Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахай шарайд овогт Цэдэндоржийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 2321000000337 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Ульхан” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ахай шарайд овогт Цэдэндоржийн Пүрэвдорж /РД: ЖА 85120270/.

Шүүгдэгч Цэдэндоржийн Пүрэвдорж нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Ульхан” гэх ой мод бүхий газраас Портер маркийн 50-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин хөдөлгүүрт хөрөө ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 12 ширхэг босоо нарс мод хууль бусаар тайрч, 4 метрийн урттай 25 ширхэг болгон бэлтгэж, байгаль экологид 626,312 /зургаан зуун хорин зургаан мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хашаа маань нураад уначихсан учраас сэлгэх зорилгоор замын траст ороод тайрч унагасан модноос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэндээ харамсаж байна. Зөвшөөрлийн бичиггүй байсан тул буруудчихсан. Би ганцаараа ар гэрээ тэжээж амьжиргааны эх үүсвэр болсон малаа маллаж амьдардаг. Эхнэр ажилгүй, аав, ээж хавдартай тул хөдөө байх заалттай учраас орхиод төв рүү орж чаддаггүй” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Р.Бямбадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр улсын Ойн газрын ахлах мэргэжилтэн болон бусад холбогдох ажилтан нарын хамт тус сумын Ульхан боомт руу улсын чанартай авто зам тавьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгах, зураг төсөлд орсон замын хажуу талын ой модыг хэрхэн яаж чөлөөлж байгаа талаар хяналт шалгалтын ажлаар явах үед тус сумын 6 дугаар багийн иргэн Ц.Пүрэвдорж гэх залуу Ульхан боомт руу явдаг замын хойд талын хэсэгт зам дагуу хууль бусаар 12 ширхэг босоо мод тайрч бэлтгэн хөх өнгийн Портер маркийн 50-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 25 ширхэг 4 метр урттай болгосон нарийн нарсан шургааг аччихсан байх үед нь таарсан юм. Замын ажил явагдаж байгаатай холбогдуулан сумын захиргаа Ойн ангийн зүгээс замын зураг төсөлд орсон зулзаган ногоон модыг нүүлгэн шилжүүлэх, хэрэглэж болохуйц нарс, шинэс зэрэг моднуудыг мэргэжлийн мод тайрч бэлтгэх эрхтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж замын хажуу талын модыг байгаль хамгаалагч нарын хяналтан дор тайрч бэлтгүүлэн чөлөөлүүлэхээр болсон. Гэтэл Ц.Пүрэвдорж нь өөрөө дур мэдэн хууль бусаар замын хажуу талын модыг тайрч бэлтгэж байхтай халз таарсан. Ц.Пүрэвдоржийн хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 626,312.7 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 29-30/

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/13 тоот “...Дээрх 16 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан буюу ургах чадвартай мод байсан байна. Харин 9 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургах чадвараа бүрэн алдсан мод байсан байна. Ц.Пүрэвдорж нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ульхан” гэх газар нь мод бэлтгэлийн үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг 25 ширхэг хэрэглээний нарс моднууд нь хэрэглээний стандартаар бэлтгэгдсэн буюу хашааны хөндлөн болгон ашиглах боломжтой мод болно. Бэлтгэсэн 16 ширхэг ургах чадвартай нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 712.101 төгрөг болно. 16 ширхэг ургах чадвартай нарс мод 572,366.8 төгрөг болно. Бэлтгэсэн 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс модны нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 168.655 төгрөг болно. 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс мод нь 53,945.9 төгрөг болно. Иргэн Ц.Пүрэвдоржийн хууль бусаар бэлтгэсэн нийт модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 572,366.8+53,945.9= 626,312.7 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 35-37/

Ц.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манай малын хашаа захаасаа үмхэрч муудсан тул малынхаа хашааг засаж сэлбэхээр нарийн шургааг мод хэрэг болоод би ганцаараа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн хөх өнгийн 50-78 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодон гэрээсээ баруун тийш 1 км орчим Ульхан боомт явдаг сайжруулсан шороон замын хойд талаас өдөр 14 цагийн орчимд 12 ширхэг нарийн нарсан модыг өөрийн эзэмшлийн бензин моторт хөрөөг ашиглан тайрч бэлдээд машиндаа ачаад байхад ойн газрын мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газрын дарга, сумын ойн ангийн дарга, байгаль хамгаалагч, сумын экологийн цагдаа нартай таарсан юм. ...Надад тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, хууль бусаар өөрөө дур мэдэн нарийн нарсан модыг тайрч бэлтгэсэн...” гэжээ. /хх-ийн 53-54/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20, 21-24/

50-78 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 64/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ДЦ-23-265 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-47/

Ц.Пүрэвдоржийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 65-66/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-63/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.Пүрэвдоржид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Ахай шарайд овогт Цэдэндоржийн Пүрэвдорж нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Ульхан” гэх газраас 50-78 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөөг ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 12 ширхэг нарс модыг хууль бусаар тайрч 4 метрийн урттай 25 ширхэг болгон бэлтгэж, ойн санд 626,312.7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ц.Пүрэвдоржийн “...би ганцаараа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн хөх өнгийн 50-78 ДОА улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгслээ жолоодон гэрээсээ баруун тийш 1 км орчимд байх Ульхан боомт явдаг сайжруулсан шороон замын хойд талаас 12 ширхэг нарийн нарсан модыг өөрийн эзэмшлийн бензин моторт хөрөөг ашиглан тайрч бэлдээд машиндаа ачаад байхад ойн газрын мэргэжилтэн, аймгийн Байгаль орчны газрын дарга, сумын ойн ангийн дарга, байгаль хамгаалагч, сумын экологийн цагдаа нар таарсан юм. ...Надад тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, хууль бусаар өөрөө дур мэдэн нарийн нарсан модыг тайрч бэлтгэсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Р.Бямбадоржийн “...хяналт шалгалтын ажлаар явах үед тус сумын 6 дугаар багийн иргэн Ц.Пүрэвдорж гэх залуу Ульхан боомт руу явдаг замын хойд талын хэсэгт зам дагуу хууль бусаар 12 ширхэг босоо мод тайрч бэлтгэн хөх өнгийн Портер маркийн 50-78 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 25 ширхэг 4 метр урттай болгосон нарийн нарсан шургааг аччихсан байхтай таарсан. Замын ажил явагдаж байгаатай холбогдуулан сумын захиргаа Ойн ангийн зүгээс замын зураг төсөлд орсон зулзаган ногоон модыг нүүлгэн шилжүүлэх, хэрэглэж болохуйц нарс, шинэс зэрэг моднуудыг мэргэжлийн мод тайрч бэлтгэх эрхтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж замын хажуу талын модыг байгаль хамгаалагч нарын хяналтан дор тайрч бэлтгүүлэн чөлөөлүүлэхээр болсон. Гэтэл Ц.Пүрэвдорж нь өөрөө дур мэдэн хууль бусаар замын хажуу талын модыг тайрч бэлтгэж байхтай халз таарсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/13 тоот “...Дээрх 16 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан буюу ургах чадвартай мод байсан байна. Харин 9 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургах чадвараа бүрэн алдсан мод байсан байна. Ц.Пүрэвдорж нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын Ойн ангиас аваагүй байна. Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ульхан” гэх газар нь мод бэлтгэлийн үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг 25 ширхэг хэрэглээний нарс моднууд нь хэрэглээний стандартаар бэлтгэгдсэн буюу хашааны хөндлөн болгон ашиглах боломжтой мод болно. Бэлтгэсэн 16 ширхэг ургах чадвартай нарс модны нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 712.101 төгрөг. 16 ширхэг ургах чадвартай нарс мод 572,366.8 төгрөг болно. Бэлтгэсэн 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс модны нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 168.655 төгрөг болно. 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс мод нь 53,945.9 төгрөг. Иргэн Ц.Пүрэвдоржийн хууль бусаар бэлтгэсэн нийт модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 572,366.8+53,945.9=626,312.7 төгрөг...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ДЦ-23-265 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутагУльхан” гэх газраас хуурай болон ургаа байсан 12 нарс модыг тайрч 25 ширхэг болгон бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 626,312.7 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ц.Пүрэвдоржид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цэдэндоржийн Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь Ц.Пүрэвдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байх боловч тэрээр тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй, хууль бус үйлдэл хийснээ ойлгож ухамсарлаагүй хувийн байдал, ойн санд учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Ц.Пүрэвдоржийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь ургаж байсан 16, ургах чадвараа бүрэн алдсан 9 бүгд 25 ширхэг нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн болох нь Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн №2023/13 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус зааснаар ургах чадвараа бүрэн алдсан 9 ширхэг нарс модны үнэлгээ 53,945.9 төгрөг дээр ургаж байсан 16 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 572,366.8 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,717,100.4 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 1,771,046.3 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь урьд энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашиглаж байсан өөрийн өмчлөлийн 50-78 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул  шүүгдэгчийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг нарс модыг тус тус хураан авч, шүүгдэгчийн ойн санд учруулсан 1,771,046.3 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, 15 ширхэг нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахай шарайд овогт Цэдэндоржийн Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэдэндоржийн Пүрэвдоржид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Ц.Пүрэвдоржид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Пүрэвдоржид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржоос ойн санд учруулсан хохиролд 1,771,046.3 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга дөчин зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржоос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50-78 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг нарс модыг тус тус хураан авч Ц.Пүрэвдоржийн ойн санд учруулсан 1,771,046.3 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

7. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 50-78 ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, 25 ширхэг нарийн нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө нэг ширхгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Ц.Пүрэвдорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Пүрэвдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА