Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/236

 

2023/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Хохирогч: Д.Б

Шүүгдэгч: Ү.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Үийн Гт холбогдох 2312...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... аймгийн ..... сумын .......... багийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Х овогт Үийн Г /РД:............./

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг рамны задгайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бийн зүүн гуя руу 2 удаа чичилж хутгалан биед нь зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогч Д.Б мэдүүлэхдээ: Энэ хүн намайг хутгалсан. Надад гомдол санал байхгүй. Би 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2312..................дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Бийн мэдүүлсэн: ...Би хэрхэн хохирсон талаар өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Миний зүүн гуяны өвдөгний дээд хэсгийн дотор болон гадна талд шархтай байгаа. Өөр гэмтсэн хохирсон зүйл байхгүй. Надад хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Г, Г ах хоёр л маргаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд би салгах гэсэн чинь Г ах чамд хамаагүй гэж хэлээд хутга гаргаж ирээд хутгалсан юм. Г ахын гартаа барьж байсан хутга мөн байна. Эмчилгээ хийлгэсэн төлбөр мөнгийг өгөх юм бол ямар нэгэн санал, гомдол байхгүй. Одоо би өдөр бүр эмнэлэг дээр очиж боолт хийлгэж байгаа цаашид эмчилгээ хийлгэх зардал 1 сая төгрөг нэхэмжилж байна. Надад одоогоор ямар нэгэн баримт байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Тын мэдүүлсэн: ...Би 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сумын төвөөс бензин авах ажлаар орж ирээд суманд архи ууж байгаад орой Г ахын гэрт ирсэн чинь ганцаараа байсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад гэрт хувааж ууж дуусгаад би согтуу байсан болохоор унтсан чинь юм түс, тас хагарах чимээ гарсан. Би босоод харсан чинь Г ахын гэрт Г, Улаанаа хочтой Б ирчихсэн байсан. Г ах хутга барьчихсан орон дээрээ сууж байсан. Б үүдэнд наадах чинь намайг хутгалчихлаа гээд Г руу заасан. Г ширээний хажууд сууж байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гэсэн чинь Б намайг чи гэрч шүү гэж хэлээд гараад явсан. Г араас нь гараад явсан. Г ах бид хоёр амарсан юм. Тухайн үед их орой болсон байсан, 23-00 цаг болж байсан байх. Г ахаас яасан юм гэж асуусан чинь гэрт орж ирээд хэрүүл, маргаан үүсгээд байсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Тийм зүйл огт анзаарагдаагүй. Тийм хүн орж ирээгүй, Г гэж яриад байгаа залуу Гийн хүргэн баз нь байсан юм байна лээ. Одоо эхнэр, хүүхдээсээ салчихсан хамаагүй хүмүүс юм. Намайг хэвтэж байхад орж ирсэн байх. Г өдөр нь ганцаараа нэг удаа орж ирээд гараад явсан. Согтуу байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ү.Гийн мэдүүлсэн: ...Шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Б, Г хоёр орж ирсэн. Би Т гэртээ унтах гэж байсан. Б, Г хоёр согтуу байсан бөгөөд хоорондоо зодоон хийгээд эхэлсэн. Би ямар шалтгааны улмаас зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хоорондоо барьцалдаад авсан байсан. Ноцолдож үгэнд орохгүй болохоор нь амар тайван байдал алдагдууллаа гээд уурандаа хутга аваад хатгасан юм. Энэ үйлдэл миний буруу. Би 07 дугаар сард шөлний хонь өгөхөөр болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 177 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Бийн биед зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулагүй...гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 08 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг рамны задгайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Б нь бусдад зүүн гуя руугаа хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ү.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг рамны задгайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бийн зүүн гуя руу 2 удаа чичилж хутгалан биед нь зүүн гуянд зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Д.Бийн мэдүүлсэн “Миний зүүн гуяны өвдөгний дээд хэсгийн дотор болон гадна талд шархтай байгаа. Би салгах гэсэн чинь Г ах чамд хамаагүй гэж хэлээд хутга гаргаж ирээд хутгалсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

гэрч Т.Тын мэдүүлсэн “Тэгээд бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад гэрт хувааж ууж дуусгаад би согтуу байсан болохоор унтсан чинь юм түс, тас хагарах чимээ гарсан. Би босоод харсан чинь Г ахын гэрт Г, Улаанаа хочтой Б ирчихсэн байсан. Г ах хутга барьчихсан орон дээрээ сууж байсан. Б үүдэнд наадах чинь намайг хутгалчихлаа гээд Г руу заасан. Г ширээний хажууд сууж байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гэсэн чинь Б намайг чи гэрч шүү гэж хэлээд гараад явсан. Г ахаас яасан юм гэж асуусан чинь гэрт орж ирээд хэрүүл, маргаан үүсгээд байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

мөрдөн байцаалтын шатанд Ү.Гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Шөнө 23 цагаас 00 цагийн хооронд Б, Г хоёр орж ирсэн. Би Т гэртээ унтах гэж байсан. Б, Г хоёр согтуу байсан бөгөөд хоорондоо зодоон хийгээд эхэлсэн. Би ямар шалтгааны улмаас зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хоорондоо барьцалдаад авсан байсан. Ноцолдож үгэнд орохгүй болохоор нь амар тайван байдал алдагдууллаа гээд уурандаа хутга аваад хатгасан юм. Энэ үйлдэл миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 177 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ү.Г нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Ү.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ү.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ү.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг рамны задгайд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Бийн зүүн гуя руу 2 удаа чичилж хулгалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ү.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ү.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ү.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Д.Б нь хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ү.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, цус болсон 30х30 см орны бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Үийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, цус болсон 30х30 см орны бүтээлэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Ү.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь бусад учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ү.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ