| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/98 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт П-н Б-д холбогдох эрүүгийн 2317000000111 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 01-нд Д аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Б” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, Г аймгийн С сум, 2 дугаар баг, Л тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт П-н Б /РД:ЗВ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч П.Б нь согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны орой Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг, Саран хужирт гэх газар байрлах гэрт болон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын агуулахын урд талын зам дээр 96-93 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор тус тус эхнэр Ц.Б нь түүнийг хэл амаар доромжилсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, айлын найранд хэрүүл маргаан хийсэн гэсэн үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар гараараа түүний нүүр, цээж орчим хэд хэдэн удаа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, цээж, баруун бугалга, шилбэ, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 18-ны орой Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3 дугаар баг, Саран Хужирт гэх газар байрлах гэрт болон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын агуулахын урд талын зам дээр 96-93 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор тус тус эхнэр Ц.Б нь түүнийг хэл амаар доромжилсон, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, айлын найранд хэрүүл маргаан хийсэн гэсэн үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар гараараа түүний нүүр, цээж орчим хэд хэдэн удаа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, цээж, баруун бугалга, шилбэ, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Б-ийн “...Б-н төрсөн дүү Б-н шинэ гэрийн найр болсон. Нөхөр бид хоёр тус найранд 2 өдөр суусан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед үл ялих зүйлээс болоод маргалдсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан бөгөөд нөхөр найранд ороод суучихаар нь би араас нь ороод машины түлхүүр өг, би явлаа гэж хэлсэн чинь байж бай хоноод явна гээд байсан. Тэгэхээр нь би чи өөрөө үлд, би явлаа гээд маргалдсан чинь Б миний зүүн нүд орчим гараараа цохисон. Тэгэхэд би гэрийн зүүн урд хэсэгт байсан бөгөөд тэндээ газар унаад өгсөн чинь манай нөхөр Б миний дээрээс хэд хэдэн удаа цохисон. Дух, дагз, гар, хөл хөндүүр болсон. Тэнд байсан хүмүүс бид 2-г салгаад би гэрээс гараад машиндаа ороод сууж байтал нөхөр гаднаас орж ирээд дахиад маргалдсан. ...айлын гаднаас хөдлөөд удаагүй зогсоод манай нөхөр машин барьж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум руу гэр лүүгээ хөдөлсөн. Говьсүмбэр аймаг орж ирээд замын баруун талд бид хоёр айлын найранд очиж байж маргалдлаа гээд дахиад маргалдсан. Тэгтэл нөхөр Б уурлаад миний зүүн нүд хэсэгт дахиад нэг удаа гараараа цохисон. Тэрнээс өөр цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч П.Б-н “...гэрт найрлаад сууж байсан чинь Б нилээн халамцуу орж ирээд Б ахаас машины түлхүүр хаана байна гээд нэхээд байсан. Тэр 2 муудаж маргалдаж байгаад босоод эхнэр Бийг газар унагаасан. Б босож ирэхдээ амнаас нь цус гарсан байгаа харагдсан. Тэгээд босоод ирэхээр нь Б Б-ийг 2, 3 удаа цохиж байгаа харагдсан. Яг хаана нь цохисныг хараагүй. Тэгээд тэнд байсан хүмүүс тэр 2-г салгаад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
гэрч С.Г-н “...гэрт сууж байсан чинь Б нилээн халамцуу гаднаас орж ирээд Бас машины түлхүүр хаана байна гэж нэхээд тэр 2 муудалцаад байсан. Тэгээд айлд битгий муудаад бай гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Тэгээд би нилээн согтсон байсан болохоор гэрээс гараад хажуу айлд нь ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаартай дүгнэлтэд:
- Ц.Б-ийн биед дээд уруулын салстад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, цээж, баруун бугалга, шилбэ, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
- Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэх байх боломжтой шинэ гэмтэл байна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Э.Б гэжээ. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б-ийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-38 дугаар хуудас/, шүүгдэгч П.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Ц.Б, гэрч П.Б, С.Г нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч П.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Б нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Түүнчлэн шүүгдэгч П.Б нь хохирогч Ц.Б-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 250 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нөхөн төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч П.Б-н хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт П-н Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ