Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 010

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,
улсын яллагч: Т.Серикжан,
хохирогч: М.Тауке,
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: К.Ержан,
шүүгдэгч К.Бүркит нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн К.Бүркитэд холбогдох эрүүгийн 201704000004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч К.Бүркит: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Бахат арыххул овогт Картенбайн Бүркит, БИ78081813 регистрийн дугаартай, 1978 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байдаг, Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч К.Бүркитийн холбогдсон гэмт хэргийн талаар:
    2016 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед К.Бүркит эхнэр болох К.Баршагүлийг М.Таукетай хардсаны улмаас М.Таукегийн нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч К.Бүркитийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хохирогч бид хоёрт ямар нэгэн өш хонзон байхгүй. М.Тауке манай гэрт Баршагүлийн шагналыг угаахаар шөнө орж ирсэн байсан.  Би үүнийг буруугаар ойлгосон байсан. Шөнийн 02 цагийн үед манайд юу хийж яваа юм бэ гэж хэлэхэд М.Тауке ах гараад явах гэж байхад нь түүнийг барьж аваад бид хоёр түлхэлцсэн. Би хохирогчийг 2 удаа цохисон. Хохирогчийн нүдэн тус газар цохисон маань үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн асуудал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Бид хоёрын дунд эд хөрөнгө, мөнгөний талаар асуудал байхгүй. Бид хоёр үл ойлголцсон учраас энэхүү асуудалд холбогдсон. Хохирогчид учирсан хохирлыг арилгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, 
- Хохирогч М.Таукегийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Бид нар 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр санхүүчдийн баярыг тэмдэглэсэн. Баршагүл Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Би Баршагүлийн шагналыг угаах зорилгоор тэднийд очсон маань үнэн. К.Бүркит бид хоёрын дунд үл ойлголцол үүссэний улмаас нэг нэгнийгээ зодсон асуудал гарсан. Би уг хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үед К.Бүркитэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх талаар удаа дараа хэрэг бүртггэгчид хэлж байсан. Тухайн үед шүүгдэгч бид хоёр эвлэрч К.Бүркит надад учирсан хохирлыг төлж барагдуулсан байсан. Хэрэг бүртгэгч Ганцэцэг надад таны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж хэлсэн. Бид хууль мэдэхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэхээр нь  түргэн шуурхай шийдвэрлэх байх гэдэг утгаар нь  ойлгож хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Би прокурорын шатанд хэрэг очих үед бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй, хохирлоо төлсөн, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлж байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэснийг бид нар сайн ойлгоогүй. К.Бүркит бид хоёрын хооронд өш хонзонгийн асуудал байхгүй. Иймд энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: “... шүүгдэгч К.Бүркитийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, М.Таукег хохирогчоор байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч К.Бүркитийн гэм буруугийн талаар:   
    - 2016 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 02 цагийн үед К.Бүркит эхнэр болох К.Баршагүлийг М.Таукетай хардсаны улмаас М.Таукегийн нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
    - Хохирогч М.Таукегийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би тэдний гэрт ороход Баршагүл би дөнгөж сая гэртээ ирлээ гэж хэлсэн ба би гадуур хувцсаа хувцасны өлгүүрт өлгөөд тэдний зочны өрөөнд ороод сандалд сууж байтал Бүркит орж ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиход би ухаан алдсан байсан. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа ба хүүхэд уйлах чимээгээр ухаан орсон юм. Би ухаан ороод хартал миний хувцас хунар урагдчихсан, цус болчихсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, 
    - Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт: “... Иргэн Таукегийн тархины  няцралт,  битүү гэмтэл, тархины доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн   хугаралтай, тархилаг эд хавантай, субарахнойд зайд жижиг цус хуралттай, духны зүүн талд цус хуралттай. Хавдартай зүүн нүд, хамрын нуруу ба зүүн хацрыг хамарсан цус хуралттай, хавдартай, зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн бүгд шинэ гэмтлүүд болно. Тархины гэмтлийн хор уршиг үлдэцийг дахиж тогтоох болно” /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч К.Бүркитийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч К.Бүркитэд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч К.Бүркитийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 
Харин шүүгдэгч К.Бүркитийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан үзэж түүнд шүүхээс ял оногдуулахгүйгээр хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүхэд ирснээс хойш хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Бүркит нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Бүркит нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 31-23 БӨТ улсын дугаартай Ниссан нөт маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч К.Бүркит нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бахат арыххул овогт Картенбайн Бүркитийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Бахат арыххул овогт Картенбайн Бүркитэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Бахат арыххул овогт Картенбайн Бүркитийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   
4. Шүүгдэгч К.Бүркит нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шүүгдэгч К.Бүркит нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч К.Бүркитийн эзэмшлийн 31-23 БӨТ улсын дугаартай Ниссан нөт маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бүркитэд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Бүркитэд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК