| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1479 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.АЗЗАЯА |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1479
2023 11 29 2023/ШЦТ/1479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Д.Аззаяа,
Хохирогч С.Гэрэлжаргал,
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Н.Эт холбогдох 2306 00000 2841 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “Нью Тур” ХХК-д хяналтын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2-1 дүгээр байрны 20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Өовогт Намсангийн Э /РД: /.
Хэргийн товч агуулга:
Н.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Хорго хотхоны 2-1 дүгээр байрны 20 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Гэрэлжаргалтай “манай дүүгийн хуримд явсангүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр хэсэгт нь олон удаа өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож эрүүл мэндэд нь хамрын хянга, хоёр хажуу хананы сэлтэрсэн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гэрэлжаргал өгсөн мэдүүлэгтээ: “8 дугаар сарын 26-ны өдөр маш сайн өдөр буюу хурим найр давхацсан өдөр. Тэр өдөр манай нөхрийн ахынх нь хүүхдийн хурим байсан. Би ажлын шалтгаанаар явж чадаагүй. Тэгээд орой иртэл манай нөхөр согтуу үүдэнд унтсан байсан. Би чимээгүй өрөөндөө ороод унтсан. Өглөө манай хүн нойл орчхоод хажуугаар ороод унтсан. Тэгээд сэрээд бид хоёр маргаад манай нөхөр 10 гаран удаа хамар руу өшиглөсөн. Тэгээд толгой манараад явсан. Манай хүн ажил руугаа явсан. Би хүүхэдтэй тул цагдаагаар явна гэж бодоогүй. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан чинь хугарсан байна. Яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Би энэ хүнийг өөгшүүлээд байвал болохгүй юм байна гэж бодсон. Урьд нь цохиж зодож байсан. 2019 онд хавирга хугарахад цагдаад хандаж байсан. Хэрэг үүсээгүй. Би гомдолгүй гээд өргөдлөө буцаасан. Өөр цагдаад хандаж байгаагүй. Согтуу орж ирэхэд нь эрүүлжүүлэх гэж цагдаад хандаж байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. 2.730.000 төгрөг авсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.07/,
Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх.09-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Гэрэлжаргалын өгсөн: “... тухайн өдрийн өмнөх өдөр нь хадам дүүгийн хурим болон манай байгууллагын 5 жилийн ой давхацсан. Тэгэхээр нь би хуримд яваагүй ойн баяртаа явсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь буюу 2023 онь 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд нөхөр Э нь өөрийн хамаатан садны хуримд явсангүй гэх мэтээр надад уурласан, энэ байдлаас маргалдаад зэрэгцээд хэвтэж байтал босож ирээд Э нь гэнэт миний нүүр лүү 10-15 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд л миний нүүрнээс цус нөж гараад сууж байтал намайг харж байгаад юу ч болоогүй явчихсан. Тэгээд цагдаа дуудахаас өмнө шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан... Би тухайн үед эмнэлгээр яваад надаас зөндөө их мөнгө гараад хүмүүсээс мөнгө зээлээд эмчилгээ хийлгэсэн бөгөөд тэрийгээ Эт хэлэхэд надад өгсөн, нийтдээ 1.500.000 төгрөг авсан... Би Этай 5-6 жилийн хугацаанд хамтран амьдарч байхдаа буюу жирэмсэн байхдаа зодуулж байсан. Төрснийхөө дараа 4 сартай байхдаа намайг зодож миний хавиргыг хугалж байсан. Мөн миний үснээс зулгаагаад зодож байсан гэх мэт олон удаа надад гар хүрч байсан. Э нь эрүүл үедээ ч тэр түргэн уурлаж бухимддаг хүн...” гэх мэдүүлэг /хх.25-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... тухайн өдөр би охиныхоо төрсөн охин Долгормааг харж байсан бөгөөд тэр өдрийн шөнө нь охин Гэрэлжаргалын хамтран амьдрагч Э нь согтуу орж ирээд унтчихсан байсан. Би тэр өдрийнх нь өглөө нь босоод сууж байтал Эрдэнээ босоод өрөө лүүгээ орох шиг болсон, тэгээд гэрээс гараад эмийн сан руу эм аваад зогсож байтал миний утас дугараад охин Гэрэлжаргал нь над руу залгаад “Та хурдан ороод ирээч, Эрдэнээ алах гээд байна, цагдаа дуудаад өгөөч” гэхээр нь би эмийн сангаасаа шууд гараад гэрт орж иртэл Эрдэнээ байхгүй Гэрэлжаргалын хамар амнаас нь баахан цус гарчихсан байсан ба би цагдаа дуудаж мэдэхгүй учраас эгчид нь залгаад хэлэхэд удалгүй орж ирээд гэмтэл явъя гэж хэлээд дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.29/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11055 дугаартай:
“1. С.Гэрэлжаргалын биед хамрын хянга, хоёр хажуу хананы сэлтэрсэн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.35-36/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.58/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн: “... би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх.59/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.99-100/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Н.Эын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.60/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.62-94/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Н.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны 2-1 дүгээр байрны 20 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч С.Гэрэлжаргалтай “манай дүүгийн хуримд явсангүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүр хэсэгт нь олон удаа өшиглөх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож эрүүл мэндэд нь хамрын хянга, хоёр хажуу хананы сэлтэрсэн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт хамар. хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.Гэрэлжаргалын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “хамрын хянга, хоёр хажуу хананы сэлтэрсэн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Э нь хамтран амьдрагч С.Гэрэлжаргалын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Н.Э нь иргэн С.Гэрэлжаргалын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Н.Эын гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Гэрэлжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Э хохиролд 2.780.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч С.Гэрэлжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Н.Э гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Н.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Н.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Н.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өовогт Намсангийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр хүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Эт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Эт сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.780.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч С.Гэрэлжаргал энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд шүүгдэгч Н.Эаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР