г.Давааренчин                                  

                                                                                       Д.Буянжаргал

                                  Оролцогчид:

                                                Прокурор                             Г.Энхмаа

                                                Шүүгдэгч                                 Ч.А

                                                Шүүгдэгчийн өмгөөлөгч      М.Г

                                                Хохирогч                                 С.Э

                                                Хохирогч                                 Э.Г

                                                Хохирогч                                 Б.С

                                                Хохирогч                                 Д.Б

                                                Хохирогчийн өмгөөлөгч      Л.Д

                                                Хохирогчийн өмгөөлөгч      Д.Э

                                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгчдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Т овогт Ч-ын А-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002640246 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, Хилийн 0101 дүгээр ангид холбоочноор ажиллаж байсан, ял шийтгэлгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 05 дугаар хороо, 05 хороолол, 5 байр, 87 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Ч-ын А /РД:УЕ78072669/,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.А нь

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ө.А-гаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 /арван гурван сая/ төгрөг,

-2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Л.У-ээс 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг,

-2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг,

-2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 /есөн сая/ төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Д.Б-өөс нийт 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг,

-2018 оны 03 дугаар сарын 22-ны урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн С.Э-аас 39.000.000 /гучин есөн сая/ төгрөг,

-2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Б.Сэ-өөс 8,500,000 /найман сая таван зуун мянган/ төгрөг,

-2018 оны 06 дугаар сарын 07-ын өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Э.Г-ээс 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг,

-2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Д.Э-оос 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ч.А-т холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 40 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.А-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002640246 тоот хэргээс хохирогч Д.Э-оос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.200.000 төгрөг, хохирогч Ө.А-аас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 төгрөгийг тус тус залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т овогт Ч-ын А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Тайж нар овогт Ч-ын А-ээс 70.970.000 /далан сая есөн зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Б-д 15.500.00 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч С.Э-д 36.200.000 /гучин зургаан сая хоёр зуу мянга/ төгрөг, хохирогч Б.С-д 7.070.(500 /долоон сая далан мянга/ төгрөг, хохирогч Э.Г-т 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг тус тус олгож, хохирогч Б.С-ийн 1.430.000 төгрөгийн, хохирогч С.Э-ын 2.800.000 төгрөгийн, хохирогч Э.Г-ийн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Хохирогч Д.Э, Ө.А нарын шүүгдэгч Ч.А-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлтэй орхисугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.А-ийг 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.А-ийн цагдан хоригдсон 84 /наян дөрвөн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

...11. Шүүгдэгч Ч.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй..” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.А-ийг Ө.А, Л.У, Д.Б, С.Э, Б.С, Э.Г Д.Э нараас урьдын итгэлийг эвдэн залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүх ял оногдуулсан. Хэрэгт цугларсан бичгийн баримт болох хохирогч нарын мэдүүлгийг судлан үзэхэд хохирогч нар нь Ч.А-тэй зээлийн гэрээ байгуулан, улмаар тодорхой хугацаануудад зээлийн хүүнд мөнгө төлж байсныг хохирогч нар өөрсдөө мэдүүлсэн байдаг. Энэ нь тухайн залилах төрлийн гэмт хэргийн үндсэн шинж болох бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго, энэхүү санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байх зэргийг үгүйсгэж байна. Шүүх Ч.А-ийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг дүгнэхдээ нэр бүхий хохирогч нараас авсан мөнгөн дүнг огнооны хамт жагсаан бичээд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан гэжээ. Харин миний үйлчлүүлэгч Ч.А нь дээрх бүхий хүмүүсээс дурдсан хугацаанд дүн бүхий мөнгийг аваагүй гэж маргаагүй ба уг мөнгөнөөс хүү тооцуулан буцаан төлж байсан нөхцөл байдлыг шүүх дүгнэлгүй орхигдуулсан, хэрэгт хамааралтай нотлох баримтыг харилцуулан дүгнэлгүй, хэт нэг талыг барин буруутгасан байна. Мөн “...шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй мэдүүлээгүй” гэж дүгнэсэн нь Ч.А-ийн бусдаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлснийг батлах боловч чухам ямар учраас уг мөнгө авсан үйлдэл нь бусдыг залилсан гэмт хэрэг гэж үзэх болсон талаар хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байгаа юм. Ч.А нь зээл нэрээр халхавчлан мөнгө залилан мэхэлж авахдаа уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан нөхцөл байдал тогтоогдоогүй нь мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шийтгэх тогтоолын 9, 10 дахь заалтаар батлагдаж байх ба шийтгэх тогтоолоор хийсэн дүгнэлт нь харилцан зөрүүтэй болно. Энэ хэргийн хохирогчоор тогтоогдсон С.Э гэх хүнийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч түүнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь өмгөөлөгчийн болоод яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Ч.А-ийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 Шүүгдэгч Ч.Адавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь энэ хүмүүсийг урьдын итгэлийг ашиглан залилан мэхэлсэн гэж 03 жилийн ял оноосон. Эдгээр хүмүүст би байнга хүү төлж байсан. Би энэ хүмүүст хүү төлж байсан. Хүү авсныг нь хасахгүй, намайг өмнөх итгэлийг ашиглан залилан мэхэлсэн гэж үзэн ял оноосонд гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.А хохирлыг төлөх, хохирогч нар хохирлоо авч байж үр дүн гарна. Энэ утгаараа зөв оновчтой шийдэл хэрэгтэй. Ч.А-т анхан шатны шүүхээс хорих ял оноосон. Хорих ялыг өөрчлөх боломжтой. Хуулиар боломж олгосон. Жишээлбэл Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т сонгомол хариуцлагатай, арваас дөчин сая төгрөгөөр торгож болно. Эсхүл хоёроос найман жилийн хорих ял онооно. Хэрэв Ч.А торгуулийн ял аваад, гадуур ажил хийгээд мөнгөө төлбөл өөрт нь ч ашигтай, хохирогч нарт ч ашигтай. Хохирогч нарын хохирлыг барагдуулчихвал Ч.А-ийг заавал хорих ял оноо гэж хэлэхгүй, хохирлыг л хурдан барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Л.Д-ийн ярьсан шийтгэх тогтоолыг зөвтгөх асуудлын талаар ярьсанд санал нэг байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх бүрэн бодитой үнэлж, хууль ёсны шийдвэр гарсан гэж үзэж байна. Харин битүүмжлэгдсэн эд хөрөнгөтэй холбоотой шийтгэх тогтоолын 10 дахь заалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт битүүмжилсэн эд хөрөнгийг хураан аваад, хохирогч нарын хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн санааг дурдаад, тогтоох хэсэгтээ ингэж бичсэн нь бичиглэлийн алдаа гарсан тул зөвтгөх боломжтой. Оногдуулсан ял шийтгэлийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн сэдэлт санаа, зорилгыг бүрэн агуулж байх тул ялыг хөнгөрүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 10 дугаар заалтад өөрчлөлт оруулах боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Ч.Аийг үйлдсэн хэргээс хохирогч Д.Э, Ө.А нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,  түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ч.А-т холбогдох эрүүгийн 1831002640246 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал  

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1831000490096 тоот эрүүгийн хэрэг үүсгэн, Ч.А-т яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авчээ. /2-р хх-ийн 248-250-р ху/

Улмаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийг нэгтгэх тухай 19 дугаартай тогтоолоор /4-р хх-ийн 31-р ху/  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.А-т холбогдох 1831000490096  дугаартай эрүүгийн хэргийг 1831002640246 тоот эрүүгийн хэрэгт нэгтгэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.9 дүгээр зүйлийн 1-д  “...Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул дээрхи ажиллагааг хийлгэсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1,1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ч.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ