Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1407

 

 

 

 

 

 

2023         11          13                                        2023/ШЦТ/1407

 

                                М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ /томилолтоор/,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох 2306 00000 2736 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55а байрны 38 тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан, М овогт Мы М /РД: /.

Хэргийн товч агуулга:     

М.М нь 2023 оны 08 дугаар сарын 28-аас 2023 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сити" караокены гадна Э.Эрдэнэнарантай маргалдан нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хүн намайг өөрөө түрүүлж агсам тавьсан гэж худал мэдүүлсэн байна. Өөрөө тасарсан байсан. Намайг түрүүлж 2 удаа цохисон. Би аргагүй хамгаалалтын улмаас нэг цохисон. Энэ хоёр хүний мэдүүлгээс харахад намайг агсам тавьж эхэлж цохисон гэж мэдүүлсэн байна. Миний цохисны улмаас болж хүний биед гэмтэл учирсныг хүлээж зөвшөөрч байна. Би 2 цохиулаад гурав дахь удаа цохиулаад надад ямар ч гэмтэл учирч магадгүй байсан тул өөрийгөө хамгаалж цохисон. Цаашдаа хохирол төлбөр нэхэмжилбэл төлнө.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.05-07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрдэнэнарангийн өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн найз охин болох М.Цэрэндуламтай Улаанбаатар их дэлгүүрт 23 цагийн орчимд уулзсан. Бид 2 манай найз охины эрэгтэй найзууд болох Түвшин, М хоёртой уулзаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Сити гэх караоке луу такси барин ирсэн. Караокед ороод хүний 1 шил пиво уугаад гарах гэтэл М гэх найз нь пивоны шил хагалаад орилоод байсан. 1 цаг авсан apaac гарч ирээд бид 2-ыг пизда гэх үгээр доромжилж орилоод байсан. Би Мтай муудалцаад заамдалцаад зогсож байтал манай найз охин бид 2-ыг салгасан. Яг тэр үед М миний нүүр лүү хүчтэй цохисон. Миний нүднээс цус гараад их өвдөж байна...” гэх мэдүүлэг /хх.11/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Цэрэндуламын өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед найз залуу болох Эрдэнэнарантай уулзаад байж байтал манай 2 найз Түвшин, М хоёр залгаад ойрхон явж байгаа юм байна гээд өөрсдөө хүрээд ирсэн... М замдаа караоке орох санаа гаргаж Цайз захын урд байсан Сити караоке луу явсан. 1 цаг орчим сууж байгаад М агсам тавиад ширээн дээр байсан шилтэй пиво хагалаад байсан болохоор манай найз залуу намайг аваад бид 2 гэртээ харих гээд гартал араас гарч ирээд доромжлоод байсан. Манай найз залуу Мтай муудалцаад барьцалдаад автал би салгасан. Салгасны дараа М манай найз залуугийн нүд рүү цохисон. Би тухайн үед юугаар цохисныг хараагүй. Миний бодлоор бөгжтэй гараараа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх.13/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Түвшиний өгсөн: “М бид хоёр такси бариад Хүүхдийн 100-д очоод Цэрэндулам болон түүний нөхөр Эрдэнэнаран нартай уулзаад бид 4 буцаж такси бариад Цайз 16-н Сити нэртэй караокед орсон... Тэгээд караокены гадна гарч ирээд Эрдэнэнаран нь М руу үг хаяад “Чи муу бацаан минь” энэ тэр гээд дайрч байснаа Мтай барилцаж аваад цохихоор нь би очоод салгатал М Эрдэнэнаранг зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа цохисон. Гэтэл Эрдэнэнарангийн зүүн хөмсөг сэтрээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/, 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч О.Нансалмаагийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10949 дугаартай:

“1. Э.Эрдэнэнарангийн биед зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн: “... Би Эрдэнэнарангийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Хүлээн зөвшөөрч байна. Би тухай өдрөөс хойш хохирогчтой холбогдоод дүгнэлтээ харж байгаад тохиролцье гэсэн боловч 2023 оны 09 дүгээр сарын эхээр эхнэртэйгээ Унгар улс руу явчихсан гэж ээж нь хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.30/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.34/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.35/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.44-58/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.М нь 2023 оны 08 дугаар сарын 28-аас 2023 оны 08 дугаар сарын 29-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сити" караокены гадна Э.Эрдэнэнарантай маргалдан нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан үйл баримтын нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, М Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Э.Эрдэнэнарангийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.М нь хохирогч Э.Эрдэнэнарангийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулжээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

М.М нь иргэн Э.Эрдэнэнарангийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн М Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч М.Мын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Эрдэнэнарангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Э.Эрдэнэнаран нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч М.Маас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

М.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

М.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

М.Мд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

М.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М овогт Мы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Мд оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Э.Эрдэнэнаран нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч М.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР