Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1476

 

 

 

 

 

 

 2023         11          29                                       2023/ШЦТ/1476

  

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгч Л.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Чд холбогдох 2306 00000 3322 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 2, охины хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын 43 дугаар гудамжны 73 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ховогт Лгийн Ч /РД: /.

Хэргийн товч агуулга:     

Л.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, толгой руу нь шилээр цохих зэргээр зодож, улмаар биед нь баруун зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацрын төвгөр, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ч өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

          Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Л.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэлмэн” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Эрдэнэчимэгтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа, толгой руу нь шилээр цохих зэргээр зодож, улмаар биед нь баруун зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацрын төвгөр, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтол /хх.01-03/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.05-06/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.07/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хавдрын эмнэлэг нь ахмад ажилчдаа хүлээн авч арга хэмжээ зохион байгуулаад баярын хурал хийгээд 16 цаг өнгөрөөгөөд тараасан. Тэгээд би хуучин хамт ажиллаж байсан 3 эмэгтэй ахмад ажилтантай хамт Хавдрын эмнэлгээс караокены хоёрдугаар давхарт гараад бид 4 хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Удалгүй Наранцэцэг, Биндэрмаа хоёр гараад гэртээ харихаар яваад өгсөн, харин би намайг зодсон гэх Л.Чтэй үлдээд үргэлжлүүлээд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад Ч бид хоёр хоорондоо ярилцаад Энэбиш гэх нэртэй хуучин хамт ажиллаж байсан хүнийг дуудахад Энэбиш бид хоёрын сууж байсан газарт хүрээд ирсэн бөгөөд найзуудаараа уулзаж байгаа юм гээд Энэбиш нэмээд нэг шил архи аваад уугаад суусан. Тэгээд удалгүй гэнэт Ч уурлаад ширээн дээр байсан архины шилийг баруун гартаа бариад намайг нэг удаа толгой хэсэгт тухайн архины шилээрээ цохихоор нь би хариу хэлэхдээ “яаж байгаа юм бэ? өвдөж байна” гэхэд үргэлжлүүлээд тухайн шилээрээ миний толгой хэсэгт олон удаа цохиж байгаад шууд гараад яваад өгөхөд Чий араас нь Энэбиш гарсан бөгөөд энэ хоёр эргэж орж ирээгүй. Харин миний толгойноос их цус гарсан байхад тухайн байгууллагын үйлчлэгч хүүхдүүд ирээд надаас юу болсон талаар асуугаад “цагдаа түргэн дуудлаа” гэхэд “хэрэггүй” гэж хэлээд цагдаад дуудлага өгүүлээгүй. “Зүгээр л намайг Хавдрын хүлээн авах дээр хүргээд өгчих, би тэнд ажиллаж байсан болохоор очоод боолт хийлгэнэ” гэж хэлээд Хавдрын эмнэлэг дээр очоод жижүүрийн эмч дээр очоод үзүүлэх үед “оёдол тавих хэрэгтэй, та Гэмтлийн эмнэлэг ор” гэж хэлээд намайг явуулсан болохоор би Гэмтэл дээр очоод толгойдоо оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энэбишийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв ахмадуудаа жилд 1-2 удаа хүлээн авч уулзаж хүлээн авч байгаад үйл ажиллагаа тарсны дараа Эрдэнэчимэг, Ч нар намайг дуудаж гадаа ресторанд хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очтол тэр 2 хоёулхнаа байсан. Тэгээд бид нар нийлж 1 шил, 0.5 граммын архи 3 ширхэг ус авсан. Тэгээд бид хамт авсан архиа ууж байгаад нэг харсан чинь Эрдэнэчимэгийн толгойноос цус гараад байсан. Тэгэхээр нь би “яадаг хог вэ” гэж бодоод Чий араас нь гарахад Ч байхгүй байсан. Тэгэхээр би ресторанаас яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12726 дугаартай:

1. Д.Эрдэнэчимэгийн биед баруун зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацрын төвгөр, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гаргасан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх.24-25/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Чий яллагдагчаар өгсөн: “... хяналтын камер үзлээ, би мөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... ” гэх мэдүүлэг /хх.42/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.47/,

Хохирогчийн гомдолгүй тухай цахимаар ирүүлсэн зурвасын хуулбар /хх.48/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.51/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Эрдэнэчимэг нь хохиролд 300.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Чийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Л.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасан байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Чийг ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Л.Чий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй, ахмад настай шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгчийг чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Лгийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Л.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

          3. Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Эрдэнэчимэг нь хохиролд 300.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Чд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР