Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/170

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000312 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   ******* Улсын иргэн, *******-ний өдөр *******, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ажилтай, ,, Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,  

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоот байранд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.гийн нүүрэн хэсэгт цохиж, түлхэж унагаан, биед нь зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завж, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, гуя, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч З.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоот байранд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.гийн нүүрэн хэсэгт цохиж, түлхэж унагаан, биед нь зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завж, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, гуя, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

 

  • Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр найз , нартай *******од уулзаж хоол идсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 20 цагийн үед манай найз “яаралтай Налайх явмаар байна” гээд байсан. Тэгэхээр нь би дуудлагын жолооч дуудаад , нарын хамт Налайх дүүрэгт ирсэн. манай хүүгийн гэр байгаа би орно гэхээр нь г оруулж өгсөн. Тухайн үед буцаж надтай хамт машинд юм ярьж сууна гээд  хамт гарах гэж байтал гийн хүү, бэр 2 нь орж ирсэн. Тухайн үед гийн хүү З.******* нь ээжийгээ архи уусан гээд уурлаад байсан. Би д “чи хүүхдээсээ айж амьдардаг юм байна” гэж хэлсэн. Тэгтэл хүү З.******* нь намайг нэг удаа цохисон. Тэгээд би унахдаа коридорт байсан сандлыг мөргөж унасан. Миний цээж рүү бас түлхсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамт явж байсан эгч “хүүхдүүдээсээ айдаг” гээд хэрүүл өдөөд эгчийг авч явах гээд байсан. Нөгөө өрөөнөөс нөхөр гарч ирээд түлхэх шиг болтол нөгөө эгч үүдэнд байх шүүгээ рүү унасан. Унаад босож ирэхдээ зүүн талын нүдний доод хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12662 дугаартай “Э.гийн биед зүүн зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун завж, бугалга, тохой, зүүн бугалга, шуу, гуя, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

  • Мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 45 дахь тал) болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч З.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч З.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь “надад эмчилгээний төлбөр гэж 8.000.000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

            Харин иргэний нэхэмжлэгч Ж. нь “Хохирогч Э.д эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 160,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

            Хохирогч Э.гийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 160,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч З.*******гээс уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч З.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч З.*******гээс 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

  1. Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ