Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/21

 

           Ч.Б, Б.З, Д.Н нарт

                                                холбогдох  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                     Б.Батзориг

                                Шүүгчид                               Г.Давааренчин                                  

                                                                              Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                   Прокурор                              Г.Э

                                   Шүүгдэгч                                  Ч.Б

                                   Шүүгдэгч                                  Б.З

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч       Л.Д

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч       Б.С

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгчдэгч Ч.Б Б.З нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Т овогт Ч-ын Б-д, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б овогт Б-ийн З-д, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө овогт Д-ын Н-т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001640021 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай байсан, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р баг 2-12 тоотод оршин суух “Гео инженер сүрвэй” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Т овогт Ч-ын Б /РД: МК83082439/

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй. дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хушаат сумын газрын даамал ажилтай байсан. ам бүл 5 эхнэр гурван хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Хушаат сум, 1 дүгээр баг, ишгэнтийн 1-01 тоотод оршин суух хаягтай. Одоо компанид хамгаалагч ажилтай улсаас авсан гавьяа шагнал. ял шийтгэлгүй. Б овогт Б-ийн З /РД: МС80080710/

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй. өмгөөлөгч ажилтай, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт Нийслэлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо. 66-10 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй. ял шийтгэлгүй. Ө овогт Д-ын Н /РД: УШ78113016/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллах байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Н-ын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Н-аас 500.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Д.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт хадлан хадах зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.Б-д гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн.

Шүүгдэгч Б.З нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадлан хадсан гэх шалтгаанаар иргэн Д.Н-ын бэлтгэсэн 1 машин өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Ч.Б, Б.З, Д.Н нарт холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 36 дугаартай цагаатгах тогтоолоор:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ө овогт Д-ын Н-т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан шүүгдэгч Товогт Ч-ын Б-д Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 4 дүгээр зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Т овогт Ч-ын Б, Б овогт Б-ийн З нарыг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах' гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ТТ овогт Ч-ын Б, Б овогт Б-ийн З  нарын төрийн албанд томилогдох эрхийг тус тус 03 жилийн хугацаагаар хасч тус бүрт 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Б, Б.З нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

...9. Ялтан Ч.Б, Б.З, шүүгдэгч Д.Н нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

  

Шүүгдэгч Б.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.З нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүлийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект биш бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.З намайг гэмт буруутайд тооцохдоо хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг харгалзаж үзээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах гомдлыг минь хүлээн авч тус хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын Б.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгож Б.Знамайг цагаатгаж өгнө үү гэв.

 Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ч.Б миний биө Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дугээр зүйгийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъект биш бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Ч.Б-д намайг гэм буруутайд тооцохдоо хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг харгалзаж узээгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч тус хэргийг шиидвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.24-ний өдрийн 2020\ШЦТ\36 дугаартай шийтгэх тогтоолын Ч Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож Ч.Бат-Эрдэнэ намайг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. ... шүүгдэгч Ч.Б, Б.З нарыг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж Б.Сд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр 1-т зааснаар Ч.Ба-г зүйлчилсэн эргэлзээтэй үйлдлийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дүгээрт заасныг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнээд ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар,  Б.З-д мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар,  Д.Н-т мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Д.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Ч.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Ч.Б, Б.З нарыг уг гэмт хэрэгт гэм буруутай тооцож, төрийн албанд ажиллах эрхийг тус тус 03 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 6000 нэгжтэй хэмжээгээр торгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н, Ч.Б, Б.З нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Н, Ч.Б, Б.З нарт холбогдох эрүүгийн 1731001640021 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ч.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д ... Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Ч.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял оногдуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д ...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан  нь прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалтад заасан  хорих ялын дээд, доод хэмжээг ихэсгэсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулсан хуулийн зүйл, заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-д ...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно... гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1, 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Д.Н, Ч.Б, Б.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ