| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/1033/З |
| Дугаар | 221/МА2026/0240 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0240
К.Бкы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0159 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: К.Бк
Хариуцагч: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2025/1033/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.Бкыг ажлаас халах тухай” Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн Казбекийн Бкыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан тушаалаас халсан” байна.
3. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04/2064 дүгээр албан бичгээр “... Таны гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтад заасныг үндэслэн захиргааны санаачилгаар төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй болно...” гэж хариу өгч, анхан шатны шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0159 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан иргэн К.Бкаас “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “К.Бкыг ажлаас халах тухай” Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5. Нэхэмжлэгч К.Бк дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
5.1. “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах талаар хуульчилсан бөгөөд 47.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална гэж 4 үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Хэдийгээр тухайн зүйлийн гарчигт төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах талаар хуульчилсан ч гэсэн 47.1 дэх хэсгийн нарийвчилсан зохицуулалтаас харахад төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар байгаа.
5.2. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь үнэн. Энэ тохиолдолд намайг Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т зааснаар албан тушаалаас чөлөөлж төрийн албанаас халах шийдвэр гаргах ёстой.
5.3. Гэтэл хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 тоот тушаалыг гаргахдаа намайг төрийн албанаас халаагүй, зөвхөн Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан тушаалаас халсан. Би хэдийгээр шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ч гэсэн шүүхээс миний нийтийн албанд томилогдох эрхийг хасаагүй.
5.4. Би энэ тохиолдолд ялаа эдэлж дууссаны дараа дахин төрийн жинхэнэ албанд томилогдох эрхтэй. Хэрэв намайг төрийн албанаас халсан тохиолдолд би дахин төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдэж, дараа нь ажил, мэргэжил, ажлын туршлага, бусад шалгуур үзүүлэлт хангасан тусгай шалгалт зохион байгуулсан нөхцөлд тухайн шалгалтад орох, тэнцсэн тохиолдолд нэр дэвшиж томилогдох боломжтой.
5.5. Хариуцагч маргаан бүхий тушаалаар намайг төрийн албанаас халах шийдвэр гаргаагүй, зөвхөн албан тушаалаас халсан учир төрийн жинхэнэ албан хаагч хэвээр байгаа гэж ойлгогдохоор байгаа юм. Энэхүү ойлгомжгүй байдал нь намайг шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон.
5.6. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох талаар хуульчилсан ба 47.1.1-д зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт илт хууль бус байна. Хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт нь хоёрдмол утгатай учир утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээр байгаа юм. Хариуцагчийн намайг албан тушаалаас халсан тушаал нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно.
5.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202.6 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0159 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбогдуулж дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:
6.1. “... Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол ажлаас нь шууд халахаар хуульчилсан.
6.2. ... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
6.3. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0159 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
2. Маргаан бүхий Б/35 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн “Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэн Казбекийн Бкыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын албан тушаалаас халсугай” гэжээ.
3. Нэхэмжлэгч нь уг тушаалын үндэслэл, шалтгаан буюу гэмт хэрэгт үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсонтой маргаагүй, харин “... гэмт хэрэгт үйлдсэн гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар төрийн албанаас халах ёстой байхад маргаан бүхий тушаалаар албан тушаалаас халсан нь утга агуулгын алдаатай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илт хууль бус акт болсон. Үүний улмаас төрийн албанд дахин шалгалт өгч орох эрх зөрчигдөж байна ...” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасан хуулийн заалт нь төрийн жинхэнэ албан хаагч ямар төрлийн гэмт хэрэг үйлдсэнээс үл хамааран гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах зохицуулалттай байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас халсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хууль зөрчсөн, утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч К.Бк нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн үндэслэлээ бичээд “... гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн нь үнэн. ... Хэрэв маргаан бүхий тушаалаар төрийн албанаас халсан тохиолдолд би дахин төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгэгдэж, дараа нь ажил мэргэжил, ажлын туршлага бусад шалгуур үзүүлэлт хангасан тусгай шалгалт зохион байгуулсан нөхцөлд тухайн шалгалтад орох, тэнцсэн тохиолдолд нэр дэвшиж томилогдох боломжтой ...” гэжээ.
6. Хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: ... 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;” гэж заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нэхэмжлэгч К.Бкыг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын “албан тушаалаас халсан” нь зөв, уг хуулийн заалтад нийцсэн бөгөөд уг тушаалын агуулга нь “төрийн албанаас халсан” үр дагавартай юм.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: гэж заасан үндэслэлээр халсан бөгөөд тушаалд “албан тушаалаас халах”-аар бичсэн нь К.Бкыг “төрийн албанаас халагдаагүй буюу төрийн албаны нөөцөд үлдсэн” гэх үр дагавар үүсгэхгүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүссэн “төрийн албанаас халах ёстой байсан” гэх үр дагавартай тушаал байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх нэхэмжлэл, гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэл, давж заалдах гомдлын агуулга нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хэрхэн дээрдүүлэхээр байгаа нь эргэлзээтэй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг тухайн агуулгаар нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул энэ хүрээнд тус шүүх дүгнэлт өгсөн болохыг тэмдэглэв.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Бкы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ