| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 186/2020/0029/Э |
| Дугаар | 471 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 471
186/2020/0029/Э
2020 04 16 2020/ДШМ/471
Д.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
хохирогч Ц.Алтансүх,
шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А-, хохирогч Ц.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А-д холбогдох эрүүгийн 1911020381063 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..... /РД:......./,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 4 cap хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
Д.А- нь өөрийгөө “Оюунчимэг” гэж танилцуулан “Монгол банкинд ажилладаг, ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр зээл гаргаж” өгнө хэмээн бусдыг хуурч, зохиол байдлыг зориудаар бий болгож:
2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн орчимд хохирогч Д.Бадамсүрэнгээс бэлнээр 4.000.000 төгрөг, Ж.Цээдоржоор дамжуулан 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Буянбатаас 12.500.000 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Алтансүхээс 10.000.000 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чулуунпүрэвээс 10.000.000 төгрөг,
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пүрэвдоржоос 5.000.000 төгрөг тус тус залилан авч, 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 42.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .... А-г хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гаас нийт 37.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 9-472 тоотод оршин суух Боржигон овогт Дашдоржийн Бадамсүрэнд /РД:УЕ78030868/ 400.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн задгайгийн 1-9 тоотод оршин суух Боржигон овгийн Төмөртогтоогийн Буянбатад /РД:УД85072115/ 12.500.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 29-54 тоотод оршин суух Боржигон овгийн Цэрэндоржийн Алтансүхэд /РД:УД89020228/ 10.000.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39-57 тоотод оршин суух Хар соён овгийн Сүхбаатарын Чулуунпүрэвт /РД:ФА94112416/ 10.000.000 төгрөгийг, хохирогч Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 10-839 тоотод оршин суух Монгол овгийн Бямбасүрэнгийн Пүрэвдоржид /РД:УД89080312/ 5.000.000 төгрөгийг тус тус олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний холбогдсон хэргийн үйлдлүүдэд Ж.Цээдорж гэх эмэгтэй нягт холбоотой. Ж.Цээдорж бид хоёр 2017 онд цагдан хорих 461 дүгээр ангид нэг өрөөнд хоригдож байхдаа танилцсан. Ж.Цээдорж тухайн үед залилангийн хэргээр шалгагдаж байсан ба өнөөдрийг хүртэл шалгагдсаар л байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорих ангиас суллагдсаны дараа 2019 оны 5 дугаар сард 88531717 гэдэг дугаараас залгаж, надтай уулзан “надад мөнгөний хэрэг байна. Чи Монгол банкинд ажилладаг Оюунцэцэг гэдэг хүн болж, би чамаар дамжуулж таньдаг хүмүүсээс зээл гаргана гэж хэлээд мөнгө авах гэсэн юм. Чи хэлээд, уулзаад өгөөч. Ойрын хугацаанд мөнгө олохгүй бол хоригдох гээд байна” гэж хэлсэн. Тэгээд дээрх хохирогч болох хүмүүсийг танилцуулж мөнгө авахуулсан. Гол нь хохирогч Бадамсүрэнгээс авсан 5.000.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг бэлнээр би авч, 1.000.000 төгрөгийг Ж.Цээдоржийн дансанд хийсэн байдаг. Ж.Цээдорж энэ талаараа мөрдөн байцаалтад “энэ 1.000.000 төгрөгийг 1.100.000 төгрөг болгоод надад өгсөн” гэж хэлсэн боловч энэ нь худлаа. Яагаад гэвэл Ж.Цээдорж нь Хавдар судлалд ажилладаг Замбагарав гэдэг хүнд 1.100.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлээд 1.100.000 төгрөгийг миний данс руу хийгээд буцаагаад шилжүүлж авсан. Энэ нь дансны хуулгаар баталгааждаг. Энэ талаар мөрдөн байцаалтад удаа дараа хэлсэн боловч авч хэлэлцэлгүй өнөөдрийг хүртэл явж байна. Энэ бүх үйлдлүүд 2019 оны 6 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд нийт 42.500.000 төгрөг цугларсан. Үүнээс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ж.Цээдоржийн найз залуу болох 86633997 дугаарын утастай Баттүвшингийн 5550728263 тоот дансанд 20.000.000 төгрөгийг хийсэн. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нь энэ үйлдлийг харалгүй над дээр бүх бурууг хүлээлгэж, гэм буруутайд тооцож ял оноосонд гомдолтой байна. Ж.Цээдоржийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулснаар миний хохирлын хэмжээ багасаж, эрх зүйн байдал дээрдэж, ял хөнгөрөх нөхцөл байдал бүрдэнэ. Хохирогч Пүрэвдорж нь хавтас хэргийн 33 дахь хуудаст өгсөн мэдүүлэгтээ “Бадамсүрэнд 5.000.000 төгрөг өгсөн” гэсэн. Гэтэл тэр 5.000.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг Ж.Цээдоржийн 5024335933 тоот данс руу Бадамсүрэнгийн данснаас шилжүүлж, 1.500.000 төгрөгийг би Бадамсүрэнгээс бэлнээр авсан. Тэгэхээр Ж.Цээдорж нь 3.500.000 төгрөгийг төлөх ёстой байтал энэ хүнийг хэрэгт татахгүй үлдээснээр шийтгэх тогтоолоор 5.000.000 төгрөгийг надаар бүхэлд нь төлүүлэхээр гарсанд гомдолтой байна. Ж.Цээдорж нь хэрэг үүсгэж шалгагдсанаас хойш “намайг битгий хэлээрэй, би авсан мөнгөө өгнө” гэж хэлсээр байгаад шүүх дээр ирэхэд “5 хоногийн завсарлага аваарай, би төлнө” гэж хэлэхэд нь би эцсээ хүртэл итгэсэн. Гэтэл энэ бүгд худал байсан. Энэ хүний өөрийн авсан мөнгө болох 23.500.000 төгрөгийг төлүүлснээр энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ. Энэ хүнийг хэрэгт холбогдуулан шалгаагүйд гомдолтой байна. Мөн надад холбогдох энэ хэргийн шүүхийн харьяалал буруу тогтоосон гэж үзэж байна. Эхний болон сүүлийн үйлдэл нь бүгд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд болсон байхад Чингэлтэй дүүргийн шүүхээр харьяалал тогтсон нь буруу гэж үзэж байна. Эдгээр хохирогч нар нь Ж.Цээдорж, Д.Бадамсүрэн нарын танил хүмүүс. Би эдгээр хүмүүсийг огт танихгүй. Ер нь энэ зээл гаргана гэсэн санаачлагыг Ж.Цээдорж гаргаж идэвхтэй хөөцөлдөж оролцсоныг мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шатанд хангалттай мэдүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Манай нөхөр Т.Алтанхуяг нь Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээний Өвөрхангай аймаг дахь салбарт инженерээр 18 жил тасралтгүй ажиллаж байна. Би өөрөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн урд зогсоолд байрлах “Монгол хуушуур” нэртэй цайны газар ажиллуулдаг, гэрээр дээл оёж орлого олдог талаараа хавтас хэрэгт баримт бүрдүүлж өгсөн. Мөн хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ийм байтал намайг эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэнд гомдолтой байна. Би 02-13 насны, насанд хүрээгүй гурван хүүхэдтэй ба одоо би жирэмсэн. 2018 онд хорих ялаар шийтгэгдсэн хохирлын төлбөрийг бүрэн гүйцэд барагдуулсан байхад шийтгэх тогтоолд барагдуулж дуусаагүй гэж үзсэн нь үнэнд нийцэх дүгнэлт биш байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. ...” гэв.
Хохирогч Ц.Алтансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Д.А-гийн үйлдлийн улмаас 37.500.000 төгрөгөөр хохирсон. Д.А- давж заалдах гомдолдоо “Өвөрхангай аймгийн Хархорин суманд цайны газар, үйлчилгээний төвтэй” талаараа дурдсан. Д.А-гийн өмгөөлөгч Г.Энхтүвшин “Би Оюунчимэг гэх хүнтэй ярихад тэр үнэн гэж хэлсэн” гэж хэлдэг. Энэ хугацаанд бидний хохирлыг барагдуулах хангалттай хугацаа байсан боловч хохирол барагдуулах ямар ч сонирхол байгаагүй гэж бодож байна. Д.А- нь давтан гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.А-, Ж.Цээдорж нар нь анх хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа танилцсан байдаг тул Ж.Цээдоржийг уг хэрэгт хамтран оролцогчоор татаж шалгуулах хүсэлтэй байна. Мөн Д.А-д холбогдох хэргийн харьяаллыг буруу тогтоосон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч, гэрч нар нь Д.А-г өөрийгөө “Оюунцэцэг, Оюунчимэг” гэх нэрээр танилцуулан “Монгол банкинд ажилладаг, их хэмжээний зээл гаргаж өгнө” гэсэнд хууртагдаж эд хөрөнгө буюу мөнгөө шилжүүлэн өгч залилуулсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай мэдүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс надад холбогдох хэрэгт Ж.Цээдорж холбоотой бөгөөд түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй гэх давж заалдах гомдлыг гаргаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсэн. Шүүгдэгч Д.А-гийн хувьд залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Ж.Цээдоржийг тухайн хэрэгт холбогдолгүй болохыг дүгнэж, шийтгэх тогтоолд тусгасан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг харьяалал зөрчиж шийдвэрлэсэн гэж яриад байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасан боловч мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Д.А-гийн үйлдсэн хэргүүдийн зарим нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байх тул шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, Д.А- нь “надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг буруу дүгнэж хүнд ял оногдуулсан” гэж давж заалдах гомдолдоо дурдаж байгаа боловч анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр өөрийгөө “Оюунчимэг гэдэг, Монгол банкинд ажилладаг, ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр урт хугацааны зээл гаргаж” өгнө хэмээн бусдыг хуурч, зохиол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилан авч, нийт 42.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Бадамсүрэнгийн “...Ж.Цээдоржтой хамт 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөртөө байсан 4.000.000 төгрөгийг бэлнээр авч, Оюунцэцэг гэх эмэгтэйтээ Драгон дээр 19 цагийн үед очиж уулзсан. ...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Оюунцэцэг нь Б.Нямдорж, Ц.Алтансүх, С.Чулуунпүрэв нарыг түүнтэй очиж уулзаж, зээл гаргуулахаар 20.000.000 төгрөг өгөхөд тэр дор нь 2.600.000 төгрөгийг тоолоод бэлнээр надад буцааж өгч явуулсан байсан. Тэгээд зээл гарахгүй удаад, дээрээс нь миний мөнгө зээлж авсан найз Ганаа мөнгөө нэхээд байхаар нь Оюунцэцэг рүү залгаж “мөнгөө авмаар байна” гэж хэлэхэд Оюунцэцэг дансаа өгчих гэж хэлсэн. ...Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр миний Хаан банкны 5749206051 дугаарын дансанд 5556515433 дугаарын данснаас 2.000.000 төгрөг ирсэн. ...” /1хх 22-24/
хохирогч Т.Буянбатын “...бэр эгч Д.Бадамсүрэн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр залгаад “Монгол банкинд ажилладаг Голомт банкнаас урт хугацааны бага хүүтэй зээл гаргадаг Оюунцэцэг гэх эмэгтэй байна” гэж хэлсэн. ...Ингээд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед Монгол банкны хажуу талын “Нүүдэлчин” гэх цайны газар тэр Оюунцэцэг эмэгтэйтээ би өөрөө ганцаараа уулзаж тэр Оюунцэцэг гэх эмэгтэйн хэлсэн 5037212565 дугаарын данс руу 7.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5749930664 дугаарын данснаас интернет банкаар шилжүүлсэн. Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр найз Т.Гансайханы над руу шилжүүлсэн 4.000.000 төгрөг дээр 1.500.000 төгрөг нэмж нийлүүлээд 5.500.000 төгрөгийг би мөн өөрийн Хаан банкны 5749930664 дугаарын данснаас интернет банкаар тэр Оюунцэцэг гэх эмэгтэйн хэлсэн 5556515433 дугаарын данс руу шилжүүлсэн.” /1хх 26-27/,
хохирогч Ц.Алтансүхээс “...тэр хүнтэй утсаар ярихад өөрийгөө “Монгол банкинд ажилладаг, Оюунцэцэг гэж танилцуулж байсан ба тэрээр хэлэхдээ их хэмжээний зээлийг урт хугацаагаар гаргаж өгнө. 10.000.000 төгрөг өгвөл 100.000.000 төгрөгийн зээл гаргах боломжтой гэж хэлсэн. ...10.000.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Оюунцэцэг гэх эмэгтэйд бэлнээр тоолж өгсөн. ...Оюунцэцэг гэх эмэгтэй тэр өдөр надаас 10.000.000 төгрөг бэлнээр тоолж аваад 2.600.000 төгрөгийг Д.Бадамсүрэнд аваачиж өгөөрэй гэж хэлсэн.” /1хх 30-31/,
хохирогч Б.Пүрэвдоржийн “...тухайн үед хүү багатай, урт хугацаатай зээл гэж сонсохоор нь байр худалдаж авъя гэж бодоод 5.000.000 төгрөгийг Д.Бадамсүрэн эгчийн данс руу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр миний бэр эгч Ц.Алтансүх миний өмнөөс шилжүүлсэн. Д.Бадамсүрэн эгч цаашаагаа тэр зээл гаргадаг гэсэн хүнд өгсөн гэж сонссон. ...” /1хх 35/,
хохирогч С.Чулуунпүрэвийн “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр урьдчилгаа 10.000.000 төгрөгөө Б.Нямдорж, Ц.Алтансүх нартай хамт Улаанбаатар хот орж бэлнээр нөгөө Оюунцэцэг билүү Оюунчимэг гэх хүнд “Тэнгис” кино театрын урд талд байрлах автомашины зогсоол дээр машин дотор өгсөн. Тэр эмэгтэй 2.600.000 төгрөгийг буцааж Ц.Алтансүхэд өгөөд Бадамсүрэнд аваачиж өгөөрэй гэсэн. ...” /1хх 35-36/,
гэрч Б.Нямдоржийн “...тэр Оюунцэцэг гэх эмэгтэйд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед “Тэнгис” кино театрын үүдэнд хүргэн дүү С.Чулуунпүрэвийн цагаан өнгийн Prius-20 загварын тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа 10.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. ...” /1хх 41-42/,
гэрч Ж.Цээдоржийн “...Оюунчимэг над руу залгаад “ганц нэг хүний зээл гаргачихмаар байна мэдээд өгөөч, гаргах зээлийнхээ 10 хувийг би өөрөө авна, хүмүүст хэлээд өгөөрэй” гэсэн. Ингээд би ажлын газрынхаа Ариунтуяад хэлэхэд Ариунтуяа Д.Бадамсүрэнд миний утасны дугаарыг өгч бид холбогдсон. 2019 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Д.Бадамсүрэнд Оюунчимэгийн утасны дугаарыг өгсөн. ...Д.Бадамсүрэнгийн миний 5024335933 дугаарын данс руу шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг өөрийн зээлсэн 100.000 төгрөгийг нэмээд 1.100.000 төгрөг болгож шилжүүлсэн. ...Оюунчимэг нь тухайн үед ажлаар Дархан-Ууд аймаг руу явах гэж байгаа гээд Д.Бадамсүрэнгээс 4.000.000 төгрөг аваад явсан ба би одоо сүлжээгүй газар очих тул миний дансаар үлдэгдэл 1.000.000 төгрөгийг авахаар болсон. ...” /1хх 44-47/,
гэрч А.Солонгын “...тэр үл таних эмэгтэй охиндоо гэж хэлээд монетон гинж, ээмэг 510.000 төгрөгөөр болон бас нэг өөр лангуунаас хадам ээждээ гэж хэлээд алтан сүүжин ээмэг 651.000 төгрөгөөр авсан. ...Тэр эмэгтэй "одоо хүнээс дансаар мөнгө орж ирэх ёстой, миний утасны цэнэг дуусчихлаа гээд утсаа надаар цэнэглүүлээд, чиний дансаар мөнгө авч болох уу” гэхээр нь би худалдсан үнэт эдлэлийнхээ мөнгийг авахын тулд өөрийнхөө дансыг тэр эмэгтэйн хэлсэн 99295029 гэсэн утасны дугаар луу мессежээр явуулсан. Ингээд миний 5037212565 дугаарын данс руу 5749930664 дугаарын данснаас 7.000.000 төгрөг ирсэн ба надаас авсан үнэт эдлэлийн мөнгө болох 1.161.000 төгрөгийг хасаж авч үлдээд үлдэгдэл 4.083.600 төгрөгийг тэр эмэгтэйн хэлсэн 5556515433 дугаарын данс руу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр буцааж шилжүүлсэн. ...” /1хх 52-53/,
гэрч Т.Буянтогтохын “...2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Д.Бадамсүрэн бид хоёр тэр Оюунаа гэх эмэгтэйд Голомт банкаар 50.000.000 төгрөгийн зээл гаргуулахаар урьдчилгаа болгож 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг Т.Цээдоржийн Хаан банкны нэг данс руу шилжүүлсэн. ...Мөн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Д.Бадамсүрэн бид хоёр Оюунаатай Драгон дээр очиж уулзаж, мөн хамаатны дүү болох Б.Пүрэвдоржийн 50.000.000 төгрөгийн зээл гаргуулахаар урьдчилгаанд өгсөн байсан 5.000.000 төгрөгийг өгсөн. ...” /1хх 55/,
Д.А-гийн яллагдагчаар өгсөн “...Цээдорж надаас банкны зээл гаргадаг хүн байна уу, зээлийн хугацаагаа хэтрүүлж төлснөөс болоод зээлдэгчийн хар дансанд бүртгэгдсэн гэж хэлэхээр нь би зээл гаргаж өгнө гэж худлаа ярьж, зээл нэрээр мөнгө авч болох юм байна гэсэн сэдэлт гэнэт төрсөн. Би Цээдоржид Оюунчимэг гэж найз байгаа. Тэр найз маань Монгол банкинд ажилладаг гэж танилцуулсан. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. ...” /1хх 93-94/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 13-16/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 109/, /1хх 111/, 1хх 115/, /1хх 117/, /1хх 119-120/, /1хх 182-184/, /1хх 187/, /1хх 191/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Д.А-г 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Д.А- нь хохирогч нарт өөрийгөө “Оюунчимэг гэдэг, Монгол банкинд ажилладаг, ямар нэгэн барьцаа болон бичиг баримтгүйгээр урт хугацаатай зээл гаргаж” өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын 42.500.000 төгрөгийг залилан авсан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл хэмжээний дотор 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...хохирол төлөх талаар санаачлага гаргаагүй, Д.А-д оногдуулсан ял хөнгөдсөн. ...” гэх хохирогч Ц.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8, 267.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэх ажиллагаа юм.
Шүүгдэгч Д.А- нь “...Ж.Цээдоржийг энэ хэрэгт хамт шалгаагүй, 42.500.000 төгрөгөөс тэрээр 23.500.000 төгрөгийг авсан, ...мөн шүүхийн харьяалал зөрчигдөж хэргийг шийдвэрлэсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Д.А-гийн дээрх гэмт хэргийн үйлдэхдээ ямар санаа, сэдэл төрсөн талаар яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэрэгт Д.А-гаас өөр хүн оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн шүүгдэгч Д.Алтантуяа нь жирэмсэн талаарх баримт хавтас хэргийн 101-102 дугаар талд авагдсан хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байгааг дурдаж байна.
Шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд, шүүгдэгч Д.А-гийн сүүлийн үйлдэл нь Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэсэн заалтад нийцээгүй байх боловч мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй. Анхан шатны шүүхэд прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч нар нь харьяаллын талаар маргаагүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх дээрх нөхцөл байдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход болон шүүхийн шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх асуудлыг хөндөх шаардлагагүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-, хохирогч Ц.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А-, хохирогч Ц.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН