| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 123/2025/0115/З |
| Дугаар | 221/МА2026/0245 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2026/0245
“БТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаарТөв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “БТ” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д
Хэргийн индекс: 123/2025/0115/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Маргаан бүхий 18 дугаар тогтоолоор “Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.18, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/66 тоот албан бичгээр “БТ” ХХК нь 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар гаргасан байна. Тус сумын нутаг дэвсгэрт Майдар Сити 12000 га, Олон улсын нисэх онгоцны буудал 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, “Таван толгой”, сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх “Богд хан” төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонх иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч уг тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
4. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахв хэсгийн 4.2.1, 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаар хуралдааны 18 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5. Нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн захирал Ж.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
5.1. “...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хуулийн үндэслэл нь сумын ИТХ-д хамаарахгүй заалтыг үндэслэсэн гаж үзэж байна. Үүнд: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59.1.8 /Сумын засаг дарга нь Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах/ Газрын тухай хуулийн 52.2-т /газрыг болзол гэрээний дагуу эзэмшүүлэх / Ашигт малтмапын тухай хуулийн 17.2 хуульд заасан үндэслэлээр татгалзах, 14.4-т Сумын ИТХ-ын санал авах/ зэрэг хуулийн заалтыг үндэслэжээ.
5.2. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны04-р сарын 26-ны өдрийн 09 дугаартай тогтоолын 9-т Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хурлын санал нь тухайн тапбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна., 10-т “Энэ хуулийн 19-5-т заасан татгалзсан хариу өгч болно гэдгийг энэ хууль болон бусад хуулиар Ашигт малтмал эрэх хайх ашиглахыг хориглосон хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн тедебайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно” гэж заажээ.
5.3. Сэргэлэн сумын ИТХ хуульд заагаагүй үндэслэлээр дэмжихээс татгалзсаныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй гэж үзэж байна” гэжээ.
6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх үндэслэлийг бүрэн шалгасан эсэх нь тодорхойгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт цуглуулсан баримтуудаа хэрхэн үнэлж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын /цаашид Сумын Хурал гэх/ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 1.18, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Төв аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/66 тоот албан бичгээр “БТ” ХХК нь 50 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авахаар гаргасан байна. Тус сумын нутаг дэвсгэрт Майдар Сити 12000 га, Олон улсын нисэх онгоцны буудал 19390.4 га, Салхин цахилгаан станц 12000 га нийт 43390.4 га газар, “Таван толгой”, сумын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх “Богд хан” төмөр зам гэх мэт газруудад улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтууд, сумын эдийн засгийн голлох салбар, өвөлжөө хаваржаа олонх иргэдийн амьжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нь “түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн талбай нь Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон талбайтай давхцалгүй байхад “Дэмжихгүй” гэдэг санал өгсөн нь хуульд нийцээгүй” гэж,
Хариуцагч нь “...Хэдийгээр нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүнд нь үндэслэл бүхий хариу өгөх эрхтэй болохоос биш заавал дэмжих ёстой гэсэн хуулийн зохицуулалт хуульд байхгүй. ... 18 дугаар тогтоол бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль ёсны дагуу гарсан тогтоол гэж үзэж байна......” гэж маргасан байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг бүрэн шалгаагүй байна:
4.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар сумын Хурал болон аймгийн Хурлын санал авахаар заасан байх бөгөөд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал өгсөн эсэх, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/2183 дугаар “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж өгсөн хариу нь хуулийн уг заалтын дагуу шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр мөн эсэх, Засаг дарга хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх, уг шийдвэр, аймгийн Хурлын санал зэрэгтэй нэхэмжлэгч маргаагүй атлаа зөвхөн Сумын Хурлын тогтоолтой маргасан шалтгаан, ямар үр дагавар үүсгэсэн, Сумын хурлын тогтоолыг хүчингүй болгосноор эрх нь сэргэх эсэх нь ойлгомжгүй байх тул энэ талаар тодруулах, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр сумын Хурлын тогтоол нь дангаараа захиргааны актын шинжийг хангах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
4.2. Мөн тухайн шийдвэрүүд гарсан бол хэзээ гарсан, Сумын Хурлын тогтоол 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан байхад 1 жил 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “... 54.1-д заасан үндэслэл байхгүй бол захиргааны хэрэг үүсгэхээр заасанд нийцэхгүй байна.
5. Анхан шатны шүүх маргаан бүхий тогтоолын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйгээс хэргийн үйл баримт тодорхой болоогүй байх тул дурдсан хуулиудыг аль үйл баримтад хэрхэн хамааруулж хэрэглэсэн нь тодорхойгүй байна:
5.1. Шүүх хэрэгт нэхэмжлэгчийн Алтанбулаг суманд эзэмшдэг түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийн талаарх нотлох баримтуудыг цуглуулсан шалтгаан тодорхойгүй, мөн хариуцагч нь тодорхой тайлбар, үндэслэл гаргаагүй, маргаан бүхий тогтоолд дурдсан шалтгаан, үндэслэлийн талаар тодруулаагүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно” гэсний дагуу суурьшлийн болон ногоон бүсээс 900 м зайтай байгаа, тариалангийн талбайн дунд байдаг, сумын нийт иргэдийн эрх ашиг зөрчигдөнө гэж тайлбар гаргасантай холбоотой баримт цуглуулж дүгнэлт өгөөгүй байна.
5.2. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах;” гэж заасан.
Уг хуулийн заалтын дагуу аймгийн болон сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг дэмжих боломжгүй гэж ойлгохоор байна.
Учир нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж заасан хууль тогтоомжийн бүрдэлд хамаарах Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж заасны дагуу аймгийн болон сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар тусгагдсан байхаар байна.
Түүнчлэн тухайн төлөвлөгөөнд бусад зориулалтаар төлөвлөгдсөн газартай давхцаж байгаа эсэх, бусдын эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэх зэрэг өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хурал саналаа өгөхөөр байх тул эдгээрийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий тогтоол хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.
Иймд Төв аймгийн болон Сэргэлэн сумын газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тухайн талбайг түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахаар төлөвлөсөн эсэх талаар баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
5.3. Маргаан бүхий Сумын Хурлын тогтоолд улс орон нутгийн бүтээн байгуулалтад нийт 43390.4 га газар, мөн төмөр зам дайран өнгөрөх зэргийг дурдаад Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хариуцагчаас ирүүлсэн боловч хариуцагчийн тайлбар хангалтгүй байгаагаас тухайн бүтээн байгуулалтын талбай нь сумын нутаг дэвсгэрийн хэдэн хувийг эзэлж байгаа, хичнээн хэмжээний газар нь сумын хэрэгцээнд ашиглаж болохоор үлдсэн, маргаж буй талбайг сум ямар зориулалтаар ашиглаж байгаа, ашиглахаар төлөвлөсөн нь тодорхойгүй байна.
5.4. Сумын иргэдийн эдийн засгийн голлох салбар амжиргааны үндэс болсон мал аж ахуйн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа гэж маргаан бүхий тогтоолд дурдсантай холбоотой тухайн талбай нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 20.1.7.аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох” гэж зааснаар малчин иргэдэд ашиглуулахаар төлөвлөгдсөн эсэх талаар баримт ирүүлээгүй байх тул үүнийг шүүх цуглуулж, “Дэмжээгүй” санал өгсөн шалтгааныг тогтоож, энэ хуульд нийцэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
6. Дээрх баримтууд бүрэн цуглаагүй байхад тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 123/ШШ2026/0023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БТ” ХХК-ийн захирал Ж.Баасанхүүгээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ