Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/185

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ц, Ө.Н,

Шүүгдэгч, хохирогч: Б.Ц, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн М овогт Б-ын Ц, Ш овогт Э-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................. өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Б-ын Ц, (РД:......................);

Монгол Улсын иргэн, ................................ өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Э-ийн Н, (РД:.......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь 2023 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутагт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Б.Ц нь хохирогч Э.Нгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Э.Н нь хохирогч Б.Цын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь 2023 оны 9 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн ........ сумын 3 дугаар багийн нутагт хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байхдаа таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, Б.Ц нь хохирогч Э.Нгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Э.Н нь хохирогч Б.Цын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Бичиг баримт гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл (хавтаст хэргийн 7 дахь тал);

2. Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 37 дахь тал);

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дэх тал);

4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаартай “...Үзүүлэгч Э.Нгийн биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дахь тал);

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 12278 дугаартай “...Б.Цын биед тархи доргилт, зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дэх тал);

6. Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Пиво ууж байх үедээ би Э.Нд хандаж Э-ийн Ш гэх хүний хулгайд алдсан 2 үхрийг чи мэдэх үү гэж асуухад Э.Н чи намайг хулгайд хардлаа гэж хэлээд намайг зодож эхэлсэн. Тухайн үеэс хойш юу болсон талаар юу ч санахгүй байна, нэг ухаан ороход З /Ц.Г/ гэх айлд би сууж байсан бөгөөд миний хамраас цус гарч хоёр нүд, хацар хөндүүрлэж хавдчихсан байсан. Энэ үед Э.Н надад хандаж чамайг ална гэж хэлээд З /Ц.Г/ гэх айлд дахин зодож, би ухаан алдсан бөгөөд сумын төвийн эмнэлэгт ухаан орсон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал);

7. Хохирогч Э.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... би Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво гаргаад бид хоёр хувааж уугаад байж байтал Б.Ц чи манай хүргэн ахын 2 үхэр чи хулгайлсан гээд над руу дайраад байсан юм. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? Би хүний мал арай хулгайлах болоогүй байна гэсэн чинь миний малгай авч шидээд намайг явуулахгүй байсан юм. ...би нүүр хэсэг газар руу нь гараараа 2 удаа цохисон. ...Би мотоциклиосоо бууж очоод хартал хамраас нь цус гарч байсан. ...би Ц.Г ахад “ахаа Б.Ц та бид хоёрыг үхэр хулгайлсан гээд байна үнэн юм уу” гэж асуусан юм, Ц.Г ах юу яриад байгаа юм, Б.Ц чи согтуу байна, ярих юм байвал эрүүлдээ ирээд ярь гэсэн...тэгээд би Экс нэртэй 0.75 литрийн 1 шил архи гаргаад бид 3 ууж дууссан юм...тэгсэн чинь Б.Ц босч ирээд “Э.Н муу пизда миний хүргэн ахын үхэр авсан нь үнэн байгаа юм” гэж хэлээд тухайн ууж байсан архины шилээр миний толгойн хэсэгт цохисон юм. Би толгойгоо бариад үзтэл миний толгойноос цус гарч байсан, тэгээд би Б.Цын нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал);

8. Гэрч Р.Пагмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ц нь Э.Н гэдэг залуутай зодолдсон гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);

9. Гэрч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүү Б.Ц дээр очиход дээл хувцас нь шороо тоос болсон байдалтай нүүр, гар хувцас нь цус болсон нүд нь хавдсан харагдахгүй байсан, тухайн хэвтэж байсан газрынх нь хажууханд цус гоожсон байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал);

10. Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Ц нь хувааж уусан архины шилээр Э.Нн толгой руу цохиод авсан, тэр үед нь архины шил нь хагарсан юм...Э.Н босож ирээд Б.Цыг нүүр тус газарт нь гараараа нэг удаа цохисон юм. Б.Цын хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал);

11. Шүүгдэгч Э.Н, Б.Ц нарын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105, 114-115 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Э.Н, Б.Ц нарын дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Э.Н, Б.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.Н, Б.Ц болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Э.Н, Б.Ц нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н, Б.Ц нар харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, эвлэрсэн гэж мэдүүлж, энэ талаар бичгээр тодорхойлолт гарган наториатаар гэрчлүүлэн, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Н, Б.Ц нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. (хавтаст хэргийн 138-139 дэх тал),

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Э.Н, Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 125, 151 дэх тал);

Шүүгдэгч Э.Н, Б.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Э.Н, Б.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Э.Н, Б.Ц нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Ц, Э.Н нарын тус бүрт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Ц, Э.Н нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, Ө.Нарантуяа нарт танилцуулсныг оролцогч нар хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын тус бүрт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ын Ц, Ш овогт Э-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Э.Н нарын тус бүрт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ц, Э.Н нараас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Б.Ц, Э.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Ц, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА