| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0327/э |
| Дугаар | 2023/ШЦТ/330 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Г.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Ганзоригт холбогдох эрүүгийн 2321000000321 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Манханы 2-226 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганболдын Ганзориг /РД: ЖВ 82110336/.
Шүүгдэгч Г.Ганзориг нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг, “Битүү” гэх газраас “Портер” маркийн 47-19 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан мод бэлтгэх эрхийн гэрчилгээгүй 60 ширхэг бөөрөнхий нарс мод хууль бусаар тайрч бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ганзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Р.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн Г.Ганзориг нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 3,692,172.4 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ...Ганзоригийн мод бэлтгэсэн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Битүү” гэх хэсэгхэн ой модтой газар нь 1 дүгээр мужлал, сумын ногоон бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 28-29/
Гэрч Т.Ганхүрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр экологийн асуудал хариуцсан байцаагч Ж.Батбаярын хамт өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 12 цагийн орчимд сумын төвөөс зүүн тийш 5 км орчим зайтай газарт цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр уртаар нь мод ачаад явж байна гэсэн мэдээлэл нутгийн иргэнээс ирсний дагуу очиж шалгахад Г.Ганзориг нь цэнхэр өнгийн Портер маркийн 47-19 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 метр орчим урттай нарсан шургааг мод аччихсан явж байхаар нь зогсоож мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх, хаанаас мод бэлтгэсэн талаар асууж тодруулахад ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, тус сумын 1 дүгээр баг “Битүү” гэх нэртэй газраас тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 30-31/
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №2023/12 тоот “...Дээрх 60 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан буюу ургах чадвартай мод байсан. Г.Ганзориг нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. Баян-Уул сум 1 дүгээр баг “Битүү” гэх газар нь 2023 онд мод бэлтгэлийн ажил төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг моднууд нь хэрэглээний модны стандартаар бэлтгэгдсэн, хашааны хөндлөн, шон болгон ашиглах боломжтой моднууд байна. Бэлтгэсэн 60 ширхэг ургах чадвартай нарс модны нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 712101 төгрөг бөгөөд ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт дүнгээр 3,692,172.4 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 35-38/
Г.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай оюутан охин сургуульдаа явах болсон тул байр, хоол, сургалтын төлбөр гээд мөнгөний хэрэг гарсан тул 2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 47-19 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа сумын төвөөс зүүн хойш 30 км орчим зайтай Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Битүү” гэх ойн сан бүхий газарт очиж өөрийн бензин моторт хөрөөг ашиглан босоо ургаж байсан 18 ширхэг урт модыг тайрч унагаад дундуур нь 3-4 метр болгон бэлтгээд өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж шөнийн 01 цагийн орчимд сумын төв рүү явж өөрийн хашаанд ирээд модоо буулгаж хураасан...” гэжээ. /хх-ийн 54-55/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20, 21-24/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ДЦ-23-249 тоот дүгнэлт /хх-ийн 42-47/
Г.Ганзоригийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 57, 59/
Дорнод аймгийн Баян-Уул сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Ганзориг нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Битүү” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 60 ширхэг нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэж, 47-19 ДОР улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 3,692,172.4 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Г.Ганзоригийн “...2023 оны 08 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 47-19 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа сумын төвөөс зүүн хойш 30 км орчим зайтай Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Битүү” гэх ойн сан бүхий газарт очиж өөрийн бензин моторт хөрөөг ашиглан босоо ургаж байсан 18 ширхэг урт модыг тайрч унагаад дундуур нь 3-4 метр болгон бэлтгээд өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачиж шөнийн 01 цагийн орчимд сумын төв рүү явж өөрийн хашаанд ирээд модоо буулгаж хураасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Р.Бямбадоржийн “...Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн Г.Ганзориг нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 3,692,172.4 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ...Ганзоригийн мод бэлтгэсэн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Битүү” гэх хэсэгхэн ой модтой газар нь 1 дүгээр мужлал, сумын ногоон бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх, гэрч Т.Ганхүрэлийн “...Г.Ганзориг нь цэнхэр өнгийн Портер маркийн 47-19 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр 4 метр орчим урттай нарсан шургааг мод аччихсан явж байхаар нь зогсоож мод бэлтгэх эрхийн бичигтэй эсэх, хаанаас мод бэлтгэсэн талаар асууж тодруулахад ямар ч мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, тус сумын 1 дүгээр баг “Битүү” гэх нэртэй газраас тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №2023/12 тоот “...Дээрх 60 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан буюу ургах чадвартай мод байсан. Г.Ганзориг нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. Баян-Уул сум 1 дүгээр баг “Битүү” гэх газар нь 2023 онд мод бэлтгэлийн ажил төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. ...ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь нийт дүнгээр 3,692,172.4 төгрөг...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ДЦ-23-249 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ганзориг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Битүү” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг тайрч бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 3,692,172.4 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Г.Ганзоригт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ганболдын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Г.Ганзориг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ганзориг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганзоригт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Ганзориг нь ургаж байсан нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №2023/12 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Ганзоригийн хууль бусаар бэлтгэсэн 60 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 3,692,172.4 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,076,517.2 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Г.Ганзоригийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн, 47-19 ДОР улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл нь гэрчилгээгүй, арлын дугаар, өнгө, үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй, 2022 онд Авто тээврийн үндэсний төвөөс хасалт хийгдсэн тээврийн хэрэгсэл байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ганзоригоос тээврийн хэрэгслийн үнэ 3,100,000 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураасан 88,000 төгрөгийн үнэлгээтэй, цагаан өнгийн бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 60 ширхэг нарс модны хамт гаргуулж, түүний ойн санд учруулсан 11,076,517.2 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн, 47-19 ДОР улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 60 ширхэг нарс модыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ганзориг нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч Г.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Ганзоригт 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Ганзоригоос ойн санд учруулсан хохиролд 11,076,517.2 /арван нэгэн сая далан зургаан мянга таван зуун арван долоон төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ганзоригоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,100,000 төгрөг, эд мөрийн баримтаар тооцсон цагаан өнгийн бензин моторт хөрөө нэг ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 60 ширхэг нарс модыг тус тус хураан авч Г.Ганзоригийн ойн санд учруулсан 11,076,517.2 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 47-19 ДОР улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 60 ширхэг нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн бензин моторт хөрөө нэг ширхгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Г.Ганзориг нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ганзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА