Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0227

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

         Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Б” ХХК

          Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Б

          Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Бд холбогдуулан “...Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай "Хяналт шалгалтын тухай" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах", Сангийн сайдад холбогдуулан "... Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” тушаалын хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах" тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0143 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б 

         Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан  

          Хэргийн индекс: 128/2025/0928/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгчээс Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Бд холбогдуулан “...Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаартай "Хяналт шалгалтын тухай" улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах", Сангийн сайдад холбогдуулан "... Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” тушаалын хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах"-аар маргасан.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0143 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.6, 56.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.10-д тус тус заасныг баримтлан "Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын Ч.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар дүгнэлт, Монголын Улсын Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай 175 дугаар тушаалын "Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

              3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1 Тус шүүх Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 25 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2025 оны 175 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТХЯ/20240101032 дугаартай "Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат /Дархан-Уул, Дархан сум/" ажлын 12 дугаар багц /Шинэ хуучин Дарханыг холбосон авто замаас-Хабитат чиглэлийн авто зам/-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын ТШЗ 19.1-д ".... Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: "Шаардана" 2022, 2023 оны аль нэг жилд тухайн багцын төсөвт өртгийн 40 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх" гэсэн шаардлага тавигдсан.

"Б” ХХК нийт 2 гэрээний мэдээлэл ирүүлсний нэг гэрээ нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон "БТ” ХХК-ийн хооронд 2022 онд байгуулсан ДУАОНӨГ/202206091 дугаар гэрээний туслан гүйцэтгэгчээр ажилласан талаарх "БТ" ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 22/05 дугаартай гэрээ юм.

3.2 Шүүх хуралдааны явцад Зам, тээврийн яамны www.shilenkhyanalt.gov.mn сайтад улсын байцаагч Д.Бы эрхээр нэвтэрч үзлэг хийхэд "Б" ХХК нь Дархан-Уул аймгийн Аюулгүйн тойргоос 16 давхар орон сууц хүртэлх дугуйн болон явган замын ажлыг хийж гүйцэтгэж байх үед буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаж байсан талаарх системийн бүртгэл болон хяналт шалгалтыг хэрэгжүүлж байсан Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгж, авто тээвэр, авто замын хяналтын улсын байцаагч Д.Бы мэдүүлэг нь "Б" ХХК дээрх 1,411,034,800 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохыг нотлохгүй байхад шүүх тус баримтыг үндэслэн "Б" ХХК 22/05 дугаартай гэрээг гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, шилэн хяналтын цахим хуудас (www.shilenkhyanalt.gov.mn) нь төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж байгаа ачааллын талаарх бодитой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой систем бөгөөд гэрээний дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн талаар мэдээлэл бүртгэгдээгүй байхад дээрх баримтад үндэслэн тус ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 25 дугаар дүгнэлтийн 3.3-д автозамын хяналтын улсын ахлах байцаагч Д.Бы гарын үсэг, тэмдэг бүхий “Шалгуулагч этгээдийн нэр "Б" ХХК Аюулгүйн тойрог-16 давхар орон сууц чиглэлийн 2,4 км авто замын дугуйн зам, явган хүний замын барилга угсралт 2022-10-21" гэсэн мэдээлэл ирүүлсэн нь 22/05 дугаартай гэрээг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн байхад нягтлан шалгаагүй, тодруулалгүй дүгнэсэн нь учир дутагдалтай гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.3 Улсын байцаагч "БТ" ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10/6392 дугаар албан бичгээр хяналт шалгалт явуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч "БТ" ХХК нь уг албан бичгийг хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол шуудан ХК-аас "Хаягт ийм компани байхгүй" гэж буцаасан баримтаар тогтоогддог. Улсын бүртгэлийн тухай хуулийн 10.1.11-д "хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг, эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар;" гэж, 10.3-т "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ" гэж заасан бөгөөд улсын байцаагчаас "БТ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан албан ёсны шуудангийн хаягт мэдэгдлийг хүргүүлэхэд "Хаягт ийм компани байхгүй" гэж буцаасан нь улсын байцаагчийг хяналт шалгалтын үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

3.4 Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах журам"-ын 3 дугаар хавсралт дахь "Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт"-ийн 1.3-т туслан гүйцэтгэгч байгууллагын нэр, хаяг, Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, регистр гэсэн мэдээллийг тусгахаар, журмын 4.10-т "Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах тухай Ажлын хэсгийн дүгнэлт гарч, Акт үйлдэж баталгаажуулснаар уг авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсанд тооцно” гэж зааснаар тус акт, дүгнэлт нь авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсан гэж үзэх гол баримт бичиг юм. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын нотлох баримтын шаардлага хангуулсан баримт болох Дугуйн болон явган замын ажлын Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах хэсгийн 2024 ажлын оны ДУАОНӨГ/202206091 дугаартай акт, дүгнэлтэд ерөнхий гүйцэтгэгч байгууллагын нэр "БТ" ХХК гэсэн байх ба туслан гүйцэтгэгч байгууллагын нэр, хаягийн мэдээлэл тусгагдаагүй байна. "Б” ХХК тус ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх акт, дүгнэлтэд “Б” ХХК ажилласан талаарх мэдээлэл тусгагдаагүй нь тус компанийг шууд буруутгах үндэслэл болохгүй, бодитоор хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэсэн нь дээрх журмын зохицуулалтад нийцээгүй байна.

3.5 Хэрэгт авагдсан Голомт банк болон Хаан банкны дансны хуулганаас үзэхэд тус компанид шилжүүлгээр “БТ" ХХК-аас орж ирсэн шилжүүлгийн нийт дүн нь 22/05 дугаартай гэрээний үнийн дүн болох 1,411,034,800 төгрөгт хүрэхгүй, зарим шилжүүлгийг түр зээл гэсэн байх ба "Б” ХХК- д гэрээний дагуу шилжүүлсэн эсэх төлбөрийн баримт болох нь нотлогдоогүй. Дээр дурдсан үндэслэлээр улсын байцаагч хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийж, цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ гаргасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын байцаагч дан ганц төлбөрийн баримтад үндэслэн үнийн дүн хүрэхгүй тул гэрээ хуурамч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.6 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 114/ШШ2025/0005 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж дүгнээгүй дугуйн болон явган хүний зам тавьсан туршлагыг авто зам тавьсан туршлагатай ижилтгэж ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн" гэж тусгасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан.

Гэвч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан "Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 581 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэсэн байхад тус шүүх "Б" ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт хийж, шийдвэр гаргах ёстой байсан гэж дүгнэж, "Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт "Б" ХХК-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж дүгнээгүй" гэж шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн улсын байцаагчийн хийсэн хяналт шалгалтын хүрээнд "Б" ХХК нь 1,411,034,800 төгрөгийн үнийн дүн бүхий "БТ" ΧΧΚ- тай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 22/05 гэрээг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй, тус гэрээг хуурамч гэж үзэх хангалттай нотлох баримт цугларсан байхад хяналт шалгалтыг бүрэн хийгээгүй, хуурамч эсэхийг тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Үүнээс үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд "Б" компани худалдан авах ажиллагаанд оролцохдоо ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн гэх үндэслэлээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах тухай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 25 дугаар дүгнэлт болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн "Б" ХХК- ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн Сангийн сайдын 2025 оны 175 дугаар тушаал нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0143 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0143 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.6, 56.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.10-д тус тус заасныг баримтлан "Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын Ч.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар дүгнэлт, Монголын Улсын Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай 175 дугаар тушаалын "Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:” гээд 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;” 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;” гэж зааснаар улсын байцаагч нь худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргаж улмаар тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах эрх хэмжээг хуулиар тусгайлан зааж олгосон байна.

          4. Дээрх эрхээ хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.9-д “Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд  10.9.10-д “улсын байцаагч нь ... хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд “Нөхцөл байдлыг тогтоох” гээд 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.” 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн тодруулах үүрэгтэй.

          5. Сонсох ажиллагааны үеэр Дугуйн болон явган замын ажлын Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн 2024 оны ДУАОНӨГ/202206091 дугаартай акт, дүгнэлтээс гадна Зам, тээврийн яамны www.shilenkhyanalt.gov.mn сайтад улсын байцаагч Д.Бы эрхээр нэвтэрч үзлэг хийхэд "Б" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаж байсан талаарх системийн бүртгэл, дансны хуулга, гэрээ дүгнэсэн акт зэрэг хоорондоо зөрүүтэй баримтууд авагдсан байна.

          6. Гэтэл хариуцагч Ч.Б нь Дугуйн болон явган замын ажлын Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн 2024 оны ДУАОНӨГ/202206091 дугаартай акт, дүгнэлтийг гол баримт гэж сонгож үнэлсэн нь учир дутагдалтай байх бөгөөд зүй нь хоорондоо зөрүүтэй баримтуудын аль нэгийг гол баримт хэмээн тодорхойлж үнэлэх бус зөрүүг арилгаж нөхцөл байдлыг хөдөлшгүйгээр тогтоох шаардлагатай байжээ.

          7. Энэ талаар анхан шатны шүүх “Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийг Дархан-Уул аймгийн Засаг дарга болон "БТ” ХХК-иудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ДУАНОӨГ/202206091 дугаартай “Дугуйн болон явган ажлын замын гэрээ”-ний дагуу туслан гүйцэтгэгчээр бодитоор ажилласан эсэхийг бүрэн тогтоож чадаагүй, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт бичгийг гаргуулж, хяналт шалгалтыг бүрэн хэрэгжүүлээгүй байна.” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

          8. Хэрэгт авагдсан баримтаар "БТ" ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10/6392 дугаар албан бичгээр хяналт шалгалт явуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч "БТ" ХХК нь уг албан бичгийг хүлээн аваагүй болох нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Монгол шуудан ХК-иас "Хаягт ийм компани байхгүй" гэж буцаасан баримт болон "БТ" ХХК-ийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд "БТ" ХХК нь хаягийн өөрчлөлтөө улсын бүртгэлд хуулийн дагуу бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах нөхцөл болж болохгүй.

          Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байх бөгөөд маргаан бүхий актыг гаргахад сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан гэж үзэх боломжгүйд хүргэж байна.

          9. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тодруулаагүй, сонсох ажиллагааг гүйцэт явуулаагүй шийдвэр гаргасан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Бгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 25 дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв байх бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн гарсан Сангийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2026/0143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Б, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг үндэслэн хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                            Д.ОЮУМАА

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            Э.ЗОРИГТБААТАР