Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 75

 

“Дархан хариг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01351/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

         “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа явуулахыг даалгах тухай” иргэний хэргийг 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

         2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

         Тус компани нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч нар нь төлбөр төлөгч “Дархан хариг” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах анхны болон 2 дах дуудлага худалдааг зохион байгуулахдаа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн холбогдох заалт албадан дуудлага худалдааны журмыг зөрчсөний улмаас гомдол гаргагч “Дархан хариг” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул анхны болон 2 дах дуудлага худалдааг зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12/10 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, төлбөр төлөгч “Дархан хариг” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгончимэгээс:

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 27 тоот шинжээч томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-аар үнэлгээ хийлгэн дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 987.705.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг төлбөр авагч, төлөгч нарт танилцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дах албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, төлбөр төлөгч “Дархан хариг” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч “Дархан хариг” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах” тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 44 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас үндэслэлтэй шийдвэр гаргаагүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дархан-Хариг” ХХК хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид ШШГА/-нд холбогдуулж, тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн анхны дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 12 дугаар сарын 26-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, “Дархан-Хариг” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахыг хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГА-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГА шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Дархан-Хариг” ХХК шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгчийн эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй, дуудлага худалдааг товлосон хугацаа, дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийн огноо зөрүүтэй бичигдсэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолд заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан байна.

Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, мөн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана” гэж заасныг зөрчсөн байна гэж,  нэхэмжлэгчийн дээрх гомдлыг шүүх шийдвэрлэхгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон  хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлээр зохицуулсан байх бөгөөд төлбөр төлөгч тал шүүхэд гаргасан дээрх үндэслэл бүхий гомдлоо хуульд заасны дагуу гаргасан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасан ажиллагааг хийх эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал шүүхээс гадуур урьдчилан хийгдэх хуульд заасан  арга хэмжээг хэрэгжүүлэлгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрсөн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийг хуулийн 44 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан бөгөөд энэ талаар тодруулж ямар нэгэн тайлбар хийгээгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ЭНХЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ                               

                                                                                                     Л.АМАРСАНАА