Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Э.Нэргүй,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .............

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овогт Б-ийн Бд холбогдох эрүүгийн 2317001170099  дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын ......... дугаар баг, Баянбулагийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, И овогт Б-ийн Б /РД:.............../

                                                                    Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 3-305 тоотод байх Ц.Мийн гэрт өөрийн дүү Б.Бг хүү Б.Гг авсангүй гэж уурлаж, улмаар өөрийн төрсөн хүү гэр бүлийн хамаарал харилцаатай, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болох 1 нас 2 сар 5 хоногтой Б.Гг гэрийн үүд рүү шийдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317001170099 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би өчигдөр өглөө Уулзварын 1 дүгээр гудамжны зүүн үзүүрийн эзгүй хашаанд найз Н архи уусан. Тэндээсээ гэртээ хариад унтаж байгаад 15 цагийн үед дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай 1 шил Хараа нэртэй архи аваад гэртээ ирж эхнэр Д.Б, дүү Б, түүний нөхөр М нартай хувааж уусан. Б М нар хоорондоо маргалдаад байхаар нь гэртээ ор гэтэл Б орохгүй, архи дуусгаж байж явна гээд надтай маргасан. Нэг мэдэхэд гурвалжин дөрвөлжин хэрүүл болоод цагдаа ирсэн байсан. Миний буруу гэх мэдүүлэг. /хх-ийн 5 хуудас/

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын газарт хүүхдийн эрхийн улсын байцаагчаар ажилладаг. Б.Б, Д.Б нар нь архины хамааралтай, хүүхдийн эсрэг хүчирхийллийг удаа дараа үйлдэж байгаа, үр хүүхдээ хайхардаггүй, манай байгууллага болон Сүмбэр сумын хамтарсан багийн байнгын хяналтанд байдаг айл байгаа юм. Б.Б, Д.Б нар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул тэдний хүүхдүүд болох Б, Г нарыг миний санаж байгаагаар 2022 онд 1 удаа 20 хоног, 2023 онд 1 удаа 6 хоног манай байгууллагын түр хамгаалах байранд хүлээн авч байсан. Энэ асуудал удаа дараа болж байгаа. Энэ айлыг Сүмбэр сумын хамтарсан багаас зохион байгуулж байгаа “Хүчирхийлэлгүй гэр бүл-Хүчирхийлэлгүй ирээдүй” гэх аянд сонгогдоод оролцож байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Өчигдөр Б айлд архи ууж гэртээ ирчихээд унтаж байгаад 18 цагийн үед гарч дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи авчраад Бий дүү Б түүний нөхөр М бид 4 хувааж уусан. Бд аягалаад өгтөл бага хийлээ гээд маргаан үүссэн. Б гэртээ орчихоод буцаж орж ирэхдээ манай баг хүү Г гэрийн үүдэнд мөлхөж байтал гаран дээр нь гишгэсэн. Би хараад хэлтэл гишгээгүй гээд байсан. Б ахтайгаа муудаад танай авгай бүх архи уусан, би уугаагүй шүү гээд хэрэлдээд байсан. Тэгээд манай гэрээс гарах гэж байгаад үүдэнд хаалганы зүүн хатавч түшээд зогсож байсан Г-г хөлөөрөө түлхээд унагаачихсан. Тэгснээ 108 руу залгаад Б, Б 2 хүүхдийн дэргэд архи уугаад хүүхдээ зодоод байна хүүхдээ аваад шидчихсэн гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэр орой Б.Б, Д.Б нар гэртээ муудалцаад байсан. Өдөржин уусан. Б.Б 18 цаг өнгөрөөгөөд бага хүү Г-гээ тэврээд манайд ороод ирсэн. Би бууз чимхээд зүүн талынхаа буйдан дээр сууж байтал Б ах энийг авч бай гээд над руу хүүхдээ шидсэн. Би хүүхдийг нь аваад буцаагаад өгсөн. Тэгтэл Б ах тэгвэл гаргаад шидчихье гичий минь гээд хүүхдээ гэрийн хаалга руу шидчихсэн. Хаалга онгорхой байсан, хүүхэд нь босгон дээр нүүрээрээ унасан. Баруун билүү зүүн нүдний чамархай хэсэгт зулгарчихсан байсан. Хүүхэд нь уйлаад би хүүхдийг нь аваад шууд 108 руу залгаж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар хуудас/

5. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэр орой би 18 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл Б, Б нар архи ууж байсан. Гэртээ хэрэлдээд байгаа нь сонсогдож байсан. Тэгтэл Б манайд бага хүүгээ тэврээд согтуу ороод ирсэн. Тэгснээ Бд хандаад энийг ав гээд хүүхдээ өгтөл Б би хоол хийж байна гээд буцаагаад өгсөн. Тэгтэл Б тэгвэл гаргаад шидчихгүй юу гээд хүүхдээ гэрийн хаалга руу шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 233 дугаартай дүгнэлтэд:

-Б.Ггийн биед зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. (хх-ийн 19-20 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56 дугаар хуудас)

8. Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33, 34 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн ........... тоотод байх Ц.Мийн гэрт өөрийн дүү Б.Бг хүү Б.Гг авсангүй гэж уурлаж, улмаар өөрийн төрсөн хүү гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болох 1 нас 2 сар 5 хоногтой Б.Гг гэрийн үүд рүү шийдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-ийн мэдүүлэг, гэрч Б.Б, Ц.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 237 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Б.Б Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Сүмбэр сумын 3-р баг, Баянбулагийн 3-305 тоотод байх Ц.Мийн гэрт өөрийн дүү Б.Бг хүү Б.Гг авсангүй гэж уурлаж, улмаар өөрийн төрсөн хүү гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болох 1 нас 2 сар 5 хоногтой Б.Гг гэрийн үүд рүү шийдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн чамархай, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Б.Б насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Б.Б, Ц.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 233 дугаартай насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн биед хөнгөн хохирол учруулсан тухай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б-ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-ийг нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар яллах дүгнэлтэнд зүйлчлэн ирүүлснийг дурдав.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И овогт Б-ийн Бат-Эрдэнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

                                                                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ