Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 015

 


Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Т.Айбек,
орчуулагч: А.Еркегүл,
улсын яллагч: Б.Ботакөз,
хохирогч: Ж.Шохан,
    шүүгдэгч С.Хайрулла нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн С.Хайруллад холбогдох эрүүгийн 201604000259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Шүүгдэгч С.Хайрулла: Монгол Улсын иргэн, Төлек овогт Сархадын Хайрулла, яс үндэс казах, БИ91122319 регистрийн дугаартай, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл-6, аав, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч С.Хайруллагын холбогдсон гэмт хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
    Шүүгдэгч Сархад овогтой Хайрулла нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай Жомарт овогтой Шоханыг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Хайруллагын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хохиролд 580000 төгрөг төлж өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг, 
- Хохирогч Ж.Шоханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тэр өдөр найз нартайгаа нийлээд архи уусан. Хоорондоо маргалдаад зодоон гарсан. Архи ууснаас болж зодоон гарсан. Одоо ямар ч гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд: “... шүүгдэгч С.Хайруллагын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ж.Шоханыг хохирогчоор байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
1. Шүүгдэгч С.Хайруллагын гэм буруугийн талаар:   
    - Шүүгдэгч С.Хайрулла нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух хаягтай Жомарт овогтой Шоханыг 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 
- Хохирогч Ж.Шоханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Манайх Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг ба би хувиараа сумын төвд биллиардны газар ажиллуулдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орой 20 цагийн үед байх би өөрийнхөө биллиард тоглуулдаг газарт сууж байхад гаднаас хааяа хамт явдаг найзууд болох А.Ертай, С.Хайрулла /Хаука/ нар орж ирсэн ба миний хажууд хоч нэр Айбош гэдэг залуу зогсож байсан. Тэгээд дөрвүүлээ тэндээс гараад Айбошын гэрт нь очиж 2 шил архийг хувааж уусан. Архи ууж дууссаны дараа Айбошын гэрээс гараад сумын төвд байдаг Шайзым гэгчийн дэлгүүрт очиж С.Хайрулаа мөнгийг нь төлөөд 0.500 гр-ын Ерөөл нэртэй архинаас 2 шил архи аваад байнга гэрт нь очдог байсан С.Бауыржаны гэрт нь очсон. Бид дэлгүүрээс архи аваад С.Бауыржаны гэрлүүгээ явж байх замдаа Айбош ажил гарчихлаа гэж хэлээд өөрийнхөө гэрлүүгээ явчихсан байсан. С.Бауыржаны гэрт нь очиход С.Бауыржан халамцуу сууж байсан ба удалгүй эхнэр нь орж ирсэн, тэгээд авч ирсэн 2 шил архийг гаргаж ирээд тэнд уусан юм. С.Бауыржаны гэрт нь архи ууж байхад С.Хайрулла бид хоёр хоорондоо үгээр маргалдсан байсан ба би А.Ертайд хандаж яагаад архи уухгүй байгаа юм бэ гэж хэлэхэд С.Хайрулла надад чи юу гээд байгаа юм бэ, чиний хийж өгсөн архийг заавал уух ёстой юм уу, миний А.Ертай найзад гар хүргэсэн хүнтэй таарахгүй шүү гэж надад хандаад хэлсэн. С.Хайрулла бид хоёр гэрт сууж байгаад хоорондоо үгээр маргалдсан үнэн ба нэг мэдэхэд С.Хайрулла бидэнд хандаж “би гэрлүүгээ явлаа, явахгүй бол болохгүй юм байна” гэж хэлээд гэрээс гараад явчихсан байсан. С.Хайруллагын араас нь 5 минутын дараа А.Ертай бид хоёр хоорондоо үгээр маргалдаж нэг нэгийгээ заамдаж аваад нэг нэгийгээ чирээд С.Бауыржаны гэрээс дөнгөж гарч байхад миний хойноос хэн нэгэн хүн хүрч ирээд миний баруун нүдний орчимд нэг удаа цохиход би газарт унасан байсан ба намайг газарт унагааж аваад тэр хоёр хоёулаа миний хоёр талаас өшиглөж зодсон байсан. Тэр хоёр намайг өшиглөж байхад би хоёр гараараа нүүр амны хэсгээ хааж хамгаалан хэвтэж байгаад харахад С.Хайрулла миний биеийн урд хэсгээр өшиглөж байсан ба харин А.Ертай нь миний биеийн ар хэсгээр өшиглөж байсан. Гэхдээ би тэр хоёрын өшиглөснөөс болж биедээ гэмтэл учраагүй харин миний баруун нүдний хэсэг рүү цохисон хүнээс болж миний баруун нүдний тус газар хөхөрч, хавдаж өвдсөн болно. Би одоо бодож байхад тухайн үед миний баруун нүдний тус газарт Хайрулла гараар цохисон байна, яагаад гэвэл А.Ертай бид хоёр нэг нэгийгээ чирээд заамдаж аваад ноцолдож явж байх үед миний хойноос С.Хайрулла ирээд миний баруун нүдний тус газарт гараараа цохисон байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 
    - Шүүгдэгч С.Хайруллагын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр орой 22 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна гэрээс гараад ганцаараа тус сумын төвд байдаг таньдаг ах Шоханы биллиардын газарт очиход тэнд Ж.Шохан, түүний хажууд миний найз болох А.Ертай хоёр сууж байсан ба дараа нь бид гурав гараад Х.Айбошын гэрт нь очиход Х.Айбош ганцаараа сууж байсан. Х.Айбошын гэрт нь сууж байтал Х.Айбош 500 гр-ын Казакстан Улсад үйлдвэрлэгдсэн нэг шил архи гаргаж ирээд дөрвүүлээ хувааж уусан ба дараа нь би мөнгийг нь өгөөд нэг шил архи аваад тэрийг хувааж уусан юм. Миний авсан архийг хувааж уугаад сууж байтал Х.Айбошын эхнэр нь гаднаас орж ирсэн ба бид нар тэндээс хоол идээд, миний авсан архийг дуусгаад гадаа гарсан юм. Х.Айбош бид нартай хамт гарсан ба бид нар сумын төвд байрлах Шайзым гэдэг хүний хүнсний дэлгүүрт очиж Ж.Шохан бид хоёр нийлж 500 гр-ын Ерөөл нэртэй 2 шил архи аваад бид нар С.Бауыржаны гэрт очихоор явж байхад Х.Айбош хувийн ажил гарчихлаа гээд гэрлүүгээ явчихсан юм. Ж.Шохан, А.Ертай бид гурав С.Бауыржаны гэрт нь очиход С.Бауыржан халамцуу гэртээ ганцаараа байсан ба бид нар ороод сууж байхад эхнэр нь гаднаас орж ирсэн юм. С.Бауыржаны гэрт дэлгүүрээс авсан 2 шил архийг хувааж уугаад сууж байхад би Ж.Шоханд хандаж миний карманд байсан 15000 төгрөгийг харсан уу, чи хулгайлаад авсан юм биш үү гэж тоглоод асуухад Ж.Шохан надад би аваагүй, би хулгай хийдэг хүн шиг харагдаж байна уу гэж хэлсэн. Тэрнээс болж Ж.Шохан бид хоёр хэрэлдэж, муудалцсан ба тухайн үед Ж.Шохан надад чи намайг зодож чадахгүй, чи намайг зодох болоогүй шүү гэж хэлсэн. Тэгээд би гар чийдэн аваад түрүүний архи авсан Шайзым гэдэг хүний дэлгүүрийн ойр орчимд миний карманд байсан 15000 төгрөг унасан байж магадгүй гэж бодоод хайж үзэхээр гараад явсан байсан ба Шайзым гэдэг хүний дэлгүүрийн ойр орчимоос мөнгө хайгаад олоогүй болхоор буцаад С.Бауыржаны гэрт очихоор явж байхад хашааны дотор талд буюу байшингийн үүдэнд Ж.Шохан, А.Ертай хоёр нэг нэгийгээ заамдаж аваад ноцолдож байхад би Ж.Шоханы араас нь очиж түүний баруун нүдний тус газарт гараараа нэг цохиход Ж.Шохан газарт унасан ба тухайн үед А.Ертай бид хоёр Ж.Шоханы хоёр талаас нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд гэрлүүгээ зугтаагаад явчихсан болно” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
    - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 508 тоот дугаартай дүгнэлт: “... Иргэн Шоханы биед тархины битүү гэмтэл, нүдний алимны доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралттай, битүү хавдартай, цус гарсан, баруун нүдний салстад урагдалтай, баруун доод зовхинд шархтай, зүүн доод зовхинд шархтай байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч С.Хайруллагын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Хайруллад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон байна.
Хэрэг бүртгэлтийн явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Хайруллаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Харин шүүгдэгч С.Хайруллагын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэргийг харгалзан үзэж түүнд шүүхээс ял оногдуулахгүйгээр хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл журмыг тодорхойлохдоо “яллагдагч шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилжээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл журмыг тодорхойлохдоо “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгоход “согтуугаар гэмт хэрэг үйлдсэн” гэх эрх зүйн үр дагавар нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч С.Хайрулла нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, урьдчилан цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Хайрулла нь бусдад төлөх төлбөргүй тул түүний 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй, хар алаг зүсмийн саалийн сарлаг тугалтай үнээг тугалын хамт /2 толгой мал/  битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Хайрулла нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төлек овогт Сархадын Хайруллаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн шүүгдэгч Төлек овогт Сархадын Хайруллад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар С.Хайруллаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.   
4. Шүүгдэгч С.Хайрулла нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Шүүгдэгч С.Хайрулла нь цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч С.Хайруллагын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэтэй, хар алаг зүсмийн саалийн сарлаг тугалтай үнээг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хайруллад бусдын батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Хайруллад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.ДАУРЕНБЕК