Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00710

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2020/01048 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1334 дүгээр магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй

Т.Отгонжаргалд холбогдох

 33,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******аас*******д холбогдуулан 33,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2020/01048 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч*******аас 30,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 310,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1334 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2020/01048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Машины үнэлгээг 37,500,000 төгрөгөөр тогтоосон баримт хэрэгт байхгүй. 2014.08.18-ны өдрийн хэлцэлд машины үнэ 37,500,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар харилцан тохиролцож 2014.08.18-нд 21,250,000 төгрөгийг /урьдчилгаа/ төлбөрт хүлээлцэн өгсөн болно. Нэмэлт заалт: үлдэгдэл 16,250,000 төгрөг буюу 650 ширхэг палкийг 2014.09.20-ны өдөр хүлээлгэн өгсөн даруй тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцов. Тээврийн хэрэгсэлийг 2014.08.18-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Хэлцэлд зааснаар хэлцлийг ойлгохдоо үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байна. Гэтэл Отгонжаргал 2014.08.18-ны өдөр 21,250,000 төгрөг тоолж аваагүй юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүх, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолд хариуцагч, нэхэмжлэгч нар палкны үнэ болон машины үнэ зэргийг тогтоолгож маргаж байсан. Энэ талаар удаа дараагийн шүүхийн шийдвэр магадлалд дурдсан байдаг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхэд хариуцагчаар ******* нь оролцохдоо удаа дараагийн шүүх хуралдаанд ...2014 оны 8 сард Мандал суманд явж байхад Хино рэнжир маркийн 6310 БНХ улсын дугаартай ачааны автомашины шилний урд зарна гэсэн бичиг байхаар нь утасны дугаар луу нь залгаж Отгонжаргалтай уулзаж танилцаад палкаар машиныг солих талаар ярилцаад 1,500 ширхэг палкаар солихоор болж, ...уг машин нь зах зээлийн ханшаар 37,500,000 төгрөгийн үнэ хүрэхгүй гэж үзэж байна. Отгонжаргалтай машиныг палкаар солихоор гэрээ хийхдээ машиныг нь 37,500,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь 1,500 ширхэг палкийг Мандал суманд зарагдаж байгаа 1 ширхэг палкны үнэ болох 12,000 төгрөгөөр тооцож бодоход нийтдээ 18,000,000 төгрөг болж байгаа, гэтэл Отгонжаргал нь 1 ширхэг палкийг 25,000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 280 ширхэг палкийг нэхэмжилж байна. Отгонжаргал нь надаас 1 ширхэг палкийг 12,000 төгрөгөөр авсан. Отгонжаргалд палкийг өгөөгүй байхдаа гэрээ хийсэн. Гэрээ хийх явцад Отгонжаргал нь палкны үнийг 25,000 төгрөгөөр тооцоод биччих учир нь цаашаа компанид зарах гэж байгаа гэхээр нь 25,000 төгрөгөөр тооцоод гэрээ хийсэн. Одоо Отгонжаргалд 280 ширхэг палк өгөх үлдэгдэлтэй байгаа гэж тайлбар гаргадаг байжээ. Харин 2019 оны 12 дугаар сард СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө бэлэн мөнгө өгсөн мэт нэхэмжлэл гаргасан байдаг. Бид Сүхбаатарын нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр 2014.08.18-ны өдрийн Хэлцэл гэх баримтаар машины үнийг тодорхойлох боломжгүй байгааг анхаарч үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Хэргийн оролцогчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн удаа дараагийн магадлал, тогтоол, шүүхийн шийдвэрүүдийг анхаарч үзэж анхан шатны шүүхээр хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Т.Отгонжаргалаас Hino ranger маркийн автомашиныг 37,500,000 төгрөгт тооцож 1,500ш палкаар худалдаж авахаар тохирч 1,220ш дүнзэн палкийг өгч, автомашиныг хүлээн авсан, хариуцагч нь автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй байснаас 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас автомашиныг*******ын төлбөрт хурааж авсан. ...автомашиныг худалдаж авахын тулд Баянхонгор аймагт палк дүнз модыг хүргэж өгөхөд шатахууны зардалд 2,500,000 төгрөг зарцуулсан. ...одоо автомашиныг буцаан авах боломжгүй тул гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн 30,500,000 төгрөг, шатахууны үнэ 2,500,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарласан,

Хариуцагч нь: ...нэхэмжлэгч нь автомашины үлдэгдэл төлбөр 280 ширхэг палкийг өгөөгүй гэрээгээ зөрчсөнөөс автомашины эзэмшигчийн нэр шилжээгүй, ...автомашиныг хурааж авахад гэмтэлтэй байсан, ...нэхэмжлэгч нь автомашиныг хурааж авсан 2017 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэл гаргаж байгаагүй тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 Хэрэгт цугларсан баримтаар, зохигч 2014.08.14-ний өдөр автомашин худалдах-худалдан авах хэлцэл хийж, худалдагч******* өөрийн эзэмшлийн Hino ranger маркийн 6310 БНХ улсын дугаартай автомашиныг худалдан авагч *******т 37,500,000 төгрөгөөр буюу 1,500 ширхэг дүнзэн палкаар худалдахаар тохирч, урьдчилгаа 21,250,000 төгрөгийг буюу 850 ширхэг палкийг хүлээн авч, үлдэгдэл 16,250,000 төгрөг буюу 650 ширхэг палкийг 2014.09.20-ны өдөр хүлээлгэн өгсөн даруй тээврийн хэрэгслийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ хийсэн өдрөө тээврийн хэрэгслийг худалдан авагчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн,

гэрээний дагуу ******* 2014 оны 10 сард 370 ширхэг палкийг худалдагчид шилжүүлсэн, төлбөр бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр тээврийн хэрэгслийн эзэмших эрх худалдан авагчид шилжээгүй байхад 2017.12.27-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Эд хөрөнгө хураах тухай 02/17030147 дугаартай тогтоолоор*******ын бусдад төлөх төлбөрт автомашиныг хураан авсан,

хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж 2015 оноос шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017.01.11-ний өдөр нэхэмжлэлээ татан авсан, нэхэмжлэгч нь 2018 онд хариуцагчийг хаягтаа байхгүй үндэслэлээр эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018.09.04-ний өдрийн 2018/ШЗ/252 шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан үйл баримт тогтоогджээ.

 8. Зохигчийн хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр худалдан авагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцжээ.

 Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 Гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаан биет байдлаар эргүүлж төлөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зохицуулсан тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шилжүүлсэн палкийг хариуцагч захиран зарцуулсан, буцаан өгөх боломжгүй үндэслэлээр палкны үнийг гэрээ байгуулах үед харилцан тохиролцсон үнэд шилжүүлсэн мөнгөөр нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд автомашины урьдчилгаанд өгсөн 1,220 ширхэг палкны үнэ буюу 30,500,000 төгрөгийг /1ш палк=25,000 төгрөг х 1,220 ш/ хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 Харин палкийг хүргэж өгсөн шатахууны үнэ 2,500,000 төгрөгийг гэрээнээс татгалзснаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн боловч энэ талаар гэрээгээр тохиролцоогүй, нэхэмжлэлийн энэ шаардлагаа баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцжээ.

 Мөн нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй талаарх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 9. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...автомашины үнийг 37,500,000 төгрөгөөр тогтоосон баримт байхгүй, ...палкийг 12,000 төгрөгөөр тооцож өгсөн талаар нэхэмжлэгч нь урьд тайлбарлаж байсан, ...нөгөөтэйгүүр Хэлцэл гэх баримтаар автомашины үнийг тодорхойлох боломжгүй байгааг анхаарч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

 Хэргийн 5 дугаар талд авагдсан Хэлцэл гэх баримтад талууд үлдэгдэл 16,250,000 төгрөгийг 650 ширхэг палк гэж тодорхойлсон /16,250,000₮:650ш палк=25,000₮/, мөн хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 280 ширхэг палкийг 7,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байснаас үзэхэд талууд нэг ширхэг палкийг 25,000 төгрөгөөр үнэлсэн, улмаар 1,500 ширхэг палк 37,500,000 төгрөг болж байх тул автомашиныг 37,500,000 төгрөгөөр үнэлсэн нь баримтаар нотлогдсон гэж үзнэ.

 Иймд дээрх нөхцлийг тодруулахаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй, энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2020/01048 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1334 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2022.08.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                               Г.БАНЗРАГЧ

                                                    Б.МӨНХТУЯА

                                                         Х.ЭРДЭНЭСУВД