Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 72

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00231/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б-, өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Мягмарсүрэн, өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.Б-аас:

Миний бие нь 2009 онд мэдээлэл зүйн багш мэргэжлээр Монгол улсын боловсролын их сургуулийг төгсөөд 2010 онд “Дархан-Өргөө” политехник коллежид сургалтын албаны ажилтнаар орж өнөөг хүртэл 7 жил 4 сар тасралтгүй ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ажлын цагийг гойд сайн баримталж хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж үр бүтээлтэй ажиллаж багшийн ёс зүйг дээдэлж хамт олонтойгоо эвсэг ямар нэгэн харьцааны доголдол дутагдалгүй харьцаж ирсэн. Гэтэл 2018 оны 02 сарын 01-ний өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч С.Б- нь ажлаас чөлөөлсөн Б/11 тоот тушаалыг гаргаж ажил олгогчийн санаачилгаар намайг ажлаас халсан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, “Дархан Өргөө” политехник коллежийн захирлын баталсан дотоод журмын 5.10 дугаар зүйлийн 5.10.5 заалт, 9.2.5 заалт хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 заалт, 02 сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн. Энэ үндэслэлийг нь би эс зөвшөөрч хууль бусаар ажлаас халсан гэж үзэж шүүхэд хандаж гомдлоо гаргаж байгаа. Миний бие залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор болж саналаа үүрэг гүйцэтгэгч С.Б-, сургалтын албаны менежер Г.Батболд нарт хэлэхэд С.Б- нь уурлаж хэрэв шалгаруулалтад орох юм бол чи ажилгүй болно гэж мэдээрэй гэж заналхийлж байсан. Ингээд сургалтын менежер Г.Батболд бид хоёр сонгон шалгаруулалтад орох болж бүртгүүлж оролцсон. Сонгон шалгаруулалтын урьд орой С.Б- нь дахин дахин утас руу минь залгаж хэл амаар доромжилж байсан. Энэ үеэс эхлэн захирлын үүрэг гүйцэтгэгч нь намайг хавчиж эрүүл явахад байнга л архи уулаа гэж гүтгэн өрөөндөө дуудан шалгах болсон. Аргаа ядахдаа би үлээж шалгуулж архи уугаагүй гэдгээ нотолж байсан. Хувийн өс хонзонгийн сэдэлтээр намайг зөрчил гаргаагүй байхад ажлаас халж, цахилгаанчин Б.Ц- надтай хамт явсан миний найз гэдэг утгаар нь хэлмэгдүүлж мөн халсан. Бид хоёр ямар ч зөрчил алдаа дутагдал гаргаагүй байхад ажлын байранд архи уусан гэж гүтгэж байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалт зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу оюутан багш ажилчдын амралтын өдөр мөн ажлын бус цагаар хувийн машинаа угаалгын газар угаалгаад таксинд явах гэтэл багаж нь онгойхгүй хөлдсөн байсан. Тэдэнтэй таарч уулзаад байж байгаад цахилгаанчин Б.Ц-тай бас таарсан. Ингээд тэр үед үүрэг гүйцэтгэгч С.Б-тай сургууль дээр таараад ямар нэг үгийн солиогүй зөрөөд явсан. Жижүүр захирал ирээд дэвтэр дээр та 2-ыг архи уусан гээд бичээд явчихлаа гээд утсаар хэлэхээр нь бид хоёр очиж үзээд доор нь архи уугаагүй гэсэн тайлбараа бичээд явсан. Тэр өдрөөс хойш нэг ч удаа бид хоёртой уулзаагүй байж байгаад гэнэт хуралд дуудан оруулаад тушаал гаргасан, учир явдлыг нарийн ойлгоогүй. Тэр өдөр сургуулийн жижүүр сургууль дээр шөнө хоноход сүнс гүйгээд эвгүй байдаг юм. 100 грамм ууж зоригоо чангалж хонохоос гээд үнэртүүлсэн байсан. Жижүүрийн энэ байдалтай холбож архи уусан байна гэж биднийг гүтгэсэн. ...Иймд ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэнгээс:

...2018 оны 01 дүгээр сарын 08-аас 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд оюутан, суралцагч, багш ажилтан албан хаагчдын амралтыг тохиож, онцгой нөхцөлд гаргадаг захирлын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 тоот хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал гаргаж эргүүл жижүүрийн хуваарь гарсан. Тус хуваарийн дагуу сургуулийн захирал С.Б- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эргүүл хийж явж байхад тэр өдөр сургуулийн жижүүрээр ажиллаж байсан П.Б-, ажилтан С.Б-, цахилгаанчин Б.Ц- нар нь согтуу сургуулийн дадлагын газраас гарч явж байгаад захирал С.Б-ыг хараад баганын араар нуугдах үйлдэл гаргасан байсан яагаад согтуу явж байсан талаар захирал тодруулахад нийтээрээ амарсан байхад ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэж, жижүүрийг архидуулан, сургуулийн дадлагын газарт хувийн машинаа багаж хөлдсөн нэрийдлээр оруулж ирсэн байдаг дээрх үйлдлүүд нь сахилгын зөрчлийг давтан гаргасан хэмээн үзэх үндэслэл болж байна. Энэ тухай жижүүрийн дэвтэр дээр бичиж баримтжуулсан байдаг. Маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 08:00 цагаас дараагийн жижүүр Б.Б- ажлаа хүлээн авахад урд шөнө хоносон жижүүр П.Б- нь С.Б-, Б.Ц- бид 3 өчигдөр орой пакталсан. Тэр хоёр өчигдөр орой машинтайгаа сургууль дээр орж дадлагын газар машинаа жаахан байлгая гэхээр нь зөвшөөрч сургуулийн хашаагаар машиныг нь нэвтрүүлж, дадлагын газарт байлгаж байгаад 3-лаа ганц юм уугаад гараад ирсэн чинь захиралтай тааралдчихсан. Юм уусан байсан болохоор С.Б- гэр бүлийнхээ хүнийг дуудчихсан байсан. Захирал явсны дараахан С.Б-ын гэр бүлийн хүн ирээд машинаа бариад явсан гэж хэлсэн бөгөөд бичлэгийг захиргаа аж ахуйн менежер П.А-, жижүүр Б.Б- нар үзсэн бөгөөд тэр 3-ын архи уусныг нотолж гэрчилж байна. эдгээр үйлдлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заалт, сургуулийн дотоод журмын 5.10.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.10, 4.2.3 зүйл заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан хэмээн үзэж ажлаас чөлөөлсөн. Сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүрийг уруу татан ажлын байранд хамтран архидалт зохион байгуулсан, цахилгаанчин Б.Ц-д мөн хариуцлага тооцон 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан П.Б- сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байран дээр бусадтай хамтран ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн тул ажлын хариуцлага алдан ноцтой зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн учир 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээг цуцалж ажиллуулахгүй болсон. ....Иймд С.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ын хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б-  давж заалдсан гомдолдоо:

            ...CD бичлэгт архи уусан согтуурсан үйл баримт байхгүй байхад архи уусан байсан гэдэг нь бичлэгээр нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба харин ч намайг гүтгэсэн байна гэж үзэж байна. Шүүхийн нотлогдон тогтоосон байна гэж үзэж байгаа нотлох баримтууд нь намайг архи уугаагүй гэдгийг нотолсон баримт байхад эсрэгээр нь үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Намайг архи уусан гэж ажлаас халчхаад архи уусан гэдэг нь тогтоогдохгүй болохоор архидалт зохион байгуулсан гэсэн үндэслэлийг шинээр бий болгож байна. Ямар үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, үнэлсэн нотлох баримт бодит дүгнэлттэй нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Захирлын зөвлөлийн хурал хуралдах гэж байгаа талаар бидэнд хэлж дуулгалгүй өөрсдөө хаалттай байдлаар хуралдаж ажлаас халах шийдвэр гаргасан. Шийдвэрийг сүүлд нь тушаал гарсны дараа тушаалаас харж мэдсэн. Намайг хуралд оруулж тайлбар авч миний үгийг сонсоогүй зөвхөн захирлын үгээр асуудалд хандаж үндэслэлгүй шийдвэр гаргаж хурлын тэмдэглэлээ засаж залруулж шүүхэд баримт болгон өгсөн байна. Сургуулийн камерын бичлэг бүх болсон явдлыг үнэн зөвөөр гэрчлэх ганц баримт. Бичлэгт бид архи ууж, согтуу яваад захирал бидэнтэй уулзаж архи уусан эсэхийг тогтоогоод байгаа үйл явдал байхгүй байхад гэрч А- бодит бичлэгтэй зөрсөн худал мэдүүлэг өгч хэлсэн мэдүүлэг нь үндэслэлгүй байхад шүүх үнэлсэн. Шүүгч бичлэг гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгааг анхааран үзэлгүй илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг нягтлан шалгаж болсон үйл явдал бодит байдалд тулгуурлан хэргийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.Б- “Дархан-Өргөө” политехник коллежид холбогдуулан  “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Дархан-Өргөө” политехник коллеж эс зөвшөөрч маргасан  байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

            Ажилтан С.Б- ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Дархан-Өргөө” политехник коллежид Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик  хариуцсан  ажилтнаар ажиллаж байсан,  тус сургуулийн захирлын   2018 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн  Б\11 тоот тушаалаар  Хөдөлмөрийн хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн  40.1.4 дэх заалтууд, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн  түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалж,  ажлаас чөлөөлсөн байна.

            Зохигчид нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  ажлын байранд  согтуугаар ирсэн, архидалт зохион байгуулсан  зөрчил гаргасан эсэх талаар маргаж байгаа болно.

            С.Б-ыг ажлын байранд согтуугаар ирсэн нь тогтоогдоогүй байхад  шүүх гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбар, хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл, CD бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж  дүгнэсэн нь  буруу бөгөөд нэхэмжлэгч  давж заалдсан гомдолдоо  энэ талаар дурджээ.

            Шүүхийн дээрх алдаа зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэлүүд биш байна.

              Харин  С.Б- нь ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэж байсан тус сургуулийн  жижүүр  ажилтай  П.Б-д түүний хүсэлтээр архи авчирч өгсөн, задалж хундагалсан үйл баримт нь П.Б-гийн “...би уг өдөр жижүүрээр ажиллаж байсан..., ...С.Б-  над руу залгаад машинаа гараашид тавья  угаалгасан чинь  багаж  хөлдчихлөө, гэсгээх гэсэн юм гэж ярьсан. Тэгэхэд нь би ахдаа  ирэхдээ ганц шил архи аваад ирээч гэж хэлсэн, сургуулийн гадаа машинтайгаа ирсэн, би машин дотор арын суудал дээр сууж, тэр хоёр надад архи хундагалж өгсөн,  2,3 татаад үлдэх архийг аваад буусан ...”  гэж  мэдүүлснээр тогтоогджээ.

            Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн   7.1.4 оюутан, сурагчдын  хичээлийн болон нийтийн байр, 7.1.7  галт тэрэг, авто тээвэр...  зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэсэн  зохицуулалт байдаг.

            Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т “...ноцтой зөрчил... гэж дараах зөрчлийг ойлгоно...,  ... Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар  архидалт зохион байгуулсан”  гэж  харин энэ зөрчил гаргавал  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан  тохирсон байна. \хх-52 дугаар тал\

            Ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч  өөрийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас  чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  нийцсэн  гэж үзнэ.

            “Дархан-Өргөө” политехник коллежийн  захирлын 2018 оны 01 дүгээр сарын  04-ний өдрийн А\01 дугаар тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүрээр ажиллах ажилтны нэрсийг  гаргасан  нь хэрэгт нотлох баримтаар авагдсаныг дурдах нь зүйтэй.

            Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гаргасан  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                С.ЭНХЖАРГАЛ