| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0981/3 |
| Дугаар | 221/МА2026/0166 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0166
Ц.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г
Нэхэмжлэгч: Ц.О
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0088 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0981/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Оээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Нийслэлийн Хан-уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0088 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.5, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Оээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.О-ийн өндөр насны тэтгэврийг түүний өргөдөл гаргасан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нөхөн тогтоож, олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ... Нэхэмжлэгч Ц.О нь тус шүүхэд "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийн хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг 58 нас 11 сартайдаа буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т заасан насанд хүрээгүй байх үедээ гаргасан байна.
3.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн. харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулахад оршино.", 2.1-т Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.", мөн хуулийн 3.2-т "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.", 4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд даатгуулагчийн тэтгэвэр авах эрхийг нарийвчлан заасан байна.
Өөрөөр хэлбэл энгийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авах болзол шалгуурыг нарийвчлан заасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд даатгуулагч иргэний хүсэлт болон мэдээллийн нэгдсэн сан, шимтгэл төлж ажилласан хугацаа зэргийг үндэслэн хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох үүрэгтэй.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл даатгуулагч Ц.О нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан насны болзол хуулийн шаардлагыг хангаагүй тул тэтгэврийн эрх үүсээгүй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33.1.1-т нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд... гэж заасныг дээрх үндэслэлээр хангаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22.1, 22.2-т заасан өргөдлийг хүлээн авах шийдвэрлэх боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж заасан Нийгмийн даатгалын хууль, журмыг хэрэгжүүлэх эрх үүргийг хуулиар буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тус тус заасан байна.
3.4. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах хуулийг нэг мөр хэрэглэх хүрээнд даатгуулагч Ц.О-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хуулийн дагуу хүлээн авч судлан үндэслэл бүхий хариу өгч шийдвэрлэсэн нь даатгуулагчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэлгүй болохыг дээд шатны байгууллага болон Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус иргэнд хүргүүлсэн албан бичгээр тогтоолоор нотлогдоно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д "Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг, үгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий хууль. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болон болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0088 дугаарт шийдвэрт өөрчлөлт оруулан Ц.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Оээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүхээс “...Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх Прокурорын тухай хуулиар 25 жил прокуророор ажилласан прокурор, 55 насанд хүрсэн эрэгтэй прокурор /даатгуулагч/ өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрх олгосон заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар хязгаарлах боломжгүй. ... Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул 60 наснаас өмнө нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзаж буй нь ...прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор заасан нөхцөл, болзлыг хангасан нэхэмжлэгч Ц.О-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
4. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.О нь Улсын ерөнхий прокурорын 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш тасралтгүй ажиллаж байгаад 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын ажил, албан тушаалаас чөлөөлөгдөж, 2012-2017 оны хооронд аудитор болон өмгөөлөгчөөр ажилласан, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/175 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Прокурорын газарт ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдож, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж байгаад нэхэмжлэгчээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг харгалзан Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/501 дүгээр тушаалаар түүнийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргахад тус газрын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 404 дугаар албан бичгээр “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт ...Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... гэж заасан тул тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй...” гэх үндэслэлээр хүсэлтийг нь хангахаас татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцээгүй байна.
5. Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино” гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлд “Прокурор”-ын нийгмийн баталгааг тодорхойлж, 60.3-д “...55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурорын нийгмийн баталгааг тухайлан зохицуулсан бөгөөд анхан шатны шүүхийн “...хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр буюу хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Прокурорын тухай хуулийг хэрэглэхээр байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх болон болзол журмыг илүү нарийвчлан зохицуулсан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
6. Тодруулбал, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох талаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ц.О нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/501 дүгээр тушаалаар прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх үедээ 25 жил прокуророор ажилласан байх хуулийн шаардлагыг хангасан, 55 нас хүрсэн /58 нас 11 сартай/ байсан бөгөөд прокурор өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд дээрх хуульд заасныг баримтлан өндөр насны тэтгэврийг тогтоон олгох байжээ.
7. Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудад тэтгэврийн /эрэгтэй/ насыг 55, 60 гэж зөрүүтэй заасан ч эдгээр нь хуулийн шаардлагаар /25 жил ажилласан прокурор/ тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй нас бөгөөд 58 нас хүрсэн даатгуулагч Ц.О нь өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрх олгосон заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар хязгаарлаж “...60 насанд хүрсэн эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэх шаардлагыг хангаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0088 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН