| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0225/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/217 |
| Огноо | 2023-11-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/217
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-,
шүүгдэгч С.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ители овогт Сансызбайн Спартакт холбогдох эрүүгийн 2313002820292 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Толганай” ХХК-ний захирал гэх, ам бүл б, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг, 19-р гудамж 16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. И.к овогт С-н С-, регистрийн дугаар БЮ...........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.С- нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны үед хохирогч Ж.Т-ийг тус аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт манаачаар ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, дараа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны үед 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хоёр удаа бэлнээр авч залилсан, мөн 2022 оны 02 дугаар сарын үеэр хохирогч Ж.А-г эмнэлгийн магадлах комиссоор группэд гаргаж өгнө хэмээн итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 600,000 төгрөгийг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч С.С- мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарыг хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313002820292 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Иргэн Ж.Т-иэс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
4. Хохирогч Ж.Т-ийн гаргаж өгсөн СД /нимгэн хуурцаг/ бичлэг, тухайн бичлэгт бичигдсэн яриаг орчуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-14 дэх тал/,
5. Хохирогч Ж.А-гаас гаргаж өгсөн С.С-ийн 95424664 дугаартай утаснаас ирсэн мессежнүүд гэх нийт 4 хуудас бичиг баримт, түүнийг орчуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-20, 22-24 дэх тал/,
6. Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 35-36, 39 дэх тал/,
7. Хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 46 дахь тал/,
8. Гэрч Ж.Ам-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
9. Яллагдагч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63, 65 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
10. Шүүгдэгч С.С-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.С-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
13. Шүүгдэгч С.С- нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны үед хохирогч Ж.Т-ийг тус аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт манаачаар ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, дараа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны үед 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хоёр удаа бэлнээр авч залилсан, мөн 2022 оны 02 дугаар сарын үеэр хохирогч Ж.А-г эмнэлгийн магадлах комиссоор группэд гаргаж өгнө хэмээн итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 600,000 төгрөгийг авч залилсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Иргэн Ж.Т-иэс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
15. Хохирогч Ж.Т-ийн гаргаж өгсөн СД /нимгэн хуурцаг/ бичлэг, тухайн бичлэгт бичигдсэн яриаг орчуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-14 дэх тал/,
16. Хохирогч Ж.А-гаас гаргаж өгсөн С.С-ийн 95424664 дугаартай утаснаас ирсэн мессежнүүд гэх нийт 4 хуудас бичиг баримт, түүнийг орчуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-20, 22-24 дэх тал/,
17. Хохирогч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Эхнэр бид хоёр хоёулаа ажилгүй хүмүүс байгаа юм. Тэгээд С.С- гэх хүнтэй тааралдаж юм ярьж байх үед С.С- надад “хэлж ярих зүйл байвал хэлж байгаарай” гэхээр нь би тэр хүнд ажилгүй байгаа, ажилд оруулж өгөх боломж байгаа эсэхийг асуухад Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт орон тоо гарах байх, тэр үед манаачаар ажилд оруулж өгнө гэхээр нь би тэр хүнд итгэсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, дараа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хоёр удаа бэлнээр аваачиж өгсөн.... Би С.С-т анх мөнгө аваачиж өгсөн үед манай эхнэрийн дүү Ж.А- бид хоёр хамт очиж бэлнээр өгсөн. Дараагийн 250,000 төгрөгийг би өөрөө ганцаараа аваачиж өгсөн. Тухайн үед Ж.А-гаас өөр үзэж харсан хүн байгаагүй ч дараа нь би С.С-тай утсаар ярьсан яриаг бичиж авч Си Ди/СD/-нд хуулбарлаж авсан. Тухайн яриаг сонсох юм бол тэр үед С.С- өөрөө надаас мөнгө авсан талаар хэлж өгсөн байгаа. С.С-тай хэд хэдэн удаа уулзсан. Гэхдээ уулзах болгондоо худлаа ярьдаг. Тэр хүн бид нарт хэлэхдээ "би чамаас авсан мөнгийг өөрөө аваагүй, нэг хүнд дамжуулж өгсөн байгаа, тэр хүн өгөхгүй байна, би яаж ч хийгээд туслах болно” гэж байнга худлаа ярьдаг. Би өөрөө ажилд ороогүй. Харин би гомдол гаргасны дараа миний эхнэр болох А-ийг Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд аяга таваг угаагчаар ажилд оруулсан. Тухайн ажил нь С.С-ийн эхнэр Р-гийн хувийн ажлын байр байсан байна. Тухайн ажил нь ч хүнд, сарын цалин нь 500,000 төгрөг авдаг юм байна. С.С- анх надад хэлэхдээ цэцэрлэгт бүр орон тоонд оруулж өгнө гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 35-36, 39 дэх тал/,
18. Хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие хувь хүний барилгын дэлгүүрт туслахаар ажилладаг хүн байгаа юм. Өмнө нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадлах комиссоор групп тогтоолгож, мөнгө авдаг байсан. 2021 оны 10 дугаар сарын үед Улаанбаатар хотоос ирсэн эмч нарын үзлэгт орж тухайн эмч нарын шийдвэрээр группээс хасагдсан байсан. Гэтэл нэг өдөр С.С- гэх хүнтэй уулзаж Улаанбаатар хотоос ирсэн эмч нараас болж группээс хасагдсан талаар хэлж ярихад С.С- надад “энэ бол амархан асуудал юм байна шүү дээ, хэрэв чи надад 600,000 төгрөг өгөх юм бол би чамайг дахин группэд гаргаж өгнө, би бүх эмч нарыг сайн таньж байгаа” гэж хэлсэн. С.С- гэх хүн олон хүн таньдаг, мөн урьд нь Жимобайлын дарга байсан гэдгийг мэддэг болохоор тэр хүн таньдаг хүмүүсээр дамжуулан дахин намайг группэд гаргаж өгч чадах юм байна гэж бодоод тэр хүнд маш их итгэсэн. Тэгээд тэр хүний санал болгосон 600,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Гэтэл түүнээс хойш хоёр жил гаруй хугацаа болсон ч би одоо хүртэл группэд гарч чадаагүй. Мөн С.С-т өгсөн мөнгөө авч чадаагүй залилуулсандаа маш их гомдолтой байна. Дээр нь би өөрөө залилуулахаас гадна 2022 оны эхээр С.С-т итгэсэн нь тэр нэг өдөр тэр хүнтэй уулзаж ярилцаж байх үед хүргэн ах болох Ж. Тилеуберди, эгч Ж.А- хоёр хоёулаа ажилгүй болохоор тэр хоёрт ч гэсэн нэг тус болоод нэг газар ажилд оруулж өгөхийг гуйсан. Тэр үед манай хүргэн ах Ж.Т-ийг 10 дугаар цэцэрлэгт манаачаар ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Хүргэн ах Ж.Т-и надад итгэж С.С-ийн хэлснээр 500.000 төгрөг өгсөн. Ж.Т-и 500,000 төгрөгийг хоёр хувааж өгсөн ба эхний 250,000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн үед би өөрөө биечлэн дагуулж гэрт нь очиж хашааны гадна байж байгаад өгсөн. Ингээд надаас болж миний хүргэн ах Ж.Т-и ч залилуулсан. Би С.С-т итгэснээс болж хүргэн ах Ж.Т-ийг дагуулж зуучилж өгч хоёулаа залилуулсанд маш их гомдолтой байна. С.С- угаасаа худлаа ярьдаг гэдгийг олон хүмүүс мэдэх юм байна. Тийм учраас С.С-т өгч залилуулсан мөнгөө буцааж авч өгч тусална уу” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 46 дахь тал/,
19. Гэрч Ж.Ам-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай нөхөр хоёр удаагийн үйлдлээр нийт 500,000 төгрөг бэлэн өгсөн. ...Миний бие урьд өмнө ажилгүй байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн гал тогооны үйлчлэгчээр ажилд орсон. Миний ажиллаж байгаа ажлын байр нь ажлын байр биш С.С-ийн эхнэр Р-гийн хувийн ажлын байр байгаа юм. Бид нар цагдаагийн газарт гомдол гаргасан гэдгийг сонсоод намайг ажилд оруулна гэж хэлээд тухайн ажилд оруулсан. Тэгээд нэг өдөр Р- нь надад ирж “чи одоо ажилд орсон шүү, өргөдлөө буцааж аваарай” гэж хэлсэн. Тэр үед би тэр хүнд “өргөдлийг би бичээгүй, манай нөхөр бичсэн, би мэдэхгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
20. Яллагдагч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие анх ийм гэмт хэрэгт холбогдсон талаар сонсоогүй. Тэгээд цагдаагийн газарт ирж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан үед анх яагаад надад энэ талаар танилцуулаагүй юм бол гээд маш их гомдсон. Нэгэнт би хохирогч Ж.Т-и, хохирогч Ж.А- нараас мөнгө авсан нь үнэн болохоор тэр доор нь тухайн хоёр залууг хайж очиж уулзсан. Тэгээд тэд нарын надад өгсөн мөнгийг тус тусдаа бүрэн бүтэн буцааж өгсөн. Тэд нар надад өгсөн мөнгөө бүрэн бүтэн буцааж авсан тул тэд нар надад ямар нэгэн гомдол санал байхгүй, гаргасан өргөдөл гомдлоо буцааж авна гээд явцгаасан. Өөрөөр хэлбэл би Ж.Т-и, Ж.А- нарын хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй. Бид нар хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж, энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63, 65 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ
22. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.
23. Шүүгдэгч С.С- нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны үед хохирогч Ж.Т-ийг тус аймгийн Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгт манаачаар ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, дараа нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны үед 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг хоёр удаа бэлнээр авч залилсан, мөн 2022 оны 02 дугаар сарын үеэр хохирогч Ж.А-г эмнэлгийн магадлах комиссоор группэд гаргаж өгнө хэмээн итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 600,000 төгрөгийг авч залилсан үйл баримт тогтоогджээ.
24. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч С.С-т итгэн төөрөгдөж, мөнгөө шилжүүлэн өгсөн байна.
25. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогч нарыг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
26. Иймд прокуророос шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
27. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч С.С-ийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
29. Шүүгдэгч С.С-ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-ид 500.000 төгрөгийн, хохирогч Ж.А-д 600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтогдсон байна.
30. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
31. Шүүгдэгч С.С- нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
30. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
31. Шүүгдэгч С.С-аас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.
32. Шүүгдэгч С.С- нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
34. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
35. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
36. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
37. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С- нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
38. Шүүгдэгч С.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И.к овогт С-н С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч С.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК