Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 017

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж

Нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг
Улсын яллагч: Б.Ботакөз
Иргэний нэхэмжлэгч: Д.Пунцагдорж
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Нургайып
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
Шүүгдэгч: Х.Махамбет нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ожых овогт Хуанганы Махамбетэд холбогдох эрүүгийн 201604000229 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны Чөлөөт бүсийн нярваар ажиллаж байсан, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух Цагааннуур тосгонд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ожых овогт Хуанганы Махамбет. РД:БМ91120917.  
 Шүүгдэгч Х.Махамбет нь Цагааннуур тосгоны Чөлөөт бүсийн нярваар ажиллаж байхад Цагааннуур тосгоны Чөлөөт бүсийн агуулахад байсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Х.Махамбетийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өлгий сум орж Чөлөөт бүсийн Аж ахуйн хэлтсийн дарга Д.Пунцагдоржтай уулзахад надад "Чиний ажлаас чөлөөлөгдсөн захирамж гарсан байна, захирамж чинь ингэсгээд хотоос ирэх байхад" гэсэн тэгээд би захирамж ирэхээрээ хэлээрэй гэж ээлжийн амралтаа авах өргөдлөө бичээд, яваад өгсөн юм. Маргааш нь Чөлөөт бүсийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Хайрат над руу залгаж чиний ажлаас чөлөөлөгдсөн захирамж чинь ирчлээ ирээд аваарай, тэгээд чиний ажиллаа яаж хүлээлгэж өгөх тухай яръя гэсэн дараа бичиг хэрэгч С.Айна бас над руу залгаж чиний ажлаас чөлөөлөгдсөн захирамж чинь ирчлээ ирээд аваарай гэсэн би Цагааннуур тосгонд байсан учраас манай аав болох М.Хуанган та очоод авчаарай гэсэн тэгээд манай аав очоод миний чөлөөлөгдсөн захирамжаа авъя гэж очиход манай аавд өгөөгүй өрөө ирж авахгүй бол болохгүй гэсэн байна тэгээд манай аав Д.Пунцагдоржид та нар яагаад захирамжаа гаргахаас өмнө ажлаа хүлээж авахгүй юм вэ? ажлаас чөлөөлөгдсөн учраас Чөлөөт бүсийн хашаанд орж, эд хөрөнгийг харж, манах эрхгүй шүү дээ гэж хэлсэн байна, С.Нургайып "Бид нар хэзээ, яаж, хүлээж авахаа мэдэж байна, " гэж хэлсэн байна. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ий өдөр аавтай цуг захирамжаа очоод авсан, манай аав болох Муса овогтой Хуанган: Д.Пунцагдорж та нар захирамж өгөхөөс өмнө ажлаа яагаад хүлээж авахгүй юм гэхэд Д.Пунцагдорж "дараа нь хүлээж авна" гэсэн юм. Тэгээд би захирамж хүлээж авсан гэсэн гарын үсэг зурж, аав бид хоёр яваад өгсөн. 
Чөлөөт бүсийн цагдаа нар надад нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг  хуурай цэнэгтэй аккумулятор 1 ширхэг, Авто машиний аккумулятор 1 ширхэг /шинэ/ хүлээлгэж өгсөн, агуулахад оруулж тавьсан юм. Би тухайн эд зүйлсийг хүлээж авсан тэмдэглэл бүртгэл бичээгүй болно, Харин дэслэгч К.Депудат тухайн эд зүйлсийн хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулж авсан. Би хариуцлага алдаж эд зүйл дутааснаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч, хохирогч нараас уучлалт гуйж эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Иргэний нэхэмжлэгч Д.Пунцагдоржийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Чөлөөт бүсийн нярваар шинээр томилогдсон М.Өнербекийн ажил хүлээлцэхээр ажлын хэсгийн ахлагч миний бие Захиргаа аж ахуйн хзлтсийн дарга Д.Пунцагдорж, Хуулийн зөвлөх С.Нургайып, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Хайрат, Ня-бо Б.Еркежан, нарын хамт очиж, өмнөх чөлөөт бүсийн нярав Хуанган овогтой Маханбетд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгуй болохоор бид нар шинээр томилогдсон нярав М.Өнербекд ажлаа хүлээлцүүлж өгөхөөр Чөлөөт бүс хашаанд доторх агуулахын 3 хаалганы 3 цоожийг эвдэж хөрөнгийн жагсаалтын дагуу тооллого хийхэд агуулахад 45 тонн нүүрс: 85 шуудай түлээний мод, гал тогооны хэрэгсэл, ногоон байгууламжийн тоног төхөөрөмж, зочид буудлын хэрэгслүүдийг эд хөрөнгийн жагсаалтанд байгаа ёсоор хүлээж авсан. Үүнээс нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг /шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, 1 литерийн лаазтай будаг 3 ширхэг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг, унтлагын тумбочик 2 ширхэг дутуу байсан. Үүнээс 1 унталгын тумбочик Цагааннуур тосгоны Чөлөөт бүсийн цагдаа нарт байна, 1 унталгын тумбочик Х.Махамбетэд ажил хүлээлгэж өгөх үед байхгүй байсан, газ плитк 1 ширхэг, чийг нэтрүүлдэггүй гудас 1 ширхгийг Х.Асылханаас бүрэн бүтэн хүлээж авсан одоо манай байгууллагын эд хөрөнгөөс нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг \шинэ\, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг \шинэ\, авто машины аккумулятор 1 ширхэг \шинэ\, 1 литерийн лаазтай будаг 3 ширхэг дутсан байна. Цагааннуур чөлөөт бүсийн харуул хамгаалалтын байрыг гэрэл цахилгааны шугамд холбуулахаар нарны гэрлийн энерги тавихаар худалдаж авсан байсан. Үүнийг нярваар ажиллаж байсан Х.Махамбет хариуцах үүргээ хэрэгжүүлэлгүй алга болгосон байна. Бид байгууллагыг хохиролгүй болгохын тулд Цагдаагийн газарт гомдол гаргасан. Учирсан хохирлыг төлүүлж авсан нь үнэн. Бид хохирлыг хүлээн авч Х.Махамбеттэй эвлэрсэн. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
- Гэрч М.Өнербекийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...Миний бие 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр Чөлөөт бүсийн нярваар томилогдсон тушаал гарсан ба тухайн өдөр ажил хүлээлцэх ажлын хэсэг Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Д.Пунцагдорж, Хуулийн зөвлөх С.Нургайп, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Хайрат, Ня-бо Б.Еркежан, мөн хоёр хөндлөнгийн гэрч Г.Жандаулет, Х.Гумырсерик нарын хамт ажлын хүлээлцэхээр очиж, өмнөх чөлөөт бүсийн нярав Хуанган овогтой Маханбетд мэдэгдсэн боловч ирээгүй Цагааннуур тосгон дахь гэрт очиход байгаагүй, утас руу залгахад аваагүй, тэгээд Чөлөөт бүс хашаанд доторх агуулахын 3 хаалганы цоожийг эвдэж хөрөнгийн жагсаалтын дагуу тооллого хийхэд агуулахад 45 тонн нүүрс, 85 шуудай түлээний мод, гал тогооны хэрэгсэл, ногоон байгууламжийн тоног төхөөрөмж, зочид буудлын хэрэгслүүдийг эд хөрөнгийн жагсаалтад байгаа ёсоор хүлээж авсан. Үүнээс нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг /шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, унтлагын тумпучка 2 ширхэг, 3 ширхэг 3 литер лаазтай будаг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг дутуу байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
- Гэрч Б.Хайратын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “ ...Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чөлөөт бүсийн нярваар шинээр томилогдсон М.Өнербекийн ажил хүлээлцэхээр Захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Д.Пунцагдорж, Хуулийн зөвлөх С.Нургайп, Нярав М.Өнербек, Ня-бо Б.Еркежан, жолооч Ж.Болат нарын хамт очиж, өмнөх чөлөөт бүсийн нярав Хуанган овогтой Махамбетд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохоор бид нар шинээр томилогдсон нярав М.Өнербекд ажлаа хэлэлцүүлж өгөхөөр Чөлөөт бүс хашаанд доторх агуулахын 3 хаалганы 3 цоожийг эвдэж хөрөнгийн жагсаалтын дагуу тооллого хийхэд агуулахад 45 тонн нүүрс, 85 шуудай түлээний мод, гал тогооны хэрэгсэл, ногоон байгууламжийн тоног төхөөрөмж, зочид буудлын хэрэгслүүдийг эд хөрөнгийн жагсаалтад байгаа ёсоор хүлээж авсан. Үүнээс нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг/шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, унтлагын тумпучка 2 ширхэг, 3 ширхэг 3 литер лаазтай будаг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг дутуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Гэрч Х.Гумырсерикийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр аймгаас манай хамаатан С.Айнагүл гэгч Б.Хайрат гэгчээс нэг бичиг өгч явуулсан байсан ба би Б.Хайрат руу залгахад Цагааннуур тосгоны Чөлөөт бүсийн хашааны хаалганы урьд талд байна ирээд аваарай гэсэн би очоод бичгээ авч байхад хууль зөвлөх С.Нургайл, М.Өнербек нар ирж чи хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч одоо агуулахын хаалгыг онгойлож эд зүйлд тооллго хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд агуулгын хаалганы цоожийг М.Өнербөк эвдэж орсон. Би яагаад хаалганы цоожийг эвдэж орж байна гэхэд ажлаас халагдсан нярав нь хаалганы цоожны түлхүүрийг өгөхгүй байна тэгээд эвдэж орж байна гэсэн юм. Агуулахад байгаа эд зүйлийн бүртгэлээс тулгаж тооллого хийхэд унтлагын тумпучка 2 ширхэг, 3 литер лаазтай будаг 3 ширхэг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг, нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг /шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, зэрэг эд зүйлүүд дутуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
- Гэрч Г.Жандаулетийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдөр М.Өнербек гэгч залгаж би Цагааннуур тосгоны Чөлөөт бүсэд ажил орсон ажлаа хүлээж авах гэсэн хөндлөнгийн гэрч хэрэгтэй байна чи оролцоод өгөөч гэсэн би Чөлөөт бүсийн хашаанд очсон юм. Тэгээд хашаан дотор орж одоо агуулахын хаалгыг онгойлгож эд зүйлд тооллого хийнэ гэж хэлсэн юм. Тэгээд агуулгын хаалганы цоожийг Хууль зүйн зөвлөх Нургайып эвдэж орсон. Би яагаад хаалганы цоожийг эвдэж орж байна гэхэд нэгэн өмнөх ажлаас халагдсан нярав нь хаалганы цоожны түлхүүрийг өгөхгүй байна тэгээд эвдэж орж байна гэсэн юм. Агуулахад байгаа эд зүйлийн бүртгэлээс тулгаж тооллого хийхэд унтлагын тумпучка 2 ширхэг, 3 литр лаазтай будаг 3 ширхэг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг, нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг /шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, зэрэг эд зүйлүүд дутуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
- Гэрч Г.Нургайыпын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “Би 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж Цагааннуур тосгон Чөлөөт бүсэд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Нярав ажилтай байсан Х.Махамбетийг ажлаа чөлөөлөгдсөний дараа түүний хариуцаж байсан Цагааннуур Чөлөөт бүс дэх байгууллагын эд хөрөнгийг түүнээс хүлээж авахын тулд түүнд удаа дараа мэдэгдэж дуудсан боловч хүлээлгэн өгөхөөс татгалзсан улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 хөндлөнгийн гэрч байлцуулж байгаад түүний эзгүйд Цагааннуур Чөлөөт бүсийн агуулахад байгаа түүний хариуцсан эд хөрөнгийг зохих журмын дагуу тооллого хийж нярваар шинээр томилогдсон М.Өнербекийн хүлээлгэж өгсөн. Агуулахад тооллого хийхэд нарны эрчим хүчний хавтан 2 ширхэг /шинэ/, хуурай цэнэгний аккумулятор 1 ширхэг /шинэ/, автомашины аккулмятор 1 ширхэг /шинэ/, унтлагын тумлучка 2 ширхэг, 3 ширхэг 3 литр лаазтай будаг, газ плитк 1 ширхэг, чийг нэвтрүүлдэггүй хуудас 1 ширхэг дутуу байхгүй байсан. Х.Махамбетд итгэмжлэгдэн хариуцсан дээрх эд хөрөнгө дутсан учраас түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хууль заасан гэмт хэргийн шинж байгаа гэж үзэн Цагдаагийн байгууллага гомдол мэдээлэл гарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
- Гэрч К.Депудатын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
- Гэрч Ж.Болатын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
- Гэрч Б.Еркежаны хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
- Гэрч М.Хуанганы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 47-19-р хуудас/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/
- Эд хөрөнгийн бүртгэл /хх-ийн 77, 83, 84, 85-р хуудас/
- СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 96-97-р хуудас/
- Засварын ажлын төсөв /хх-ийн 126-132-р хуудас/
Ажилд томилсон захирамж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эвлэрсэн тухай тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд зэргийг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ. 
Шүүгдэгч Х.Махамбет нь 2016 оны 04 дүгээр сарын 29-өөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд байрлах Цагааннуур чөлөөт бүсийн нярваар ажиллаж байхдаабайгууллагын итгэмжлэл хариуцуулсан эд хөрөнгнөөс 660900 төгрөгний эд хөрөнгийг дутааж үрэгдүүлсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч М.Өнербек, Б.Хайрат, Х.Гумырсерик, Г.Жандаулет, С.Нургайып нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад баримтууд зэргээр нотлогдож байна.  
Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд орсон тушаал, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр Х.Махамбет байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцах этгээд мөн болох нь тогтоогдож байна.
Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Х.Махамбетэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж гэм хорыг арилгасан, иргэний нэхэмжлэгчийн хохирол, гомдол саналгүй, эвлэрсэн зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 251.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.Махамбетийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Махамбет нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.
 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ийг хавтаст хэргийн хамт хадгалж, Х.Махамбетийн эзэмшлийн 700 м2 талбайтай газар битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоол, шүүгдэгчид урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248-р зүйлийн 248.1.2, 283, 284, 285,  286, 290, 294-299  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Ожых овогт Хуанганы Махамбетийг бусдын эд хөрөнгийг үрэгдүүлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 71-р зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Х.Махамбетийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хавтаст хэргийн хамт хадгалсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Х.Махамбетийн эзэмшлийн 2500000 төгрөгийн үнэтэй 700 м2  талбай бүхий газрыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 
             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ