Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1462

 

 

 

 

 

 

 2023         11          27                                       2023/ШЦТ/1462

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

Улсын яллагч Я.Болортуяа,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Гид холбогдох 2306 04822 3326 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, Цагаан хуаран хотхонд харуул хамгаалалтын ажилтай, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 1-2 тоотод оршин суудаг, Нийслэлийн шүүхийн 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,  1982 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Дын Г /РД: /.

Хэргийн товч агуулга:

Д.Г нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмийн ургамлын 1-2 тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Э.Булганжаргалыг бэлгийн харилцаанд орохгүй гэсэнд уурлаж, түүний нүүр, бие хэсэг рүү гараараа цохиж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Д.Г нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмийн ургамлын 1-2 тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Э.Булганжаргалыг бэлгийн харилцаанд орохгүй гэсэнд уурлаж, түүний нүүр, бие хэсэг рүү гараараа цохиж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Булганжаргалын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамлын 1-2 тоотод 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Г, хуурай дүү Отгонбүрэний хамт гурвуулаа байсан. Тэгээд миний төрсөн өдөр болж байсан тул 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, 0.5 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед бид гурав унтах гээд хэвтсэн. Шөнө унтаж байхад намайг хамтран амьдрагч Г намайг татаад хоёулаа бэлгийн харилцаанд оръё гэхээр нь би “Чи согтуу байна, үгүй” гэсэн чинь Г уурлаад миний хоёр гуяны дотор талаас базаад баруун талын гарын булчин хэсэг pүү хэд хэдэн удаа цохихоор нь би Отгонбүрэнийг дуудаад би өөрөө ухаан алдсан. Тэгээд хэсэг ухаан алдаад үүрээр сэрэхэд миний баруун талын чих сэтэрсэн, уруул бас сэтэрсэн цус гарсан байсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.07-08, 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Номинцэцэгийн өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед манай нөхөр Энхманлай над руу залгаад ээж Булганжаргал дээр очоод ир утсаар залгаад хүнд зодуулсан гээд байна гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Булганжаргал ээж дээр очиход ээж айлд Гид зодуулсан гээд баруун чихнээс цус гарсан, уруулаас нь бас цус гарсан байхаар нь би түргэн дуудсан. Ээж Г хоёр хамтран амьдраад 8 жил болж байна...” мэдүүлгүүд /хх.15-16/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12129 дугаартай: 1. Э.Булганжаргалын биед баруун хөхлөг сэртэн, баруун чих, доод уруулд шарх, баруун хацар, бугалга, шуу, сарвуу, ташаа, цавь, зүүн өгзөгт цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх.26-27/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.30/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.31/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.38-41/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Гийн яллагдагчаар өгсөн: “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” мэдүүлгүүд /хх.45/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.53/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Булганжаргал нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Гид 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Д.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Гид дээрх хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Д.Гид 1 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лхагвасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Дын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гид 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Гид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Гид сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Булганжаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР