Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/15

 

Б.Гд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Прокурор                                                         Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Г.Цэрэндолгор

Шүүгдэгч                                                          Б.Г нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Гд холбогдох эрүүгийн 1721002570158 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, .......... овогт Б.Г, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

- Мөн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж, нийт 3 жил хорих ялаар,

- Мөн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Мөн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоосон,

- Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт  зааснаар 5 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан 5 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялын зарим хэсэг болох 2 жилийн хорих ялыг нэмж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар тогтоосон,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосныг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 236 дугаар магадлалаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, 3 жилийн хорих ял оногдуулж уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх хаалттай хорих 409 дүгээр ангид эдэлж байсан гэх.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг, .................... тоот хашаанд байрлах хүнсний дэлгүүрт буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Э-д 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбат шүүгдэгч Б.Гг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ............ овогт Б.Гг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Гг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Ггийн ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Г 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Г би урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн ажилгүй. Би 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн үйлдсэн гэмт хэрэгт буруутгагдан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 тоот шийтгэх тогтоолоор 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 05 жил 05 сар 09 хоног хорих ялаар шийтгүүлсэн. Миний үйлдсэн хэргээ шударгаар хүлээсэн байдал болон хувийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6, 7 дугаар зүйлийг баримтлан хорих ялын хугацаанаас бага ч гэсэн хөнгөлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялаас жаахан хасуулах гомдол гаргасан. Мөн ял эдлэх дэглэмийг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болгож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн гаргасан гомдолтой хэлж тайлбарлах зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Идэрбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Ггийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор огт маргадаггүй. Үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрсөн. ...Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг, ..................... тоот хашаанд байрлах хүнсний дэлгүүрт буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Эт 190.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А.Э, гэрч А.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогджээ.

 

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 05 сар 09 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

Иймд шүүгдэгч Б.Ггийн “Шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ггийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ггийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА