Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 013

 


Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,
орчуулагч: А.Еркегүл,
улсын яллагч: М.Отгонжаргал,
хохирогч: Х.Гүлсайра, 
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Айбек,
шүүгдэгч Х.Хурметхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Найман жарке овогт Халыхын Хурметханд холбогдох эрүүгийн 201704000024 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч Х.Хурметхан: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Найман жарке овогт Халыхын Хурметхан, БВ82112711 регистрийн дугаартай, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Х.Хурметханы холбогдсон гэмт хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Халых овогтой Хурметхан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас эхнэр болох Х.Гүлсайраг гурилын гамбанз модоор цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Прокурор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал би, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Х.Хурметханд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад яллагдагч Х.Хурметханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн орой Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэртээ хэрүүл маргааны улмаас эхнэр Х.Гүлсайраг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлж  шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Х.Хурметханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулах саналтай байна. Дээрх саналтай хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар танилцаж зөвшөөрсөн. Энэхүү ажиллагаанд орчуулагчийг оролцуулсан” гэв. 
- Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек өмгөөллийн үгэндээ: “...Би шүүгдэгч Х.Хурметханы өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байгаа тул торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэв. 
- Шүүгдэгч Х.Хурметханы шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би өөрийн өмгөөлөгчийн хэлснийг дэмжиж байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй. Надад торгуулийн ял төлөх хугацаа өгвөл би төлөх болно.  
... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өглөө 12 цагийн үед эхнэр болох Х.Гүлсайрагийн хамт гэрээс гараад үзмэрчийн гэрт очоод үзүүлчихээд бид хоёр Тирлик зах очиж эхнэр гэрт шаардлагатай зүйлүүдийг аваад микро автобусанд суугаад явчихсан. Би Тирлик захад явж байгаад очно гэж хоцорч үлдээд хамт архи уудаг Альфараби гэх залуутай тааралдаад бид хоёр захын орчим 3-4 шил сангийн далай нэртэй архи уусан. Уг архиний мөнгийг зах дотор явж байсан хүмүүсээс асууж авсан юм. Тэгээд орой 19 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багт байдаг өөрийн гэрт нэлээн согтуу очсон. Гэрт очих үед би 0.5 литрийн Сангийн далай нэртэй ууснаас үлдсэн тал шил архийг аваад очсон байсан. Тэр архийг гэрт ороод уугаад дууссаны дараа манай эхнэр цуйван хийчихсэн байсан ба би ханан пийшэнгийн хажууд очиж сууж байхад миний урд аягалаад хоол авч ирээд өгсөн. Би урдаа сандал тавьж сандалны дээр нь гэрт хэрэглэдэг гурилын гамбанзыг тавьж хоолоо идэж сууж байсан. Тухайн үед гэрт эхнэр Х.Гүлсайра болон 4 хүүхэд л байсан. Х.Гүлсайра 8 сартай хүүхдийг хөхүүлээд миний зүүн талд модон буйданд сууж байсан ба надад хандаж чи өдөр болгон архи ууж ирдэг, тэрний оронд гэрт түлээ, мод авч ирэхгүй яасан юм вэ ?, хүүхдүүд даараад байна, муу архичин гэж хэлээд үглээд байхаар нь би уурлаад урдаа тавьсан байсан гурилын гамбанз модыг аваад Гүлсайра руу чиглүүлээд шидэх үед уг гамбанз модны ирмэг хэсэг нь Х.Гүлсайрагийн толгойн тус газар хүрч толгойноос нь цус гарчихсан. Харин азаар уг ганбанз хөхүүлж сууж байсан 8 сартай хүүхдэд хүрээгүй юм. Тэгээд Х.Гүлсайра надад толгой хагарчихлаа цус гараад байна, чи түргэн дуудаж өг гэсэн ба би зүгээр болчих байх гэж бодоод түргэн дуудаагүй юм. Гэрийн шаланд толгойноос нь гарсан цус дуссан байхаар нь би цэвэрлээд угаачаад сүүлд болохгүй болохоор нь хөрш айлийн залуу болох Жанарбекийн гэрт гүйж очиж сэрээгээд түргэн дуудаж өг гэж хэлсэн, Жанарбек эхнэрийн хамт манай гэрт хүрч ирээд Х.Гүлсайраг хараад түргэн дуудъя гэж түргэн дуудсан ба удалгүй түргэний машин ирээд Х.Гүлсайра бид хоёр уг машинаар эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирээд тухайн өдрийн эмч Бейсен гэж хүн юу болсон талаар асуугаад цагдаа дууд гэж цагдаад дуудлага өгүүлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох Х.Гүлсайраг гурилын ганбанз модоор цохиж биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  
- Хохирогч Х.Гүлсайрагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр болох Х.Хурметхантай цуг өглөө 11 цагийн үед гэрээс гараад замаараа үзмэрч хүнд очиж үзүүлээд дараа нь Тирлик зах ороод гэрт шаардлагатай эд зүйл авчаад би гэртээ явъя гэхэд чи явжээ гэж намайг явуулчаад Х.Хурметхан Тирлик захад үлдчихсэн. Орой гэрт 4 хүүхдийн хамт сууж байхад нөхөр болох Х.Хурметхан гэрт 19 цагийн үед согтуу орж ирсэн ба гартаа сангийн далай нэртэй дундуур архи барьж ирсэн. Гэрт орж ирээд тухайн архийг ширээн дээр гаргаж тавьж аягалахгүйгээр шилээр нь архийг ууж дуусгасан. Тэгээд Х.Хурметхан босоод ханан пийшэнгийн хажууд очиж гурилын гамбанз /хавтгай мод/-ыг тавьж цуйван идэж байсан. Би хамгийн бага хүүгээ хөхүүлэх гээд модон буйданд суугаад хүүхдээ хөхүүлээд байж байгаад нөхөр болох Хурметханд чи байнга архи уугаад ирэхийн оронд гэрт түлээ, мод авч ирэхгүй ясан юм вэ ?, гэрт түлээ мод байхгүй, хүүхдүүд даарч байна гэхэд чи надад түлээ мод авч ир гэж хэлдэг хэн юм вэ ? гэж надтай маргалдаж улмаар урд талдаа байсан гурилын хавтгай модыг барьж аваад надруу шидсэн. Уг гурилын гамбанз /хавтгай мод/ миний толгойн баруун талд хүрээд толгойны зулайн баруун талаас нь цус гарч хагарсан. Азаар уг гурилын гамбанз мод миний хөхүүлж байсан хүүхдийн биед хүрээгүй юм. Тэгээд миний толгойноос их хэмжээгээр цус гарахаар нь Х.Хурметханд чи түргэн тусламж дуудаад өгөөч гэхэд дуудаж өгөөгүй юм. Миний толгойноос гарсан цус байшингийн шаланд дуссан ба уг цусыг Х.Хурметхан өөрөө арчиж цэвэрлэж байсан ба тухайн үед би ухаан алдах шахаж бие эвгүйрхсэн ба Х.Хурметхан тэр үед буюу 3-4 цагийн дараа хөрш айлын Жанарбек гэх хүнийг сэрээж тэр хүн түргэн дуудаж өгсөн юм. Би эмнэлэгт ирээд толгойны зулай хэсэгт 6 хэсгээс оёдол тавиулж гэртээ харьсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Намайг гурилын гамбанз /хавтгай мод/ шидэж гэмтээсэн. Гараараа цохиж, өшиглөж зодож гэмтэл учруулаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Толгойндоо оёдол тавиулж миний толгой гайгүй болсон байгаа. Нөхөр болох Х.Хурметханаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, харин Х.Хурметханыг хуулийн дагуу шүүхээр оруулж ял шийтгүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Х.Гүлсайрагийн шүүх хуралдаан дээр өгсөн: “... Нөхөр маань торгуулийг төлж чадахгүй. Учир нь Х.Хурметханд мөнгө байхгүй” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Х.Гүлсайрагийн хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 3 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Х.Хурметханы хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 4 дүгээр хуудас/,
- Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, 
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, 
- Гэрч М.Жанарбекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цаг 55 минутын орчимд байх унтаж байхад хөрш болох Х.Хурметхан ирж цонх тогшиж миний эхнэрийн толгойноос нь цус гарч байна, та нар манайд хүрээд ирээч гэхээр нь би эхнэрээ дагуулаад Х.Хурметханы гэрт очсон. Х.Хурметхан согтуу байсан. Гэрт нь очих үед Х.Хурметханы эхнэр болох Х.Гүлсайра зуухны хажууд сууж байсан ба толгойн баруун талаас нь цус ихээр гарч байсан ба юу болсон талаар асуухад Х.Гүлсайра надад нөхөр болох Х.Хурметхан гамбанз мод шидэж мииий толгойг хагалаад цус гараад байна гэж хэлсэн. Шаланд дуссан цусыг Х.Хурметхан арчиж байсан ба би өөрийн утаснаас түргэн дуудаж удалгүй түргэн тусламжийн машин ирээд Х.Хурметхан, Х.Гүлсайра нарыг авч явсан. Эхнэр бид хоёр тэдний 4 хүүхдийг өөрсдийн гэрт хараад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, 
- Гэрч Б.Бейсений хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн жижүүр эмчээр ажилласан ба 00 цагийн үед хүлээн авах тасагт бусдад зодуулсан байдалтай цус алдсан эмэгтэй хүн ирлээ гэж дуудсан ба намайг очих үед Х.Гүлсайра гэх эмэгтэй толгойны баруун дээд хэсэгт хуйх нь урагдсан, цус алдсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад нөхөр минь гурилын гамбанз /хавтгай мод/-оор толгойн тус газар цохиж гэмтээсэн гэсэн. Гэмтсэн хэсгийг цэвэрлэж 6 оёдол тавьж өгч явуулсан. Нөхөр нь гэх Х.Хурметхан гэх залуу байсан ба архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Х.Гүлсайра эмнэлэгт байгаад цагдаад дуудлага өгсөн. Х.Гүлсайрагийн биед өөр гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 
- Насанд хүрээгүй гэрч Х.Жантилекийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай аав захаас ирэхдээ дандаа ууж ирдэг. Хамгийн сүүлд манай аав ээж рүү гурилын гамбанз мод шидсэн ба духнаас нь цус гарсан. Манай ээж, эгч хоёр уйлах үед би бас дагаад уйлсан юм. Намайг аав зодож, цохиж байгаагүй. Аав согтуу ирэх бүрт муу, муухай хараалын үг хэлж биднийг айлгадаг. Мөн заримдаа биднийг унтуулахгүй айлгаад байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, 
    - Насанд хүрээгүй гэрч Х.Меруертийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манай аав захаас ирэхдээ дандаа ууж ирдэг. Хамгийн сүүлд манай аав ээж рүү гурилын гамбанз мод шидсэн ба духнаас нь цус гарсан. Ээж уйлахаар нь би дагаад уйлсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, 
- Захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хх-ийн 59-63 дугаар хуудас/, 
- Согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр хуудас/, 
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, 
- Багийн засаг даргын тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шинжлэн судлав. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөвд тооцон үнэлэх боломжтой гэж үзлээ. 
Шүүгдэгч Х.Хурметхан нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан, 27-14 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Х.Гүлсайратай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний толгойн тус газарт гурил элддэг хавтгай модыг 1 удаа шидэж цохин биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, шийдвэрлэвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч, хохирогч нар хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар харилцан зөвшөөрч хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Х.Хурметханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүх шүүгдэгч Х.Хурметханд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн удаа дараа архидан согтуурч захиргааны арга хэмжээ авагдаж байсан, хөрөнгө орлого, ажил хөдөлмөр зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг гэм буруугаа ухамсарлах боломжоор хангаж, нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан баривчлах ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Хурметханы гэр бүлийн дундын өмч болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 60 мкв блокон байшинг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй байна.
Улсын бүртгэлд бүртгэгдсэн шүүгдэгчийн ургийн овгийг үнэн зөвд тооцон, яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн Найман гэдэг овгийг Найман жарке гэж өөрчилсөнийг дурдах нь зүйтэй байна. 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 418.5, 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Найман жарке овогт Халыхын Хурметханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Х.Хурметханыг 1 /нэг/ сар 20 /хорин/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 
4. Шүүгдэгч Х.Хурметхан нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Х.Хурметханы гэр бүлийн дундын өмч болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 60 м,кв блокон байшинг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.АЗЖАРГАЛ