Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Дт холбогдох эрүүгийн 2317000000110  дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19*** оны 11 дүгээр сарын 13-нд *** аймгийн **** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага  боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймаг *** сум,.......... дугаар баг Баянбулагийн ......... дугаар гудамжны .......  тоотод оршин суух, ***** ээлжийн ахлах ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Г-ийн Д /РД:..................../

                                                                      Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 6-615 тоотод Р.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний уруул хэсэгт гараараа цохиж, биед нь дээд уруулын салстад шарх, буйланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000110 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найз Т, Т, Т нарын хамт гэртээ архи уугаад сууж байсан. 14 цагийн үед манай найз Р.Б 1 литрийн Соёрхол нэртэй архитай ирсэн. Тэгээд гэрт орж ирчихээд миний өөдөөс нүүрэнд тулаад суугаад байсан. Би Б-ийг чи яагаад тулж суугаад байгаа юм бэ гэтэл миний цамцнаас бариад сэгсрээд байсан. Тэгээд би уурлаад түүний уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд барилцаж аваад гэрээс гарсан. Гэрээс гараад хэрэлдэж байгаад Б машиндаа суугаад яваад өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 09 хуудас/

2. Хохирогч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр найз Дын гэрт 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи аваад очсон. Тэдний гэрт Т, Т нар байсан. Бид нар архиа уугаад сууж байтал Д надад хандаад би чамайг цохих уу гээд байсан. Би хажууд сууж байсан Т-тай юм яриад сууж байтал гэнэт миний уруул хэсэгт Д цохиод авсан. Би гайхаад чи яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хуц пизда минь гээд хараагаад байсан. Г.Д миний эмчилгээний зардалд  300 000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/

3. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай найз Д нь төлөв даруу зантай. Архи дарс их уугаад байдаггүй, уурхайд ажилладаг гээд байнга л ажилтай байдаг. Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг ажилсаг хүн байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 10-13 дугаар хуудас/

4. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Манай нөхөр Д нь даруу дөлгөөн зантай. Хүнтэй барагтай хэрэлдэж муудаад байдаггүй, уурхайд ажилладаг. Тухайн өдөр би ажилтай байсан. Ямар шалтгаанаас болоод Р.Бтэй муудалцсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтэд:

-Р.Б-ийн биед дээд уруулын салстад шарх, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. (хх-ийн 20-21 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Г.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 24 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Р.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 263 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Дын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Г.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Г.Дыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал нь шүүгдэгч Г.Дт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч  Г.Дыг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Р.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ