Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2020/02148

 

 

 

 

 

 

 

 

 

   2020           07             01

                               184/ШШ2020/02148

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт байрлах, “Ө-” СӨХ-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Б- овогт П-ийн Л- /РД:-/, 

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Х- овогт С-гийн Т- /РД:-/ нарт холбогдох, 

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-, хариуцагч буюу хариуцагч П.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-, гэрч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 09 сарын 21-ний өдөр “Ө-” СӨХ-ны ээлжит бус хурал зарлагдаж, хурал хийсэн. Энэ СӨХ олон жил удирдах болон хяналтын зөвлөлгүй, санхүүгийн хяналт байхгүй байснаас үүдэн оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөн учраас хурал хийж, хурлын ирц хүрсэн тул оршин суугчид нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон. Удирдах зөвлөл нь С.Наранцацрал гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон. Ажил хүлээлцэж авснаас хойш түрээсийн төлбөр, СӨХ-ны төлбөр болон хуримтлагдсан өр төлбөрүүдийг төлүүлэхээр шаардаж эхэлсэн байгаа. Нэхэмжлэл гаргахыг удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл үүрэг болгосон байгаа. Түрээслэн ажиллаж байсан подвол болон 0 тоотын түрээсийн төлбөрийн тооцоо нийлэх гэхээр санхүүгийн баримт байхгүй байгаа учраас зөвхөн Төрийн банкны дансны хуулгаар тооцоо нийлсэн байгаа. 2017 оны 01 сарын 02-ны өдөр иргэн С.Т- нь “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Б-тэй 26 тоот гэрээ байгуулж, 1 дүгээр орцны 0 тоот, 18 м.кв талбайг 1 сарын 130,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохирч, хэрэв тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0,2%-ийн алданги төлөхөөр тохирч гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоор хийсэн байдаг. Гэрээг 2019 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл 1,6 жилээр сунгахдаа гэрээний нөхцөлийг өөрчлөхгүйгээр дахин сунгасан. С.Т- нь 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүсэлт гаргасны дагуу гэрээ байгуулагдсан байдаг. 2019 оны 10 сарын 07-ны өдөр 26 тоот гэрээг цуцлах хүсэлт гаргаснаар талбайг чөлөөлж өгсөн. С.Т- нь 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл 33 сарын түрээсийн гэрээний дагуу 0 тоотыг ашигласан нь баримтаар тогтоогдож байгаа. Гэрээнд тохиролцсоноор тооцохоор 4,290,000 төгрөгийн түрээс төлөх ёстой болно. 

Иргэн П.Л- нь 2017 оны 02 сарын 16-ны өдөр “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирал асан М.Б-тэй 20 дугаар байрны 1 дүгээр орцны подволийг 1 сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулаад улмаар талууд гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах нөхцөлгүйгээр гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад 2018 оны 02 сарын 16-ны өдрөөс 1 жил 6 сарын хугацаанд талууд дахин сунгасан баримт хэрэгт авагдсан байгаа. Энэхүү гэрээг цаашид сунгах хүсэлтээр талууд тохиролцоод сунгасан байдаг. Мөн 2019 оны 10 сарын 07-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаснаар энэхүү гэрээ дууссан байгаа. П.Л- нь 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл нийт 32 сар түрээсэлсэн гэж үзээд 200,000 төгрөгөөр тооцоход 6,400,000 төгрөгийн түрээс төлөх үүрэгтэй байна. Ингээд энэ эхнэр нөхөр 2 хамтдаа 10,690,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой байснаас Төрийн банкны дансны хуулгаар тооцоолж үзэхэд 7,190,000 төгрөгийг дансаар төлөгдсөн гэдэг тал дээр хариуцагч нар огт маргаагүй. Энэ хүмүүс нь нэг гэр бүлийн хүмүүс учраас төлбөрийг хамтад нь шилжүүлдэг байсан. Хариуцагч нь 2017 оны 01 сарын 20-ны өдөр 130,000 төгрөг төлсөн М.Б-гийн гарын үсэгтэй баримт, 2017 оны 02 сарын 16-ны өдөр 75,000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний баримт, мөн Төрийн банкны 1,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Ингээд нийт 1,205,000 төгрөгийг төлсөн баримт байгаа учраас хасаж тооцон одоо 2,295,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч буюу хариуцагч П.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...С.Т- миний бие 2017 оны 01 сараас 2019 оны 10 сар хүртэл нийт 33 сарын хугацаанд 0 тоотыг түрээсэлсэн. П.Л- нь подволийг 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2019 оны 09 сар хүртэл нийт 32 сарын хугацаанд түрээслээгүй, 31,5 сар байгаа. Учир нь 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс эхэлж түрээсэлсэн учир тал түрээс гэж 75,000 төгрөгийг анх гэрээ хийхдээ өгчхөөд ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн 0 тоотын түрээстэй хамт төлж явахаар болсон байсан. Миний түрээслэсэн 0 тоотын түрээсийн төлбөр сарын 130,000 төгрөг, манай нөхөр П.Л-ийн түрээсэлсэн түрээсийн төлбөр сарын 150,000 төгрөг байсан. Ингээд бид 2 хамтдаа сард 280,000 төгрөг төлж ирсэн. Подволийн түрээсийн гэрээнд 200,000 төгрөгөөр тохирсон байсан ч 150,000 төгрөгөөр төлдөг байсныг тухайн үеийн захирал М.Б- гэрчилнэ. Би 0 тоотын 130,000 төгрөгийн түрээсийг 33 сарын турш төлсөн гээд тооцоход тооцоо таарч байна. 2017 оны 02 сарын 130,000 төгрөг, 2017 оны 06, 07 сарын 260,000 төгрөг, 2019 оны 06 сарын 130,000 төгрөгийг тус тус бэлнээр өгснийг гэрчээр гэрчлүүлнэ. Би зарим үед СӨХ-д бэлнээр түрээсээ төлчихдөг байсан. СӨХ ийм асуудалтай болно гэж бодоогүй учраас баримтуудаа устгасан байна. Миний түрээсийн тухайд 520,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэхдээ баримт нь байхгүй учраас гэрчээр гэрчлүүлэх юм. Би 33 сарын хугацаанд сарын 130,000 төгрөгөөр нийт 4,290,000 төгрөгийн түрээс төлнө гэж нэхэмжлэгчийн тооцоолсон нь зөв. Харин П.Л- нь подволийн гэрээг 200,000 төгрөг гэж байгуулсан боловч подволийн үүдний хэсгийг түрээслээгүй, СӨХ-ийн сантехникч энэ тэр гээд янз бүрийн хүмүүс орж гардаг байсан тэр хэсгийг ашиглахгүй гээд 1 сарын 150,000 төгрөгөөр төлж явж байсан. Тэгэхээр 31.5 сарын 1 сарын 50,000 төгрөгийн зөрүү тооцвол 1,575,000 төгрөг гарч ирж байгаа. Мөн 2017 оны 03 сарын түрээс 150,000 төгрөгийн оронд подволийн төмөр хаалгыг нь сольж бүргэд хаалга хийж, гадуур нь төмрөөр хашлага гагнуураар хийлгэсэн учраас суутгаж тооцсон. Энэ талаар тухайн үедээ СӨХ-ны дарга М.Б-тэй тохиролцоод түрээсийн төлбөртөө суутгуулж байсан. Энэ талаар хэрэгт зураг нь авагдсан байгаа. 2020 оны 10 сарын 07-ны өдөр подволийг хүлээлгэж өгсөн боловч тооцохдоо 10 сарын түрээсийг бүхэлд нь нэхэж тооцсон байгаа учраас тэрний 50,000 төгрөг байх. Анх 0 тоот болон подволийг бид 2 түрээслэхэд хэрэглээний 00, угаалтуур, суултуур байгаагүй. Би 0 тоотыг бэлтгэлийн өрөөний зориулалтаар ашигладаг байсан. Анх түрээслэхэд өмнөх хүн нь хаяад явсан гээд маш муухай байсныг би өөрөө 727,000 төгрөгөөр тохижилт, засвар, засан сайжруулалт хийж байсан. Халуун, хүйтэн усны тоолуур, суултуур, угаалтуур, разетка гэрэл гэх мэт тавиулсан. Одоо түрээсэлж байгаа хүн нь энэ бүхнийг хэрэглэж байгаа. Би тэр мөнгийг авна гэж хэлээгүй хэдий ч ийм зүйл хийсэн гэж тайлбарлаж байна. Энэ талаар хийсэн гэсэн баримт нь байхгүй байгаа хэдий ч тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байдаг. Би эдгээр зүйлийг хийж байсан гэж тайлбарлаж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Одоо нэхэж байгаа мөнгө нь П.Л-гийн гэрээний төлбөрийн зөрүү 50,000 төгрөгийг нийт сард үржүүлж нэхэж байна гэж ойлгогдож байна. Бид хоёрын хувьд түрээсийн төлбөр төлөөгүй сар байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “Ө-” СӨХ нь хариуцагч П.Л-, С.Т- нарт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 4,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, 2,295,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нарын түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг тус бүрт нь тодорхойлох боломжгүй, хамтдаа түрээсээ төлөөд явдаг байсан учир зааглаж болохгүй байгаад байна. П.Л-той байгуулсан гэрээгээр сард 200,000 төгрөгөөр 32 сарын түрээс 6,400,000 төгрөг, С.Т-тай байгуулсан гэрээгээр сард 130,000 төгрөгөөр 33 сарын түрээс тооцоход 4,290,000 төгрөг, нийтдээ 10,690,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой байснаас дансны хуулгаар 7,190,000 төгрөг, хариуцагч нарын гаргаж өгсөн баримтаар 1,205,000 төгрөг төлөгдсөн байна. Үлдэх 2,295,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нар “…7,190,000 төгрөгийг дансаар төлсөнд маргаангүй, 1,205,000 төгрөгийг төлсөн баримт байгаа, үлдэх төлбөрийг СӨХ-д бэлнээр төлж байсан, П.Л-ийн түрээсийн төлбөр 200,000 биш, 150,000 төгрөг байсан. Одоо СӨХ-д төлөх өр төлбөргүй...” хэмээн маргав.

 

“Ө-” СӨХ нь С.Т-тай 2017 оны 01 сарын 02-ны өдөр №26 тоот “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 20 дугаар байрны 1 дүгээр орцны 18 м.кв талбай бүхий 00 тоотын өрөөг сарын 130,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэж, хугацааг дахин 1 жил 6 сараар сунгаж, гэрээг 2019 оны 10 сарын 07-ны өдөр гэрээг болгожээ. /хх-16-18/

 

П.Л- нь 2017 оны 02 сарын 16-ны өдөр “Ө-” СӨХ-той №27 тоот “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-г байгуулж, гэрээгээр 20 дугаар байрны 1 дүгээр орцны подволийг сарын 200,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслэж, мөн хугацааг 1 жил 6 сараар сунгаж, 2019 оны 10 сарын 07-ны өдөр гэрээг дуусгавар болгосон үйл баримтын тухайд талууд маргаагүй болно./хх-12-14/ 

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулжээ. 

 

Хариуцагч С.Т-тай байгуулсан гэрээний үнийн дүн болох сарын 130,000 төгрөг, нийт 33 сарын хугацаанд талууд маргаагүй ба харин П.Л-той байгуулсан гэрээний үнийн дүнг нэхэмжлэгч 200,000 төгрөг, хариуцагч 150,000 төгрөг сард төлөхөөр тохиролцсон гэж маргадаг. 

 

П.Л-той байгуулсан №27 тоот “Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ”-нд сар бүрийн түрээс 200,000 төгрөг байхаар тусгасан байх боловч хариуцагч нарын 2017 оноос 2019 оныг хүртэл сар бүр төлсөн тогтмол дүн 280,000 /150,000+130,000/ төгрөгийн баримт, мөн “Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Б-аас шүүх хуралдаанд хууль сануулан авсан “...эхэлж түрээсийн гэрээнд 200,000 төгрөг гэж тавьсан. Өрөөг ашиглахгүй бол сарын 150,000 төгрөгөөр төлж болно гэж өөрийнхөө тэмдэглэгээнд 150,000 төгрөг гэж тэмдэглэсэн байж байгаа. Тэгээд энэ хүмүүс 150,000 төгрөгөөр төлбөрөө төлж байгаа, 150,000 төгрөг гэдгийг амаар тохиролцсон...” гэх гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд гэрээний үнийг сар бүр 150,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх-20х/

 

“Ө-” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2016 оны 08 сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж байсан гэрч М.Б- шүүхэд өгсөн  мэдүүлэгтээ “....П.Л-, С.Т- нар нь 2017, 2018, 2019 оны 06 сарыг дуустал түрээсийн өр төлбөргүй байсан, мөн нэхэмжлэгчийн шаардсан төлөгдөөгүй гэх саруудын төлбөрийг бэлнээр хүлээн авсан, баримт нь СӨХ-ны санхүүгийн баримтанд байгаа, мөн 2017 оны 03 сарын П.Л-ийн түрээсийн төлбөрт тооцон төмөр хаалга хийлгэсэн, 2019 оны 06 сарын түрээс 280,000 төгрөгийг бэлнээр баримтгүй авч ажилчдын цалин тавьсан...” гэх мэдүүлгээр хариуцагч нарын “...зарим сарын төлбөрийг СӨХ-ны даргад бэлнээр төлж байсан” гэх тайлбар нотлогдов. 

 

 Тэгэхээр хариуцагч нарын нийт төлбөл зохих түрээсийн төлбөр С.Т-ын тухайд 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 сарын 06-ны өдрийг дуустал 33 сар 4 хоногийн 4,307,333 төгрөг, П.Л-ийн тухайд 2017 оны 02 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 06-ны өдрийг дуустал 31 сар 20 хоногийн 4,750,000 төгрөг, нийт 9,057,333 төгрөг байна. 

 

Үүнээс дансаар 7,190,000 төгрөг, 2016 оны 12 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг түрээсийн гэрээний барьцаа болгон төлснийг 2019 оны 7,8,9 сарын П.Л-, С.Т- нарын түрээсэнд суутгуулсан, 2017 оны 01 сарын 02-ны өдөр 130,000 төгрөг, 2017 оны 02 сарын 16-ны 75,000 төгрөг тус тус бэлэн мөнгөний баримтаар, 2017 оны 03 сарын түрээсэнд тооцож 150,000 төгрөгөөр хаалга хийлгэсэн, С.Т-ын 2017 оны 06, 07 сарын түрээс 260,000 төгрөгийг бэлнээр М.Б-д төлсөн, 2019 оны 06 сарын П.Л-, С.Т- нарын түрээс 280,000 төгрөгийг мөн бэлнээр М.Б-д төлсөн байна. Тэгэхээр хариуцагч нар 27,667 төгрөгийг илүү төлсөн болох нь тогтоогдов. /9,057,333-7,190,000-1,000,000-130,000-75,000-150,000-260,000-280,000= -27,667/ Тиймээс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч нараас төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй. /хх-19, 20, 30-32/

 

Дээр тооцсон 2017 оны 03 сарын түрээсэнд бодож 150,000 төгрөгөөр хаалга хийлгэсэн, С.Т-ын 2017 оны 06, 07 сарын түрээс 260,000 төгрөгийг бэлнээр М.Б-д төлсөн, 2019 оны 06 сарын П.Л-, С.Т- нарын түрээс 280,000 төгрөгийг мөн бэлнээр М.Б-д төлсөн, нийт 690,000 төгрөгийн үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүйн зэрэгцээ дээрх мөнгийг хариуцагч нар төлөөгүй гэх баримтыг нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “Ө-” сууц өмчлөгчдийн холбооны өмнөх болон одоогийн удирдлага хоорондоо маргаантай байгаа эсэх, холбооны өмнөх гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар ажлаас чөлөөлөгдсөн эсэх, санхүүгийн баримт нь бусдад байгаа эсэх нь тухайн СӨХ-ны дотоод асуудал бөгөөд санхүүгийн баримтууд нь өмнөх удирдлагад байгаа шалтгаанаар эд хөрөнгө хөлслөгч П.Л-, С.Т- нараас үндэслэлгүйгээр төлбөр шаардах учиргүй. 

 

Дээрх үндэслэлээр “Өнөр 20” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Л-, С.Т- нарт холбогдох 2,295,000 төгрөг гаргуулах тухай “Ө-” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.УРАНЗУЛ