Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 397

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Н.Б, -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар сум, Боржигон овогт Ж.Х, холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... миний бие 2014 онд Жавзмаа овогтой Хишигзаяатай танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 06 сарын 12-нд 2 ихэр охин болох Б.Ц, Б.Ц төрсөн. Н.Б миний иргэний үнэмлэх зөрчилтэй байсан тул гэрлэлтийн баталгаагүй. Бид өөрсдийн гэсэн орон байргүй, ээжийндээ амьдарч байсан. Х нь хүүхдүүдээ төрснөөс хойш биднийг эргэх тойрох нь багассан. Одоо 2 охин маань 5 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй. Одоо охид сургуульд орох нас нь болсон учир 2015 оны 06 сарын 15-нд төрсөн охидод маань Ж овогтой Х хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд хамтран өмчлөх эд хөрөнгө байхгүй. Хүүхдүүдийн эцэг Х нь охидыг өөрийн хүүхэд гэдгээ мэднэ, энэ талаар хүлээн зөвшөөрдөг. Иймээс эцэг тогтоох шинжилгээнд хамрагдах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ шүүх дээр эсрэг бөгөөд зөрчилтэй асуудал гарвал тухайн үед шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх болно гэжээ.

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Ж.Х бид хоёр 2015 онд танилцаад 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хоёр ихэр охинтой болсон. Намайг төрсөн цагаас хойш нэг ч удаа энэ хүн эргэж тойрч ирээгүй. Надтай уулзах гэж ирдэггүй юм аа гэхэд хоёр охинтойгоо ирж уулзах болов уу гэж нэлээн харсан боловч ирээгүй. Охиных нь бие муу байхад ч гэсэн ирээгүй. Тиймээс энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй байна. Миний бие шүүхэд эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Ж.Х нь хүүхдүүдээ өөрийн хүүхэд гэж мэдэж байгаа. Өөрийнх нь хүүхэд биш гэж маргах зүйлгүй. Тийм болохоор эцэг тогтоолгох шаардлагаас татгалзаж байна. Тиймээс Ж.Хгаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Н.Б бид хоёр 2015 онд танилцсан. Н.Б нь намайг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хоёр ихэр охины аав нь болсон гэж надад хэлсэн. Улмаар энэ хүнтэй цаашид хамт амьдаръя гэж бодсон боловч энэ хүний хуучин нөхөр нь гарч ирсэн. Гэтэл Н.Б нь хуучин нөхөртэйгөө амьдрах шийдвэр гаргасан юм. Энэ асуудлаас болоод би хоёр хүүхэд дээрээ очиж уулздаггүй байсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хоёр ихэр охины эцэг нь миний бие мөн гэдэгт маргаан байхгүй тул эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Н.Бийн шүүхэд гаргасан ... Ж.Хг 2 хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ... Ж.Хг 2 хүүхдийн эцэгээр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан тайлбарыг хариуцагч Ж.Х нь ... 2 хүүхдийн эцэг мөн болох, тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч, талууд нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй байхаас гадна, хавтаст хэргийн 1-10, 20 дугаар талд авагдсан нэхэмжлэл, өрхийн эмчийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагын заримыг буюу ... 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хангаж, ... 2 хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1166 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг, мөн хариуцагчаас 2 хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (187.100:2х12=1.122.600 төгрөг*2=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 50.873 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2015 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Цэлмүүн, Б.Цэлмэг нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Ж.Хгаар сар бүр тэжээн тэтгүүлж, хариуцагч Ж.Хгаас ... 2 хүүхдийн эцэг тогтоолгохоор гаргасан Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1166 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг, мөн 2 хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 50.873 төгрөг, нийт 121.073 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Л.ЭНХТАЙВАН