Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0148/З |
Дугаар | 128/ШШ2019/0601 |
Огноо | 2019-09-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2019/0601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар "С ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: "С ХХК /РД:***********/
Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э
Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч С ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Үүрийнцолмон нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр С ХХК-ийн нийт хувьцааг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас худалдан авсан. Ийнхүү худалдан авах үед С ХХК нь М ХХК-ийн харьяа салбар аж ахуйн нэгж байсан. Улмаар хувьцаа эзэмшигч Э.Үүрийнцолмон нь С ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг дахин сэргээж, мах боловсруулах үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн. Гэтэл М ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Оюуны өмчийн газарт С ХХК-ийг барааны тэмдэг ашиглаж байгаа талаар гомдол гаргасан байна. Дээрх гомдлыг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э хянан шалгаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ** дугаартай шийтгэлийн хуудсаар С ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 болон 13.1.3-д заасны дагуу барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Тус шийтгэлийг С ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. С ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, 13.1.3 барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол гэж зааснаар М ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаагүй. Мөн барааны тэмдэг бүхий барааг улсын хилээр нэвтрүүлсэн зүйл огт байхгүй. Учир нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 -д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно гэж заасан. С ХХК-ийн ашиглаж буй бэлгэ тэмдэг буюу лого нь М ХХК-ийн барааны тэмдгээс дараах байдлаар ялгаатай.
А. Логоны дүрслэл өөр - хэдий адил өнгөтэй байх боловч эсрэг зүгт чиглэсэн өөр дүрслэлтэй.
Б. Үг, үсэг өөр - М ХХК-ийн логоны хажууд крилл үсгээр М гэж бичигдсэн бол С ХХК-ийн логоны доод хэсэгт латин үсгээр SUKНВААТАR МЕАТ МАRKЕТ гэж бичигдсэн.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хэн ч ажигласан хоёр өөр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гэж ялгагдахаар байгаа бөгөөд хэрэглэгч төөрөгдөлд орох боломжгүй юм. Мөн С ХХК нь М ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаж өөрсдөө ашиг хонжоо олох ямар ч зорилго байхгүй билээ.
Хоёр. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэдэг. Холбогдогч нь зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрхийг эдэлдэг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан буюу Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч нь С ХХК-ийн захирал, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг холбогдогчоор татаж мэдүүлэг аваагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, зөвхөн өмгөөлөгч хүрэлцэн очиж уулзахад түүнийг холбогдогч мэтээр ойлгон мэдүүлэг авсны дараа шууд шийтгэлийн хуудсыг өмгөөлөгчид гардуулан өгсөн. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүйгээс болж холбогдогчийн эрх зөрчигдсөн. Хэрэв С ХХК нь зөрчлийн хэрэгтэй танилцсан бол ямар нотлох баримтаар буруутгагдаж байгааг мэдэх боломжтой байсан.
Гурав. С ХХК-тай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан. Үүнээс үзвэл хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байхаар байна. Учир нь М ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 02- ны өдөр барааны тэмдэг эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. Хэрэв С ХХК нь тус компанийн барааны тэмдгийг ашиглаж зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол тус өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна. Гэтэл зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх хүртэл даруй 4 жил 8 сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд М ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй бөгөөд гэнэт мэдсэн юм шиг одоо гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Өөрөөр хэлбэл Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн-т зааснаар зөрчлийн хэрэг нээхгүй тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.
Иймд С ХХК-ийн гаргаж буй гомдлыг хүлээн авч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү.
Анх 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр н.Үүрийнцолмон Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас С ХХК-ийн хувьцааг худалдаж авсан. Өмнө нь С ХХК нь М ХХК-ийн албан ёсны нэг салбар нь байсан. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр Оюуны өмчийн газраас манайхыг дуудаж, танай компани М ХХК-ийн барааны тэмдгийг ашиглаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зөрчлийн хэрэг нээсэн юм бол Зөрчлийн тухай хуульд заасан эрхээ эдлье гэж хэлэхэд дахиж ир гэдэг асуудал тавьсан. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би өмгөөлөгч гэсэн статусаар очиход надаас холбогдогч статусаар мэдүүлэг аваад, шийтгэлийн хуудсыг өгч явуулсан. Тухайн шийтгэлийн хуудаснаас харахад танай байгууллага М ХХК-ийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байна гэсэн байсан. Бид шийтгэлийн хуудсыг дараах байдлаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
С ХХК-ийг Барааны тэмдэг, газар зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн, 13.1.3-т заасан барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн гэсэн заалтыг үндэслэж шийтгэл оногдуулсан байсан.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д .барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно гэж заасан. Манай компанийн хэрэглэж байгаа барааны тэмдэг М ХХК-ийн барааны тэмдгээс ялгаатай гэв.
Хариуцагч Ч.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э би Сүхбаатар маркет ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/2019 тоотоор гаргасан гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. М ХХК нь 2009 оны 06 сарын 05-ны өдрийн анхдагч огноотой М барааны тэмдгийг олон улсын бараа үйлчилгээний 1-45 дугаар ангилалаар эрхийн хамгаалалтыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хийлгэсэн байна. С ХХК нь уг барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй өөрийн худалдааны цэг, фэйсбүүк хуудас, машин дээр байршуулан ашигласан нь Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль-ийн 12.3.5-д заасан бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтөй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.
Зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль-ийн 13.1.4 -д барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт,
интернэт, сурталчилгаанд ашигласан бол гэсэн заалтыг үндэслэж Зөрчлийн тухай хууль-ийн 8.5.1 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулсан болно.
2. С ХХК-ийн захирал Ц.Бтай *********тоот утсаар ярихад хөдөө байдаг өмгөөлөгчийг явуулна гэсэн бөгөөд өмгөөлөгчийн 2575 тоот үнэмлэх бүхий Жаргалсайхан овогтой Батмөнх ирж өргөдөлтэй танилцан холбогдогчийг төлөөлөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдогчийн эрх үүрэгтэй танилцан гарын үсэг зурж мэдүүлэг өгсөн нь 1802000605 зөрчлийн хэргийн 5-7 хуудсанд байгаа болно.
3. Зөрчлийн тухай хуулийн 1.5-р зүйлийн 3 дахь хэсэгт зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэсэн нь уг хэрэгт 60 сар байхаар
тогтоогдож байна.
Мөн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан бөгөөд зөрчил одоо хүртэл үргэлжилсээр байгаа болно.
Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож зөрчлийг таслан зогсоож Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э миний 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** тоот шийтгэврийг хэвээр үлдээж өгнө үү.
2015 онд М ХХК-ийн салбар компанийг худалдаж аваад С ХХК гэж үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Энэ үеэс эхлээд барааны тэмдгийг ашигласан байдаг. Оюуны өмчийн салбарын нэг онцлог нь эрх эзэмшиж байгаа этгээд л гомдол гаргах эрхтэй байдаг. М ХХК-ийн өмнөөс өөр хүн гомдол гаргах эрхгүй.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд хориглох болон зөвшөөрөх эрх хэмжээ зөвхөн эрх эзэмшигчид байдаг. С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид эрх эзэмшигчтэй нэг компани байж байгаад салсан, түүнийхээ дагуу манайд очсон гэж яриад байна. Оюуны өмчийн ямар ч эрхийг С ХХК-д шилжүүлээгүй учир хуучин М ХХК-ийн салбар компани байсан ч гэсэн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг нь ашиглах эрхгүй.
Танилцаагүй, мэдээгүй байхад арга хэмжээ авсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. С ХХК өөрсдийгөө төлөөлүүлж энэ хүнийг зөрчлийн хэрэгт оруулсан. Компанийн захирал нь өөрөө энэ хүнийг явуулсан учир холбогдогчоор мэдүүлэг авсан. Өөрөө хуульч хүн байж тайлбар, мэдүүлэг авсан гэж яриад байна. Холбогдогчоор мэдүүлэг аваад, энэ хүн өөрөө гарын үсэг зурсан байгаа. Мэдүүлэг өгөхгүй байх, гарын үсэг зурахгүй байх эрхтэй байсан. Хэрэгтэй танилцаагүй гэж хэлээд байна. Хэрвээ хэрэгтэй танилцаагүй гэж байгаа бол шийдвэр гарснаас хойш 5 хоногийн дотор прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг прокурор хянаж байгаа. Яагаад тухайн үед нь гомдол гаргаагүй байж шүүх дээр процессын тухай асуудал яриад байгааг ойлгохгүй байна.
Компани ийм эрхтэй байсан эсэхийг та нар хамгийн сайн мэдэж байсан. С ХХК-ийн захирал болон чи сайн мэдэж байсан. Учир нь яг энэ зөрчилтэй адилхан барааны тэмдэг ашигласан гэх үндэслэлээр өнөөдрийн маргаан бүхий шийтгэлийн хуудсаас өмнө өөр шийтгэлийн хуудас оногдуулсан байсан. Дараагийн шатны ажиллагаа явагдахаас өмнө та нар захиргааны хэргийн шүүхэд 2 дахь өргөдөл ирсэн гээд өмнөх шийтгэлийн хуудсын биелэлтийг түдгэлзүүлсэн гээд байна. Сүхбаатар аймгийн шүүхээс улсын байцаагчийн шийдвэрийг хангах ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол гэж заасан байдаг. 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг арав дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр 5 жил болж байна. Энэ зөрчил одоо хүртэл үргэлжилж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа ярих боломжгүй. Өнөөдрийг хүртэл зөрчилтэй барааны тэмдгийг ашиглаад махаа зарж, худалдааны салбараа ажиллуулж байгаа. Мөн түгээлт хийдэг машиных нь гадна талд, С ХХК-ийн гадна талд ч зөрчилтэй барааны тэмдэг одоо хүртэл хадаатай байгаа. Тиймээс тухайн зөрчил одоо хүртэл үйлдэгдэж байгаа учир хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч С ХХК нь Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №** тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчих/-т заасны дагуу 3.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хууль хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1-д барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг; 4 дүгээр зүйлийн 4.1-д Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно гэж тус тус заасан байна.
С ХХК нь М ХХК-ийн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдэгийг үйл ажиллагаандаа ашиглан барааны тэмдэг эзэмшигч М ХХК-ийн эрхийг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Тодруулан хэлбэл С ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж буй барааны тэмдэг ньүг, дүрс, өнгөний хувьд М ХХК-ийн барааны тэмдэгтэй төсөөтэй болох нь, төсөөтэйгөөс шалтгаалжхэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй болох нь хэрэгт цугларсан зэрэгцүүлэн харуулсан барааны тэмдэг /лого/-үүдээр нотлогдож байна.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Дараах барааны тэмдгийг бүртгэхгүй 5.2.7-д Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй; гэж заасан байна.
Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараахь онцгой эрх эдэлнэ: 12.3.5-д бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах; 13 дугаар зүйлийн 13.1-д Дараахь тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно: 13.1.4-д барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол гэж тус тус хуульчилжээ.
Дээр дурдсан үйл баримт болон хуулийн зохицуулалтуудад үндэслэн шүүх бодит байдалд М ХХК-ийн барааны тэмдэгтэй үг, дүрс, өнгөний хувьд төсөөтэй барааны тэмдгийг С ХХК үйл ажиллагаандаа ашигласан болох нь, уг барааны тэмдэг төсөөтэйгөөс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй нөхцөл байдал бий болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно шийтгэл ногдуулсан, манайхыг хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл 2015 онд зөрчил гаргасан, үүнээс хойш 4 жил 8 сар гаруйн хугацаа өнгөрсөн тул шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх дууссан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан ба хариуцагч зөрчил одоо ч үргэлжилж байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчил үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан байх ба С ХХК-ийн гаргасан тус зөрчил нь үргэлжилсэн зөрчил байх тул шийтгэл оногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно шийтгэл ногдуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Гомдол гаргагч гомдолдоо С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг холбогдогчоор татаж мэдүүлэг аваагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан зөрчлийн хэргээс үзэхэд С ХХК-ийн төлөөллийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь, шийтгэлийн хуудастай Ж.Батмөнх танилцаж гарын үсэг зурсан болох нь, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнхөөс мэдүүлэг авсан болох нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гомдол гаргагчийн энэ тайлбар үндэслэлгүй.
Мөн хариуцагч шүүх хуралдаанд ...гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаагүй, мэдээгүй байхад арга хэмжээ авсан гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. С ХХК нь өөрсдийгөө төлөөлүүлж энэ зөрчлийн хэрэгт оролцуулсан, компанийн захирал өөрөө энэ хүнийг явуулсан учир холбогдогчоор мэдүүлэг авсан, хэрвээ хэрэгтэй танилцаагүй гэж байгаа бол тухайн үед прокурорт гомдол гаргах эрх нь нээлттэй байсан, зөрчлийн хавтас хэргийг Ж.Батмөнхөд танилцуулсан, Ж.Батмөнх өөрөө гарын үсэг зураагүй... гэсэн агуулгаар тайбарлаж байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийнхолбогдогчоор татаж мэдүүлэг аваагүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн13.1.4-д тус тус заасныг баримтлан С ХХК-ийн Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ