Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 402

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан уул аймаг Дархан сум 4 дүгээр баг 18-18 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхээгийн Идэрбаатар /мт-83022371/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, 1 дүгээр баг Тарвагатай горбушкин 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, Харчууд овогт Нямсүрэнгийн Батсайхан /РД:МП71092679/ -нд холбогдох

3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч С.Идэрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Идэрбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Н.Батсайхан 2018 оны 06 сарын 11-ний өдөр ярьж ах экскаватортой уначихлаа Дархан авч явж үзүүлэх гэсэн юм 3.000.000 төгрөг өгөөч удахгүй өгнө гээд 3.000.000 төгрөг авсан одоог болтол өгөөгүй байна. Энэ 3.000.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 оны 6 дугаар сарын 11 өдөр Н.Батсайхан над руу утасдаад 3,000,000 төгрөг өгөөч ахын бие муу байна гэхээр нь би данс руу нь хийсэн. Түүнээс хойш 7-8 сар болоод утас руу нь залгасан боломжгүй байна гэж хэлсэн. Гэрт нь очиход надтай уулздаггүй гэртээ байхгүй гэж хэлээд гарч ирдэггүй. Утас руу нь залгахаар авдаггүй.Сүүлд нэг залгасан өөдөөс уурлаад шүүхдээд аваарай гэж хэлсэн. Би өөрөө мөнгөө авах гэж хэл амаар доромжлоод мөнгийг чинь өгөхгүй албатай биш ямар гэж уурладаг болсон. Одоо энэ хүнээс 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Идэрбаатарын шүүхэд гаргасан ... хариуцагч Н.Батсайханаас 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь; нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэргийн 1-5, 16, 26-28 дугаар талд авагдсан бичгийн баримт болох нэхэмжлэл, Хаан банкны нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч С.Идэрбаатарын эзэмшлийн 5055345796 тоот данснаас 2018 оны 06 сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг зарлагадсан ба хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан Н.Батсайханы эзэмшлийн Хаан банкны-5685001576 тоот дансанд 2018 оны 06 сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөг орлогод орсон тухай баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3.000.000 төгрөгийг аман хэлцлийн үндсэн дээр богино хугацаа / 14 хоног /-нд буцааж авахаар харилцан тохиролцсон тухай нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр давхар нотлогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болж байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-д зааснаар ...зээлдүүлэгч нь зээлдэгчид 3.000.000 төгрөг /мөнгө/ -ийг түүний дансанд шилжүүлж өгсөн нь дээрх баримтаар нотлогдож байна.

Харин хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар болон няцаасан баримт шүүхэд гаргаагүй, хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчид шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн болох нь хавтаст хэргийн 9-12 дугаар талд авагдсан эрх үүргийг танилцуулсан болон нөлөөллийн баримт, нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт зэргээр нотлогдож байхаас гадна мөн хариуцагчийг шүүхэд ирж хариу тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох талаар шүүхээс удаа дараа мэдэгдсэн тухай хавтаст хэргийн 13-15, 22-25, 29 дугаар талд авагдсан утсаар ярьсан тэмдэглэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 -д зааснаар ...хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх зааснаар Н.Батсайханаас 3.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Идэрбаатарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.950 төгрөгийг гаргуулж С.Идэрбаатарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН