Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00761

 

“Б у” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1575 дугаар магадлалтай,

“Б у” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

“Б з ө б ц т с” ТӨХК-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8,960,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Б у” ОНӨААТҮГ-аас “Б з ө б ц т с” ТӨХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 18,111,404 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-иас 4,455,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Багануур-Ус” ААТҮГ-т олгон, үлдэх 4,505,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 4,455,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86,230 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1575 дугаар магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй тул энэхүү гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...“Б у” ААТҮГ нь “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Яч-№38-ын 6 кв-ын утас унаж 0.4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгааны гэмтэл гарсны улмаас “МИКРОМАСТЕР-430” төхөөрөмж шатсан, уг төхөөрөмжийг 7,700,000 төгрөгөөр засварлуулсан, тохируулгыг 550,000 төгрөгөөр хийлгэсэн, 100 вт-ын 5 ширхэг гэрэл шатсан, гэрлийг 660,000 төгрөгөөр худалдан авсан, төхөөрөмжийг засварлуулахаар явахад 50,000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” хэмээн нэхэмжлэгчийг шаардах эрхийг хангаж үзсэн хэрэн нэхэмжлэлийн шаардлагын 4,455,000 төгрөгийг буюу тал үнийн дүнгийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодит хохиролд 8,960,000 төгрөг тогтоогдоод байхад тус үнийн дүнгийн талыг хангасан нь үндэслэлгүй болсон бөгөөд тус компани нь гэм буруутай болох нь тогтоогдож Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй нь илэрхий байхад үндсэн хохирлын тал үнийн дүнг ханган шийдвэрлэсэн нь алдаатай байна.

4.2. Мөн түүнчлэн 2019.08.12-ны өдөр хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын эзэмшлийн Яч-№38-ын 6кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж “Багануур-Ус” ААТҮГ Хэрлэн станц дотор хэрэглээний 0.4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгаан гэмтэл гарсан, үүнээс үүдэн төхөөрөмж шатсан үйл баримтууд тухайн өдрийн хоёр байгууллагын инженерүүдийн мэдээлэл, фото зургаар баталгаажуулсан үйл баримтууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хөрөнгийн гэм хорд хариуцагч буруутай болох нь тогтоогдсон байхад шүүх хоёр байгууллага хувааж төлөх ёстой хэмээн шийдвэрлэсэн нь хохирсон байгууллагыг эрх ашгийг дордуулж шаардах эрхийг хязгаарлаж байгаа тул шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2019.08.12-ны өдөр “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Багануур салбарын эзэмшлийн Яч-№38-ын 6Кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж, Хэрлэн станцын дотор хэрэглээний 0.4Кв-ын агаарын шугаман дээр тохогдсон байсан. Энэ гэмтлийг шугамын үзлэгт явсан хариуцагч компанийн ээлжийн техникч Ганхуяг илрүүлэн устгаагүй үедээ төвийн станц Яч-№38-д хүчдэл залгах зөвшөөрөл өгч 6Кв-ын агаарын шугаманд хүчдэл өгснөөр манай 2-р өргөтгөлийн станцын Микромастер-430 хийцийн давтамж хувиргагч, гадна талбайн гэрэлтүүлгийн 5ш 100вт лед гэрэлтүүлэг хэт хүчдэлийн нөлөөлөлд автан шатсан болохыг 2018.08.13-ны өдөр Техникийн комисс гарч газар дээр нь үзлэг хийж тогтоосон. Хариуцагч нь гэмтэлтэй холбоотой хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа тул 18,111,404 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Микромастер төхөөрөмжийн удирдлага 7,750,000 төгрөг, гаднах гэрэлтүүлэг 600,000 төгрөг, ажлын хөлс 550,000 төгрөг, зардал 50,000 төгрөг, нийт 8,960,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

Хариуцагч: “...гэмтлийн улмаас “Б у” ААТҮГ-ын худгийн давтамж баригчтай хөдөлгүүр гэмтсэн тухай мэдэгдсэн. 2019.08.13-ны өдөр 2 талаас бүрдсэн бүрэлдэхүүнтэй  комисс Хэрлэн станц дээр очиж газар дээр нь үзэхэд гэмтсэн гэх төхөөрөмж нь давтамж баригчтай төхөөрөмж биш давтамж хувиргагч төхөөрөмж болохыг мэдсэн. Үүнээс гадна төхөөрөмжид үзлэг хийхээс өмнө бүрэн задалсан байдалтай байсан тул гэмтлийг тодорхойлох, дүгнэлт гаргах боломжгүй болсон байсан. ...энэ асуудлыг хоёр тал ярилцаад хохирлыг хувааж төлөхөөр тохиролцсон. ...нэхэмжлэгч нь холбогдох гэрээ, дүрэм, журамд зааснаар хохирлын актыг баталгаажуулаагүй, хохирлын хэмжээг хэт өндрөөр үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

Анхан шатны шүүх “...эд хөрөнгөд гэм хор учирсан гэх үйлдэл, эс үйлдэхүйд хангагч, хэрэглэгч талууд хоёулаа буруутай гэж үзэн хариуцлагыг адил тэгш ногдуулж, нэхэмжлэлийн шаардлагын 50% болох 4,455,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ...хариуцагч гэм буруутай болох нь бүрэн тогтоогдсон байхад хохирлыг хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

Зохигч 2019.01.02-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, гэрээний дагуу хангагч буюу “Б з ө б ц т с” ТӨХК нь хэрэглэгч буюу “Б у” ОНӨААТҮГ-ыг цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээсэн.

Гэрээ хэрэгжих явцад буюу 2019.08.12-ны өдөр гэмтэл гарч, хариуцагч гэмтлийг илрүүлээгүй байхдаа хүчдэл залгаснаас хэрэглэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагчийн буруутай үйлдлээс хохирол учирсан талаар зохигч маргаагүй боловч хохирлыг хариуцах хэмжээний хувьд хариуцагч маргасныг нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирлыг бүрэн барагдуулаагүй гэж гомдол гаргасныг хяналтын шатны шүүхээс хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.04.01-ний өдрийн 07/870 тоот, 2020.04.27-ны өдрийн 07/1145 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, талуудын хийсэн хурлын тэмдэглэл бусад баримтаар шатсан гэх Микромастер-430 төхөөрөмжийг гэмтлийн дараа шалгахад уг төхөөрөмжийг урьд нь бүрэн задалж, битүүмжлэл алдагдсан байсан тул ямар шалтгааны улмаас шатсан болохыг нь тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, талууд газар дээр нь хохирлын акт тогтоох “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-д заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хохирлыг хамтран хариуцахаар тохиролцсон нь нотлогджээ.

Бусдын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг уг буруутай этгээд арилгах үүрэгтэй боловч гэм буруутай үйлдэл учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаардах тул  нэхэмжлэгч нь хохирлын хэмжээ, улмаар хариуцагчийн эс зөвшөөрсөн татгалзлыг үгүйсгэсэн үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй, хэрэгт энэ талаар баримтгүй байна.

Иймд хохирлыг бүрэн хэмжээгээр хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

9. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00313 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1575 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД