Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                        

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.А даргалж,

 Нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн, 

 Улсын яллагч Т.Түмэнжаргал,

 Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралд аанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000109 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                       

                                                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д*** аймгийн ** суманд төрсөн,**настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “..........” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, ........ дугаар хороо, Нарны хороолол ........ дүгээр байрны ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Т-ын О /РД:............../,                       

                                                              Холбогдсон хэргийн талаар:

                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сангийн аж ахуйн байрны 25 тоотод эхнэр Ж.Огийн нуруу руу нь цохисон үйлдэлд дургүйцэн улмаар түүний зүүн нүд рүү баруун гараараа 2 удаа цохиж, биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Т.О, 3 хүүхдийн хамт автомашинаар Чойрын тахилгад оролцох гээд гэр бүлээрээ Говьсүмбэр аймагт очсон. Эгч А-ийнд 3 хүүхдээ орхиод нөхөр О бид 2 манай найз Аынд, нөхрийн найз Б, С нарын хамт очсон. Найзындаа хамт хоол хийж идээд бөөндөө ганц ганц пиво уусан. Би нөхөр Отай гэр бүлээс гадуурх харилцааны талаар ярьж маргалдаж эхэлсэн. Манай нөхөр О газар сууж байхаар нь араас нь нуруу руу нь уурандаа нэг удаа цохисон. Б намайг тэврээд авсан. Тэвэрч байхад нь манай нөхөр босож ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн нүдний хэсэгт 2 удаа дараалан цохисон. Манай нөхөр машиндаа суугаад Б, С 2-той хамт яваад өгсөн. Би найз Аынд үлдсэн. Би найзындаа унтаж үлдээд өглөө сэрэхэд А нь наад нүд чинь яасан бэ гэхээр нь толинд хартал миний зүүн нүдний дотор талд улайсан тойроод дээд доод зовхи хөхөрч хавдсан байсан...

Би шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна. Нөхөр Ог Зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудалд нь арга хэмжээ авхуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 хуудас/

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр 19 цагийн орчим Ж.О, Т.О нар манай гэрт буюу Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн 6 байшингийн ..... тоотод Б, С нарын хамт ирсэн. Тухайн өдөр би нөхрийнхөө хамт хоол цай хийж өгөөд бид нар хэдэн пиво 1 шил вискитэй уусан. Тэгээд 23 цагийн үед О бага зэрэг согтоод Од уурлаад байсан. Би найз Ог тайвшруулаад гэрээс гарч бие засчихаад ороод иртэл Б манай найз Ог тэврээд О уйлсан байдалтай байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад О энэ О намайг цохичихлоо, намайг гомдоодог гээд уйлаад байсан. Тэгээд би Ог найзуудаа аваад явчихаа гэж хэлтэл О Б, С нар манай гэрээс гараад явсан. Тэгээд өглөө сэрээд хартал Огийн нүд нь хөхөрч хавдсан нулимс гараад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний дүү болох Т.О нь даруу төлөв зантай, хүмүүстэй нийтэч зантай хүн юм. Ямар нэг хүнтэй муудалцаад байдаггүй, хүний эвийг олж харьцдаг хүн байгаа юм. Төрийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байсан, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог. Ах дүү нартаа бүгдэд нь тусалж дэмждэг гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай дүү Т.О нь хүүхэд байхаасаа намуун дөлгөөн зантай хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ мэндтэй устай байдаг. Архи дарс ууж хүнтэй маргалдаад байдаггүй, би хүүхэд байхаас нь сайн мэднэ гэх мэдүүлэг. /хх-ийн 50-51 дүгээр хуудас/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №267 дугаартай дүгнэлтэнд:

  • Ж.Огийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт  гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын

2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /хх-ийн 54-55 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01 хуудас/ аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ж.Огийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 267 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Огийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Т.Ог прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.Ог Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал нь шүүгдэгч Т.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч  Т.Од Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Ж.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ог 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ