Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 389

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ДУАОКын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, , М овогт Д.Ц

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, , Т овогт Б.М,

Иргэний эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг Бүргэдэй найрамдал 1 дүгээр гудамж 24 тоотод оршин суух, Монголмууд овогт Цэдэнбалжирын Эмүжин /РД:МА07213123/,

Иргэний эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг Бүргэдэй найрамдал 1 дүгээр гудамж 24 тоотод оршин суух, Монголмууд овогт Цэдэнбалжирын Анужин /РД:МА07213100/,

Иргэний эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг Бүргэдэй найрамдал 1 дүгээр гудамж 24 тоотод оршин суух, Монголмууд овогт Цэдэнбалжирын Бадамгарав /РД:МА12311211/ нарт холбогдох

... 14 хоног тусгаарлагдсан төлбөрт нийт 2.380.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч Ц.А, Ц.Э, Ц.Бадамгарав нарын хууль ёсны төлөөлөгч, хариуцагч Д.Ц, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ДУАОКын орлогч дарга, хурандаа С.Пүрэвсамдан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах ажиглан тусгаарлах 6 дугаар байранд 21 хоног тусгаарлагдаж сунгасан 7 хоногийн зардлыг улсаас гаргаж, 14 хоног тусгаарлагдсан төлбөрийг Д.Ц 560.000 төгрөг, Б.М 560.000 төгрөг, Ц.Э 420.000 төгрөг, Ц.А 420.000 төгрөг, Ц.Б 420.000 төгрөг, нийт 2.380.000 төгрөг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Улсын Онцгой Комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 3 дахь заалт, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/76 тоот захирамжийн 3 дугаар заалт, ДУАОКын 2020 оны 03 дугаар сарын 18-ны 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хүрээнд Коронавируст халдвар /СО\/Ю-19/ гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос зөөвөрлөж Дархан-Уул аймагт ажиглан тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах гэрээ байгуулан иргэнийг өдрийн 40.000 төгрөг, 6-12 насны хүүхдийг өдрийн 30.000 төгрөг өөрсдөөс нь гаргуулах гэсэн заалтын дагуу уг иргэд төлбөрийг төлөх чадваргүй шалтгаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1-д заасан иргэний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Д.Ц, Б.М, Ц.Э, Ц.А, Ц.Б нар нийт 2.380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... хариуцагч нар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас зөөвөрлөн Дархан уул аймаг дахь тусгаарлах байранд 14 хоногийн тусгаарлах гэрээ байгуулан иргэнийг өдрийн 40,000 төгрөг 6-12 насны хүүхэд өдрийн 30,000 төгрөгөөр тусгаарласан. Дархан уул аймгийн Онцгой комиссын 17 дугаар хурлын тэмдэглэлээр хүүхдийн нас заасан байдаг. Тухайн үед иргэд маань 2020 оны 03 дугаар сарын 28-аас 04 дүгээр сарын 18 өдөр хүртэл 14 хоног тусгаарлаад тусгаарлалт дуусахаас хоёр хоногийн өмнө Дархан уул аймагт коронавирус нэг илэрсэн тохиолдлоор иргэдийг дахин 7 хоног сунгаад сунгасан 7 хоногийн мөнгийг улсаас даасан. Иргэдээс зөвхөн 14 хоног тусгаарласан төлбөрийн гаргуулах хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл иргэд маань уг төлбөрөө төлж чадахгүйгээс болоод тусгаарлалт явагдаж байгаа аймгийн онцгой коммиссоос Таталбар ХХК-тай тохиролцоод тухайн буудлыг тусгаарлах байр болгож төлбөрийг иргэдээс гаргуулсан төлбөрөөр хийхээр болсон. Гэтэл иргэд төлбөр тооцоогоо хийгээгүй учраас уг байгууллага хохирч байгаа. Тэгээд уг байгууллагыг хохиролгүй болгох үүднээс Дархан уул аймгийн Онцгой коммиссоос дахин шийдвэр гаргаад аймгийн эрсдэлийн сангаас мөнгө гаргаж тухайн байгууллагыг хохиролгүй болгосон. Одоо манай байгууллагын зүгээс тусгаарлагдсан иргэдээс төлбөрийг гаргуулж эрсдэлийн сангаа буцааж бүрдүүлэх зорилготой байгаа... гэх.

 

Эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч Ц.Анужин, Ц.Эмүжин, Ц.Бадамгарав нарын хууль ёсны төлөөлөгч, хариуцагч Д.Ц нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би тусгаарлалтад байсан нь үнэн боловч одоо энэ мөнгийг төлөх чадвар байхгүй. Өөрийн гэсэн мал ахуй байхгүй, байгаа зүйл нь 5 ханатай гэр маань л байна. Эхнэр бид хоёр гэр бүлээрээ Хиагтад үхэр маллаж байгаад маллаж байсан үхэр маань нэг нь жалганд унаж үхсэнээс болоод өөрсдөө өр төлбөрт ороод ирсэн. Одоо тусгаарлалтад байсан мөнгөө төлөх чадвар байхгүй. Энд ажил хийе гэхээр ажил олдохгүй байна... гэжээ.

 

Эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч Ц.Анужин, Ц.Эмүжин, Ц.Бадамгарав нарын хууль ёсны төлөөлөгч, хариуцагч Б.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... төлөх чадваргүй... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон насанд хүрээгүй хариуцагч нарын хууль ёсны төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримт зэргийг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

ДУАОКын нэхэмжлэлтэй ... хариуцагч Д.Ц, Б.М, иргэний эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч Ц.Эмүжин, Ц.Анужин, Ц.Бадамгарав нараас ... 14 хоног тусгаарлагдсан төлбөрт нийт 2.380.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир ньтус комисс болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ... дээрх таван иргэн нь тусгаарлах байранд нийт 21 хоног тусгаарлагдсанаас 7 хоногийн зардлыг улсаас гаргаж, 14 хоног тусгаарлагдсан зардал төлбөрт Д.Ц, Б.М нараас тус бүр 560.000 төгрөг, түүний хүүхдүүд болох Ц.Эмүжин, Ц.Анужин, Ц.Бадамгарав нараас тус бүр 420.000 төгрөг, нийт 2.380.000 төгрөгийг хэргийн 3-7 дугаар талд авагдсан хариуцагч нартай байгуулсан гэрээний 2.6, мөн хэргийн 38-41 дүгээр талд авагдсан Улсын онцгой комиссын тогтоол, Дархан-Уул аймгийн засаг даргын захирамж, тус аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 11 дугаартай хурлын тэмдэглэлийн 4-т зааснаар гаргуулж, аймгийн онцгой комиссын эрсдэлийн санд нөхөн төвлөрүүлэх ёстой хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд дээрх иргэд нь хэдийнээс хэдий хүртэл нийт хэчнээн хоног, хаана тусгаарлагдсан болох, уг тусгаарлагдсан хугацааны зардлыг гэрээнд зааснаар ... нэг өдрийн хоол, ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, хамгаалах хувцас хэрэгсэл, байрны зардалд том хүн 40.000, хүүхэд 30.000 төгрөг байхаар тооцсон гэх боловч нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаарлагаа нотолсон санхүү тооцооны баримт зэргийг хавсаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 -д заасан ... хэргийн зохигч, түүний төлөөлөгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө цуглуулж гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй, хэрэгт энэ байдлыг нотолсон баримт авагдаагүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар ...иргэний эрх зүйн зарим чадамж бүхий Ц.Анужин, Ц.Эмүжин, Ц.Бадамгарав нарыг хэргийн 10 -14, 18 -20 дахь талд авагдсан иргэний бичиг баримтын дагуу түүний эцэг, эх Д.Ц, Б.М нар хуульд зааснаар шүүхэд төлөөлөн оролцсон болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ц, Б.М, иргэний эрх зүйн зарим чадамж бүхий хариуцагч Ц.Эмүжин, Ц.Анужин, Ц.Бадамгарав нараас ... 14 хоног тусгаарлагдсан төлбөрт нийт 2.380.000 төгрөг гаргуулах тухай ДУАОКын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 -д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭНХТАЙВАН