Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ы Эт холбогдох эрүүгийн 2317000000097  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, ........... дугаар баг .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Э-ы Э /РД:................./

                                                                     Холбогдсон хэргийн талаар:

     /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны .....-р байрны ........ тоот гэртээ Ц.Чтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, цээж, нуруу хэсэгт хүүхдийн дугуйгаар цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хөхөнд зулгаралт, баруун дээд зовхи, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос дүү болох Ц.Чийн хамт Говьсүмбэр аймагт байрлах гэртээ  ирсэн. 09 дүгээр сарын 25-ны өдөр би Шивээговь сум руу айлд очиж ямаа самнах болоод дүү Чт хандаж энэ талаараа хэлтэл би хамт явья гэсэн. Одоо очих айлын нөхөр нь архи уудаг хүн байгаа, чи бас архинд дуртай та 2 хамт уугаад айлын эхнэр уурлах байх гэсэн. Тэгтэл миний өөдөөс хөөчих юм байна л даа пизда чинь гэсэн. Би хариуд нь ээжид чинь хэлнэ шүү гэтэл надад хэн ч үйлчилдэггүй юм шүү пизданууд минь гэхээр нь би хөлөөрөө 1 удаа жийсэн боловч оноогүй тэгтэл нөгөө өрөө рүү яваад орсон. Би түүний араас очоод тоос сорогчоо шидтэл оноогүй. Тэгээд миний өөдөөс хэрэлдээд байхаар нь том өрөөнд байсан хүүхдийн 3 дугуйтай унадаг дугуйгаар түүний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл Ц.Чийн нүүрний хамар хэсгээс цус гарсан. Би 00 цаас аваад цусаа арч гэтэл арчихгүй гээд гэрээс гараад явсан. Би удалгүй хүүхдээ дагуулаад Сүмбэр гарден орж тоглуулаад гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

2. Хохирогч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 22-ны орой Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт Э эгчийнд амрах гэх ирсэн юм. 09 дүгээр сарын 25-ны өдөр Э эгчийн гэрт байх үед хүүхэд нь миний гар утсыг авах гээд уйлаад байсан. Би Э эгчид хандаж би айлын хүүхэд загнаж чадахгүй, та хүүхэддээ хэлээд өгөөч гэтэл миний өөдөөс уурлаад чи миний охиныг надаар загнуулах гэлээ гээд уурлаад байсан. Тэгээд 13 цагийн орчим би Улаанбаатар хот руу буцахаар өөрийн хувцас эд зүйлээ бэлдээд байж байтал Э эгчийн охин миний нуруу руу гараад тоглоод байж байтал Э эгч хүүхэддээ хандаж наад нуруунаас нь буу, чамайг паар мөргүүлээд унагаана гэж ууралсан. Тэгэхээр нь би Э эгчид хандаад та юу гээд байгаа юм бэ, би одоо угаасаа явлаа гэхэд миний ар нуруу руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би уурлаад өөрийн эд зүйлээ аваад жижиг өрөө рүү нь ороход миний араас ирээд хүүхдийн жижиг 3 дугуйгаар миний нуруу хэсэгт 2-3 удаа цохиод миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Би Улаанбаатар хотод хамрын зураг авахуулахад хугарсан байна гэсэн. Би хамрын эмчилгээнд 2 сая төгрөг, хамрын зураг авахуулсан 45000 төгрөг, Улаанбаатараас Говьсүмбэр аймагт ирсэн болон буцсан зардалд 85000 төгрөг, шүүх шинжилгээний эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 2.138.000 төгрөг нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

3. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Э.Эийг 4-5 жилийн өмнөөс танина. Би Хонхорын 15-р байрны 2 давхарт зэргэлдээ хаалганд амьдардаг манай хөрш охин байгаа юм. Их эелдэг, зөөлөн, архи дарс уудаггүй, их цэвэрч орцныхоо давхарыг хүртэл цэвэрлэдэг охин байгаа юм. Гэр орондоо хүн цуглуулж орилж, хашгираад байдаггүй... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

4. Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 246 дугаар дүгнэлтэнд:

Э.Эийн биед баруун зүүн сарвууны хуруунд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /

5. шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №12288 дугаартай дүгнэлтэнд:

Ц.Чийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нуруу, зүүн хөхөнд зулгаралт, баруун дээд зовхи, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн хөхөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүссэн байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Цолмон гэжээ. /х.х-ийн 31-32 хуудас/

           6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: шүүгдэгч Э.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны ........тоот гэртээ Ц.Чтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, цээж, нуруу хэсэгт хүүхдийн дугуйгаар цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хөхөнд зулгаралт, баруун дээд зовхи, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Э.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №12288 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлийн таагүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэснээс үйлдсэнээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Э.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг гаргажээ.

Шүүгдэгч Э.Эт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Э.Эт ял шийтгэл оногдуулахдаа түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээс гэмшиж байгаа нөхцөл байдал, бага насны  хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2317000000097 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна. Хохирогч Э нь эмчилгээний зардал болон бусад зардалд 2.138.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зүйлгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсний дараа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Э-ы Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Хохирогч Ц.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ