| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/009 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/009
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
орчуулагч: А.Е,
улсын яллагч: Х.Ө,
иргэний нэхэмжлэгч: Х.Т, Ш.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Хын Бад холбогдох 201604000243 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овогт Хын Б, ***** регистрийн дугаартай, 1971 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Х.Бын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х овогтой Б нь 2016 оны 6 дугаар сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт “Хэцүү булаг” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг шинэс мод бэлтгэж, худалдан байгаль экологт 476001 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч С.Тн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Шүүгдэгч нь ойн санд учруулсан 1428000 төгрөгийг дансанд хийж хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байна. Бидний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Зы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч нөхөн төлбөрийг дансанд хийж өгсөн. Х.Бад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Х.Бад ял шийтгэл хүлээлгэхгүйгээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, С.Т, Ш.З нарын иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл, гэрч Т.С, Ш.А, С.Ө нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Х.Бын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х овогтой Б нь 2016 оны 6 дугаар сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын байгалийн цогцолборт “Хэцүү булаг” гэх газрын ойгоос Ойн тухай хуулийг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг шинэс мод бэлтгэж, худалдан байгаль экологт 476001 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу Цэнгэл сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Урт хүйтэн” гэх газарт Ш.Зы барьсан гэх байшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-8 дугаар хуудас/,
- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 39-04-40/7 тоот дүгнэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14, 17-18 дугаар хуудас/,
- Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58, 61 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Х.Б нь Цэнгэл сумын Алтай Таванбогдын байгалийн цогцолборт Улсын тусгай хамгаалалттай нутгийн “Хэцүү булаг” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүй 1.2963 м.куб шинэс модыг бэлтгэж ойн санд 476001 төгрөгний экологи эдийн засгийн бодит хохирлыг учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учруулсан эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд дээрх учруулсан бодит хохирлыг гурваар үржүүлэхэд 1428004 төгрөгний нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн З0 дугаар хуудас/,
- С.Тг дахин байцаахад өгсөн: “... Х.Б нь тус сумын ойн санд учруулсан бодит хохирлыг гурав нугалсан нөхөн төлбөр болох 1428004 төгрөгийг тус сумын төрийн сангийн дансанд бүрэн тушааж барагдуулсан байгаа. Манай сумын зүгээс болон сум орон нутгаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагийн хувьд Х.Бад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байсан юм. Аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч А.С нь Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Урт хүйтэн” гэх газар иргэн Ш.З зөвшөөрөлгүй нойтон шинэс модоор зуны байшин барьсан гэх мэдээллийг шалгаж явж байна гэсний дагуу эрүүгийн төлөөлөгч А.С, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч С.С, манай сумын байгаль хамгаалагч Ш.А, миний бие тус газарт очсон. А.С, С.С нар Ш.Зы барьсан гэх байшинд үзлэг хийхэд хуучин модтой хольж өрж барьсан 13 ширхэг нойтон шинэс мод байсныг илрүүлсэн юм. Ш.З байшин барихад хэрэглэсэн 13 ширхэг шинэс модыг хэзээ, хаанаас бэлтгэснийг мэдэхгүй байна. Бид нарыг очиход Ш.Зы зусланд хүн байхгүй байсан юм. Х.Б, Ш.З нар миний хариуцсан хэсгийн ойгоос ямар нэгэн байдлаар хууль бусаар мод бэлдэж авч байгаагүй. Х.Б, Ш.З нар миний хариуцсан ойгоос болон бусад газрын ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Ш.Зы барьсан байшинд үзлэг хийх явцад илэрсэн 13 ширхэг мод бол гадна талын холтосыг арчиж хаясан, давирхайтай нойтон моднууд байсан. Ой дотор байнгын чийгтэй, өвөлдөө цастай, зун бороо устай мөн ой дотор нарны тусгал бага тусдаг учраас байгалийн жамаар унасан болон огтолж бэлдэж ой дотор үлдээсэн мод чийгээ алдахгүй нойтон хэвээрээ байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч А.С, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч С.С, байгаль хамгаалагч Т.С нарын хамт Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Урт хүйтэн” гэх газар барьсан байшинд үзлэг, хяналт шалгалт хийхэд очсон. Тухайн үед Ш.Зы барьсан байшинд хуучин модтой салаавчлан өрж барьсан 5 болон 2 орчим метрийн урттай нийт 13 ширхэг нойтон шинэс мод байсан. Тухайн үед Ш.З өөрөө байгаагүй учир хаанаас авсан мод гэдгийг асуух боломжгүй байсан. Ш.Зы байшинд үзлэг хийхэд илэрсэн 13 ширхэг модны гадна талын холтосыг арчсан, давирхай нь ил гарсан нойтон моднууд байсан юм. Ой дотор байнгын чийгтэй, өвөлдөө цастай, зун бороо устай мөн ой дотор нарны тусгал бага тусдаг учраас байгалийн жамаар унасан болон огтолж бэлдэж ой дотор хадгалсан мод нойтон чийгээ алдахгүй нойтон хэвээрээ байдаг юм. Ш.З миний хариуцсан хэсгийн ойгоос мод бэлдэж байгаагүй. Х.Б нь ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Гэрч С.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өнгөрсөн зун Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Рашаан” гэх газар зусланд гарсан. Хэдэн сарын хэдний өдөр ирсэнийг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 07 дугаар сарын дунд үе байсан шиг санагдаж байна Ш.З бор өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр хажуудаа манай сумын иргэн Б, мөн нэрийг нь мэдэхгүй 2-3 залуутай хамт ирж манайд хоносон. Тухайн үед Ш.З Баас мод худалдаж аваад “Рашаан”-д байдаг З.Сын хадлангийн хашааг худалдаж авсан байгаа тэр хашааны модыг ачиж авч явахаар явж байна гэж хэлж манай гэрт хоносон. Маргааш өглөө нь З.Сын хадлангийн хашааны моднуудыг нурааж машиндаа ачиж аваад эрт яваад өгсөн. Ш.З манай гэрт ирэхэд тээврийн хэрэгсэлд нь ямар ч байсан тэвшний хойд талыг онгойлгож ачсан модтой байсан. Нийт хичнээн ширхэг, хэдэн метрийн урттай мод байсан эсэхийг анзаараагүй. Уг моднуудыг Х.Баас авсан гэж хэлж байсан. Тэрхүү моднууд нь хуурай нойтон эсэхийг анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Х.Бын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Бад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Быг Oйн тухай хууль тогтоомж зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Бад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй болно.
Х.Бын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 13 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгож, түүний өмчлөлд байгаа 6 адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 13 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 140 см-ийн урттай, модон бариултай модны хөрөө 1 ширхэг, 51 см-ийн урттай модон иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шүүгдэгч Б нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 13 ширхэг шинэс мод бэлтгэснээс хойш буюу 2016 оны 07 дугаар сарын дунд үед Ш.З гэгчийн бор өнгийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэлд ачсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл байсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг төгс үйлдэгдсэнээс хойш мод ачилт хийгдсэн тул машины үнийг гаргуулж улсын орлого болгох боломжгүй юм. Мөн улсын яллагч энэ талаар санал гаргаагүйг анхаарах шаардлагатай.
Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцлоо.
Шүүгдэгч Х.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Хын Быг Oйн тухай хууль тогтоомж зөрчиж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бад оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 13 ширхэг шинэс модыг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар Х.Бын өмчлөлийн 6 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 13 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 140 см-ийн урттай, модон бариултай модны хөрөө 1 ширхэг, 51 см-ийн урттай модон иштэй төмөр сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Х.Бын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Х.Бад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК