| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 221/2025/0042/З |
| Дугаар | 221/ШШ2026/0005 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/ШШ2026/0005
2026 03 16 221/ШШ2026/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Л.Одбаатар, Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “О” ХХК
Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц нар оролцов.
Хэргийн индекс: 221/2025/0042/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “О” нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Манай компани нь харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах түүний ашиглалтыг Монгол улсын нутаг дэвсгэр, хот хоорондын суурин ярианы үйлчилгээг явуулдаг хуулийн этгээд юм. Харилцаа холбооны зохицуулах хороо нь аж ахуй нэгжүүдэд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог бөгөөд тусгай зөвшөөрлийг олгосны дараа Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд зохицуулалт хийдэг. Тухайн зохицуулалтаа Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасан “... сүлжээ хооронд харилцан холболт хийх сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” заалтын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 33 дугаартай тогтоол баталж, зохицуулалтын баримт бичиг буюу захиргааны хэм хэмжээний акт гаргаж Захиргааны хэм хэмжээний актын улсын санд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5303 дугаартайгаар бүртгүүлжээ.
2.1. Тухайн журмын зарим зохицуулалт нь холбогдох хуулийг зөрчсөн талаар:
2.1.1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд Гэм буруугийн зарчмыг тодорхойлсон ба тус зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан байдаг.
2.1.2. Дурдсан асуудлаар харилцаа холбооны үйлчлэгч “О” ХХК нь цагдаагийн байгууллагад хандаж, гэм буруутай этгээдийг олж тогтоолгох талаар хүсэлт гарган хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрх Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан тус журмын 2 дугаар хэсгийн 2.10 дахь заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулахгүйгээр бүх хохирлыг үйлчилгээ эрхлэгч барагдуулахаар заасан нь эрх зүйн байдлыг дордуулж, захиргааны байгууллагаас хуульд зааснаас өөр хэлбэрээр хохирол барагдуулах үүргийг хүлээлгэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах наад захын шаардлагыг зөрчсөн байж болохоор байна.
2.1.3. Гэм буруутай байх нь гэмт хэргийн нэг гол шинж болдог ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж гэм буруугүйн зарчмыг хуульчилсан нь хүний эрхийг хамгаалсан онолын төдийгүй практикийн онцгой ач холбогдолтой зохицуулалт юм. Гэмт үйлдэл, эс үйлдэхүйг санаатай ба болгоомжгүй хийсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар гэм буруутай гэж үзнэ. Өөрөөр хэлбэл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол учирсан тохиолдолд гэм буруутай этгээд хохирол, хор уршгийг барагдуулах үүргийг хүлээдэг.
2.1.4. Аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг зөвхөн шүүхээр хянан хэлэлцэж хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх ёстой бөгөөд гэм буруугүйгээр учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан гэм буруугийн зарчмын үндсэн шинж юм.
2.1.5. Иймд тухайн журамд гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар тусгайлан заах шаардлагатай бөгөөд хэрэв заагаагүй тохиолдолд эрх зүйн нийтлэг зарчмыг удирдлага болгож эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
2.1.6. Мөн Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх талаар зохицуулсан байдаг. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан дээрх “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10 дахь заалт нь гэм хор учруулсан этгээдээр гэм хорыг арилгуулах тухай хуулийн заалтыг зөрчиж гэм хор учруулаагүй этгээдээр хохирлыг хариуцан барагдуулна гэсэн нь Иргэний хуулийн 52 дугаар бүлгийг бүрэн зөрчсөн гэж үзэж байна.
2.1.7. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж хууль биелүүлэх ажлыг хариуцан ажилладаг бөгөөд “...Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тоот тогтоолоор Харилцаа холбооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчсөн байна. Уг заалтад “Харилцаа холбооны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байхад дээрх журмыг батлахдаа гэм хор учруулсан этгээд эсхүл гэмт хэргийн шинжтэй цахим халдлага үйлдсэн этгээд эсхүл бусдад хохирол учруулсан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай огтхон ч харгалзан үзэлгүй зөвхөн сүлжээнд холбогдсон этгээд хариуцна гэж журам баталсан.
2.1.8. Дээрх журмын “гадны халдлага” гэх ойлголт нь кибер гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг агуулгаар зохицуулагдахаар байхад захиргааны байгууллага тогтоол гарган журам баталж энэхүү журмыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5303 дугаартайгаар Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг.
2.1.9. Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 тоот тогтоолоор баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтууд болон журмыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
2.2. Дотоодын харилцан холболтын талаар:
2.2.1. “О” ХХК нь цахим халдлагад өртөж, улмаар мэдээллийн системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн этгээд нь манай компани болон “Ж” ХХК хоорондын олон улсын ярианы гарцыг ашиглан залилах гэмт хэргийн шинжтэй дуудлага хийж хохирол учруулсан.
2.2.2. Энэхүү мэдээллийн системд нэвтэрч залилангийн дуудлага хийсэн халдлага нь дотоодын харилцан холболтын яриа болон мессеж дамжуулах үйлчилгээнд хамааралгүй юм. Мөн “Ж” ХХК нь мэдээллийн системд үйлдэгдсэн халдлагаар дамжуулан дотоодын харилцан холболтын шугамыг хаасан. Дотоодын шугам гэдэг нь “О” ХХК-ийн 79ХХ дугаарлалтаас “Ж” ХХК-ийн 93ХХ, 97ХХ, 98ХХ, 83ХХ дугаарлалт руу 2 талын чиглэлд яриа болон мессеж солилцох шугамыг хэлнэ.
2.2.3. Кибер халдлага нь мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээнд холбогдсон этгээд хариуцна гэж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, гэм бурууг шийдвэрлэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг огтхон ч харгалзан үзэхгүй зөвхөн сүлжээнд холбогдсон этгээд хариуцна гэх захиргааны актаар зохицуулж байна.
2.2.4. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, хот хооронд суурин ярианы үйлчилгээ эрхлэх гэсэн хамрах хүрээтэй байдаг. “О” ХХК болон “Ж” ХХК-иудын хооронд дотоодын яриа болон мессежний маргаантай асуудал байхгүй. Ийнхүү байхгүй нь дотоодын яриа, мессеж хэвийн илгээх үйлчилгээ явуулах бүрэн боломжтой байсан. Харилцаа холбооны зохицуулах хороо нь уг зохицуулалтыг хийж өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус юм.
2.2.5. Иймд дээрх байдлаар холбогдох тогтоол нь хуульд нийцээгүй байх тул Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай Тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Нэхэмжлэлийн шаардлагад Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмын 2.3 болон 2.10 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсэг , Иргэний хуулийн 52 дугаар бүлэг, Харилцаа холбооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хууль бус гэж үзжээ.
3.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг бие даасан зохицуулах байгууллага юм.
3.3. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, зааглах цэгийг зохицуулалтыг Олон улсын цахилгаан Холбооны байгууллагаас гаргадаг баримт бичиг, зохицуулалтын гарын авлага, Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд болон Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд хийдэг.
3.4. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-т заасан “харилцан холболт гэж хоёр үйлчлэгчийн сүлжээ хоорондын холболтыг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актаар харилцаа холбооны сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний нөхцөл тогтоох, сүлжээ хоорондын харилцан холболтын төлбөр, сүлжээнд холбогдох төлбөр, сүлжээ хооронд харилцан холболтын орлого хуваарилах, зааглах цэг тогтоохтой харилцааг зохицуулдаг. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т үйлчлэгч нь техникийн боломжийг харгалзан өөрийн сүлжээнд бусад сүлжээг саадгүй холбох нөхцөлийг хангана гэж заасан байдаг бөгөөд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын 2.3 дахь зохицуулалт нь харилцаа холбооны сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбохоос өмнө техникийн болон гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон чухал зохицуулалт юм. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид нэг зах зээлд өрсөлдөж байгаа хэдий ч өөр хоорондоо харилцан холболт хийхгүй бол тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байдаг тул журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан техникийн нөхцөл хангагдсанд тооцож, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч нь ямар нэгэн татгалзал, саадгүйгээр харилцан холболт хийх үүргийг бий болгох эрх зүйн үр дагавартай, салбарын суурь зохицуулалтын нэг юм.
3.5. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2.10 дахь заалт нь үйлчилгээ эрхлэгч өөрийн системийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй, хэрвээ уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хооронд харилцан холболт хийсэн эсхүл сүлжээнд нь холбогдсон харилцаа холбооны үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцна гэдэг гэрээний талуудын хариуцлагын зохицуулалт юм. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад үндэслэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг буюу “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэх заалтыг зөрчөөгүй буюу харилцан холболтын гэрээ нь Иргэний хуулийн дагуу талууд харилцан тохиролцсоноор байгуулсан , гэрээний хариуцлагын зохицуулалт юм.
3.6. Нөгөөтээгүүр, энэ зохицуулалт нь хэрэглэгчийг хуурамч дуудлагаас сэргийлэх, найдваргүй системээр дамжуулан бусад үйлчилгээ эрхлэгчийн систем, тоног төхөөрөмжид гэмтэл учруулах зэрэг эрсдэлийг зохицуулах зорилготой. Хэрвээ нэхэмжлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах эрсдэлийг хүлээх чадваргүй бол бусадтай харилцан холболтын гэрээ байгуулах, цаашлаад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх шаардлагагүй юм. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зөвшөөрөл гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэхээр олгосон эрхийг гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч “О” ХХК-д олгосон харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа нь хэрэглэгчид шууд хүрч ажилладаг учир тодорхой эрсдэлийг үйлчилгээ эрхлэгч өөрөө хариуцах чадвартай байх шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшиж байсан харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь тусгай болбол шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй бөгөөд тус хорооноос баталсан маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.
3.7. Нэхэмжлэлд мөн маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл “О” ХХК нь иргэний нэхэмжлэгчийн хувиар тухайн буруутай этгээдээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх зүйн боломж байгаа бөгөөд салбарын суурь зохицуулалтыг тусгасан, маргаан бүхий захиргааны хэмжээний актын холбогдох хэсгүүд нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.8. Шүүх бүрэлдэхүүн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн захиргааны хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой гэж үзэж нэхэмжлэгч “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл байдлын талаар холбогдох мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:
3.9. Ийнхүү тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны үр дагаварт Зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Зөвшөөрлийг хүчингүй болгосон нь тухайн зөвшөөрөл эзэмшигчээс зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаатай холбогдуулан бусадтай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болно” гэж заасан тул “О” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд байгуулагдсан харилцан холболтын гэрээнүүдийг цуцлах нөхцөл үүссэн. Тодруулбал, нэхэмжлэгч “О” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх 8 тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан “Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ”-нүүд цуцлах нөхцөл бүрдсэн тул харилцан холболтыг салгахгүй байх зорилгоор актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.
3.10. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох нэрийдлээр Зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6-д “Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдээс зургаан сарын дотор тухайн зөвшөөрлийг дахин хүссэн өргөдлийг хүлээж авахгүй” гэх зохицуулалтад заасан хугацааг харилцан холболтоо салгахгүйгээр маргаан бүхийн захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хүсэлт өгч, хугацаа авах зорилготой байж болзошгүй гэж үзэж байна.
3.11. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь 2021 онд батлагдсан бөгөөд Зохицуулах хороо нь энэхүү баримт бичгийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч нараас бичгээр болон хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж, журмыг Захиргааны ерөнхий хуулийн шаардлагад нийцүүлж батлан гаргасан. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын хэлэлцүүлгийн явцад болон батлагдсанаас хойших хэрэгжилтийн явцад эдгээр заалттай холбогдуулан хүчингүй болгох хүсэлтийг нэхэмжлэгч болон өөр ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшигч гомдол гаргаж байгаагүй болно.
3.12. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангах системийг бий болгох, өөрийн системийг гадны халдлагаас хамгаалах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх, хөгжүүлэх, харилцан холболт хийгдсэн талуудад эрсдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй. Улмаар харилцан холболт хийсэн талууд харилцан хариуцлага хүлээнэ, хэрвээ уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хоорондын харилцан холболт болоод сүлжээнд нь холбогдсон харилцаа холбооны бусад үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцна, энэ эрсдэлийг манай компани хүлээнэ гэж анх тусгай зөвшөөрөл авсан атлаа үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад “Ж” ХХК хохирол учруулсны дараагаар манай компани гэм буруугүй, бид эрүүгийн хэргийн хохирогч, би хариуцлага хүлээхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хариуцлагагүй үйлдэл юм.
3.13. Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг оператор компани нь бизнес эрхэлж, ашиг олж байгаагийн хувьд өөрийн сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах нь нэн тэргүүний үүрэг бөгөөд хэрвээ энэ үүргийг биелүүлэхгүй гэвэл хэрэглэгч тухайн үйлчилгээг сонгох, нөгөөтээгүүр ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид харилцан холболт хийж, өөрийн системд бодитой эрсдэл үүсгэхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо харилцан холболтын асуудлыг яагаад зохицуулдаг, талуудад гэрээний жишиг загвар гарган, адил нөхцөлтэйгөөр, гэрээ байгуулахыг үүрэгжүүлэн, хянаж бүртгэдэг гол зорилгуудын нэг нь системийн аюулгүй байдлыг талууд өөрсдөө хамгаална гэдэг нэгдсэн нэг зарчим, ойлголцолд хүргэх явдал байдаг.
3.14. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсхүл ямар хуультай зөрчилдсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан эрүүгийн хэрэг нь бодитоор үүссэн эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хаана, ямар шатанд явагдаж байгаа талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь Зохицуулах хороонд ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25/061 албан тоотын хавсралтад Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4/1610 тоот гомдлын хариу албан бичгийг ирүүлдэг. Уг албан тоотод 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5328 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, бүртгэлийн Г-276 дугаартай материалыг хянаад, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагааг гүйцэтгүүлэхээр Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэст хэргийг хүргүүлсэн тухай мэдэгдэл ирүүлдэг. Гэхдээ түүнээс хойш буюу 2024 оны 09 дүгээр сараас хойш хэрэг бүртгэлийн ажиллагаа ямар шатанд яваа, хэрхэн шийдэгдсэн талаар тодорхой баримт гаргаж өгдөггүй.
3.15. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл иргэний нэхэмжлэгчийн хувиар тухайн буруутай этгээдээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Түүнээс бус маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсгийг буюу тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээ эрхлэгчид тусгайлан хүлээлгэдэг журмын үндсэн зохицуулалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрвээ энэхүү зохицуулалт хүчингүй болбол харилцаа холбооны сүлжээний найдвартай байдал алдагдах, цаашид үйлчилгээнд доголдол үүсэх эрсдэлтэй юм. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.4-т үйлчлэгч нь “Харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах” гэж заасан байдаг.
3.16. Төгсгөлд нь “О” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуульд заасан холбогдох нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй, хангаж ажиллаагүйн улмаас харилцан холболт хийгдсэн бусад тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчийн систем халдлагад өртөж, бодитой хохирол учруулсан. Энэ нь гэрээний үүргийн зөрчил байсан тул “Ж” ХХК нь Иргэний хуулийн дагуу хохирлоо нэхэмжилж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь шүүхийн тогтолцоог ашиглаж төрөл бүрээр хэрэг, маргаан үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх хуулийн үндэслэлээр өөр бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулж, удаашруулах санаа зорилготой байж болзошгүй байгааг дурдах нь зүйтэй.
3.17. Иймд “О” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ийн 2.3 болон 2.10 дах заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Зохицуулах хорооны хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны салбарт хэрэглэгч, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт бүхий баримт бичгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Маргаан бүхий “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 дахь заалтаар “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:”, 2.10-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ба уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хооронд харилцан холболт хийсэн эсхүл сүлжээнд холбогдсон харилцаа холбооны үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцна” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэрхэх талаар зохицуулахгүйгээр бүх хохирлыг үйлчилгээ эрхлэгч барагдуулахаар заасан нь эрх зүйн байдлыг дордуулж, захиргааны байгууллагаас хуульд зааснаас өөр хэлбэрээр хохирол барагдуулах үүргийг хүлээлгэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах наад захын шаардлагыг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасныг зөрчсөн...” гэж,
-хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...үйлчилгээ эрхлэгч өөрийн системийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй, хэрвээ уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хооронд харилцан холболт хийсэн эсхүл сүлжээнд нь холбогдсон харилцаа холбооны үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцах нь гэрээний талуудын хариуцлагын зохицуулалт юм... маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын 2.3 дахь зохицуулалт нь харилцаа холбооны сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбохоос өмнө техникийн болон гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон зохицуулалт ..., тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчид өөр хоорондоо харилцан холболт хийхгүй бол тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байдаг тул журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан техникийн нөхцөл хангагдсанд тооцдог... “О” ХХК нь иргэний нэхэмжлэгчийн хувиар тухайн буруутай этгээдээр учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх зүйн боломж байгаа бөгөөд салбарын суурь зохицуулалтыг тусгасан, маргаан бүхий захиргааны хэмжээний актын холбогдох хэсгүүд нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг илт хууль бус болохыг тогтоолгох, … нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж заасныг, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, харилцаа холбооны үйлчлэгч ямар шаардлага хангасан байх, журамд заасан шаардлагыг хангаагүйн улмаас үүссэн хохирлыг хэн хариуцахыг тогтоосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” нь захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан эсэх буюу Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт батлан гаргах журамд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тодорхойлсон эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.
6. Хэргийн нөхцөл байдал, үйл баримтын тухайд:
6.1. Нэхэмжлэгч “О” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, хот хооронд суурин ярианы үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 10 жилийн хугацаатай 14200016 дугаар бүхий харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулжээ.
6.2. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 75 дугаар тогтоолоор нэхэмжлэгч хуулийн этгээдийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн гэж дүгнэн дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
6.3. Нэхэмжлэгчээс үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулдаг Сүлжээ хоорондын харилцан холболтын 4.5 дахь заалт болох “Талууд өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Аль нэг талын буруутай үйлдэл, санамсар болгоомжгүй байдлаас, мөн техник технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах хууль бус халдлагад өртөх зэрэг тохиолдолд тухайн тал нь нөгөө төлөөлөгч, түүний хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж заасан заалтын утга агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна гэж үзээд уг хууль бус заалтыг хасах талаар зохицуулалт хүсэх тухай албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн боловч хариуцагчаас “...харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлаа хангах, харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй бүх төрлийн мэдээ, мэдээллийг хамгаалах үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн байдаг тул журамд заасан зохицуулалтыг өөрчлөх боломжгүй” гэж хариуг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 07/323 дугаар албан бичгээр ирүүлжээ.
6.4. Улмаар нэхэмжлэгчээс “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
7. Хууль тогтоомжийн зохицуулалтын тухайд;
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар аливаа этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд маргаж буй тохиолдолд нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, хоёрдугаарт, уг актын улмаас маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
7.2. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооны 14200016 дугаар тусгай зөвшөөрлөөр харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар эзэмшигч этгээд байх бөгөөд харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээний 4.2-т “... Зохицуулах хороо нь энэхүү гэрээний 4.1-т заасан өөрийн баталсан дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагын нэрсийг зөвшөөрлийн төрөл, ангиллаас хамааруулан энэхүү гэрээний хавсралт 1-р батлах бөгөөд зөвшөөрөл эзэмшигч нь дагаж мөрдөнө” гэж заасан байна.
7.3. Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбооны чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.4-т “сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;” гэж,
7.4. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх;”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр тус тус зааснаас үзэхэд хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд ийнхүү хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баталж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснийг тус яамнаас хянаад захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5303 дугаарт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/26 дугаар лавлагаагаар тогтоогдож байна.
8. “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 дахь заалтыг хуль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
8.1. “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 дахь хэсэгт “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээнд харилцан холболт хийх гэрээний нөхцөлийг (RIO) боловсруулан Зохицуулах хороогоор хянуулан баталж, өөрийн веб хуудсанд байршуулах бөгөөд сүлжээнд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөлд дараах мэдээллийг заавал тусгасан байна. Үүнд:”, 2.3.1-т “Тухайн сүлжээнд харилцан холболт хийх техник технологийн стандарт, горим, нөхцөл шаардлага”, 2.3.2-т “Зааглах цэгийн байршил”, 2.3.3-т “Сүлжээнд харилцан холболт хийх төлбөр тооцооны мэдээлэл”, 2.3.4-т “Гэрээ хийх үйл ажиллагааны нарийвчилсан мэдээлэл”, 2.3.5-д “Гэрээний загвар” гэжээ.
8.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа, эсхүл ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-ийн эзэмшиж байсан харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь тусгай болзол, шаардлагыг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэх мэргэжлийн үйл ажиллагаа байх тул энэ агуулгаар нэхэмжлэгч нь бусад үйлчилгээ эрхлэгчтэй харилцан холболт хийснээр тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйлчилгээг бодитоор хэрэгжүүлэх боломжтой болох тул Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Харилцаа холбооны сүлжээ хоорондын харилцан холболт болон сүлжээнд холбогдох зааглах цэгийг Зохицуулах хороо тогтооно” гэж заасны дагуу хариуцагчаас харилцан холболт хийх гэрээний нөхцөлд тусгах мэдээллийг маргаан бүхий актаар журамласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
8.3. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны зохицуулалт бүхий үйлчилгээ эрхлэгч нь зах зээлд дангаар үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу бусад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай харилцан холболт хийсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах онцлогтой, нөгөөтээгүүр маргаан бүхий журмын 2.4-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээнд холбогдох гэрээний нөхцөлийг хангасан харилцаа холбооны үйлчлэгчид өөрийн сүлжээнд холбогдох боломжийг бүрдүүлнэ” гэж заасан энэ тохиолдолд хариуцагчаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;” гэж заасан бүрэн эрхийн дагуу харилцан холболт хийх гэрээний нөхцөлд тусгах мэдээллийг журамласан нь нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөл бий болгоогүй байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргаан бүхий журмын 2.3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.
9. “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10 дахь заалтыг хуль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
9.1. Маргаан бүхий “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10-т “Харилцаа холбооны үйлчлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах ба уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хооронд харилцан холболт хийсэн эсхүл сүлжээнд холбогдсон харилцаа холбооны үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцна” гэжээ.
9.2. Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна”, 25 дугаар зүйлийн 25.2-т “Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй байна:”, 25.2.2-т “харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах;”, 25.2.6-д “хууль тогтоомжид зааснаас бусад үед харилцаа холбооны үйлчилгээг зогсоохгүй байх, хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх;”, 25.2.13-т “хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг”, Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний 4.5-д “Талууд өөрсдийн сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Аль нэг талын буруутай үйлдэл, санамсар болгоомжгүй байдлаас, мөн техник технологи, мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах, хууль бус халдлагад өртөх зэрэг бүх тохиолдолд тухайн тал нь нөгөө тал, түүний хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.3. Тухайн тохиолдолд хариуцагчаас сүлжээний найдвартай байдлыг хангаж ажиллаагүйн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах талаар тухайлан журамласан нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу хуулиар эрх олгосон асуудлаар гаргасан шийдвэр гэж үзэхээр, мөн төрөөс баримтлах бодлогын хүрээнд зохицуулалт бүхий салбарт үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг хангах ажиллах, ийнхүү дээрх шаардлагыг ханган ажиллаагүй тохиолдолд үүсэх эрсдэлийг буруутай этгээд хариуцах талаар маргаан бүхий актаар журамласныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...энэ зохицуулалт нь хэрэглэгчийг хуурамч дуудлагаас сэргийлэх, найдваргүй системээр дамжуулан бусад үйлчилгээ эрхлэгчийн систем, тоног төхөөрөмжид гэмтэл учруулах зэрэг эрсдэлийг зохицуулах зорилготой. Хэрвээ нэхэмжлэгч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах эрсдэлийг хүлээх чадваргүй бол бусадтай харилцан холболтын гэрээ байгуулах, цаашлаад харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх шаардлага хангахгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
9.4. Түүнчлэн 14200016 дугаар тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байх төдийгүй үйлчилгээ эрхлэгч “О” ХХК нь гэрээнд заасан өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангах системийг бий болгох, системийг гадны халдлагаас хамгаалах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх, хөгжүүлэх, харилцан холболт хийгдсэн талуудад эрсдэл учруулахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, харилцан холболт хийсэн талууд харилцан хариуцлага хүлээх, хэрвээ уг шаардлагыг хангаагүйн улмаас сүлжээ хоорондын харилцан холболт болоод сүлжээнд нь холбогдсон харилцаа холбооны бусад үйлчлэгчид үүссэн хохирлыг хариуцах үүргээ биелүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг хариуцахаар нарийвчилсан нөхцөл, шаардлагыг хариуцагчаас бүрэн эрхийн хүрээнд тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл агуулаагүй байна.
9.5. Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл, шаардлагыг тогтоох эрх бүхий этгээд болохынхоо хувьд зохицуулалт бүхий харилцаанд оролцогч буюу үйлчилгээ эрхлэгчид тодорхой нөхцөл шаардлага тогтоож, харилцаа холбооны суурин ярианы үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдэд шууд хүрч ажилладаг агуулгаар тодорхой эрсдэлийг үйлчлэгч өөрөө хариуцах чадвартай байх талаар гэрээгээр зохицуулж, уг гэрээнд тусгах нөхцөлийг “Сүлжээ хоорондын харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох, гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.10 дахь заалтаар зохицуулалт хийсэн нь Харилцаа холбооны тухай хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-иас гэрээнээс үүдэн бий болсон хохиролтой холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3954 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 275 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг дурдах нь зүйтэй.
9.6. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт үйлчилгээ эрхлэгч нь харилцаа холбооны стандарт, техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичгийг мөрдөх, хуульд заасны дагуу баталгаажуулсан тоног төхөөрөмж ашиглах үүрэгтэй гэж хуульчилсан байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа өөрийн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй байх тул маргаан бүхий журмын холбогдох 2.10 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
10. Харин нэхэмжлэгчээс кибер халдлагад өртсөн болохыг тогтоолгож, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
11. Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Г.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.2, Харилцаа холбооны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.4, 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.2.6, 25.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.3 болон 2.10 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА