Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0234

 

 

 

 

 

 

 

 

  2026          04           09                                    221/МА2026/0234

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүн: Шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болортулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нямцоож

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Гуравдагч этгээд: “Л” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

“Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Б.Я, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/1032/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дүгээр албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаар албан бичиг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг даалгах”-аар маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1017 дугаартай албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А1/2091 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А-1/2285 дугаартай албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” А1-/1822 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан зөвлөмж, шийдвэр, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 883 дугаартай албан бичгийн дагуу түрээсийн гэрээ байгуулж баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “Т” ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн Нөхөн үржихүйн зөвлөх политехникийн үүдэнд байрлах өлгий худалдаалах зориулалттай, 7 м.кв талбай бүхий 1 өрөөг 2010 оноос өнөөг хүртэлх хугацаанд тогтвортой түрээслэн өөрсдийн дотооддоо үйлдвэрлэсэн болон гадаад улсад үйлдвэрлэгдсэн Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагад бүрэн нийцсэн хүүхдийн өлгий, хувцас, хэрэглэлийг худалдан борлуулж, мөн тодорхой тооны хүмүүсийг байнгын ажлын байраар ханган ажиллаж буй жижиг дунд үйлдвэрлэгч юм. Нэхэмжлэгч нь өөрсдийн түрээслэн ашиглаж буй талбайг түрээслэх гэрээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хүрээнд өнөөг хүртэл ашиглаж байгаа бөгөөд түрээслүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүр биелүүлэн, үүргийн зөрчилгүй ажиллаж байгаа болно.

3.2. Нэхэмжлэгч компани нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй гэрээ байгуулан өөрсдийн олон жил түрээслэн ашиглаж буй талбайд 2025 онд зарласан “Гэрээ байгуулах эрх олгох” сонгон шалгаруулалтад тухай бүр холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэн оролцож байсан, мөн маргаан бүхий буюу 3 дахь сонгон шалгаруулалтыг тодорхой бус шалтгаанаар хүчингүй болгосонд гомдолтой байсан учир өмнө явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнг хэвээр үлдээж, гэрээ байгуулж, баталгаажуулахыг хариуцагч нарт даалгах зорилгоор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болохоо тайлбарладаг.

3.3. Анхан шатны шүүх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар маргаан бүхий сонгон шалгаруулалтад оролцоогүй этгээд болох “Л” ХХК-ийн гомдлоор тодорхой үндэслэл заахгүйгээр хууль ёсны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэдэгдсэн, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ж.Отгонбаатар нь Ажлын хэсгийн “...материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан, ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний нийлбэрээр “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн...” гэх дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалт буюу “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд хэрхэн нийцэж байгаа;

- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв өмнө гаргасан шийдвэр (нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий)-ээ хүчингүй болгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэхэмжлэгчид эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгохоосоо өмнө Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэг, мөн хуулийн бусад холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэгч буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж, “сонсох ажиллагаа” (хожим шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хэлбэрийн төдий л сонсох ажиллагаа хийсэн бөгөөд хэрэгт энэ талаарх баримт бий) явуулж шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй;

- Хэргийн оролцогчид 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЭХЭМҮТ/2022/0063 дугаартай “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г 2023, 2024 онуудад тус бүр 1 жилийн хугацаагаар 2 удаа сунгагдсан талаар маргаагүй, гэрээний сунгалттай холбоотой баримт хариуцагчид өөрт нь байсан учир нэхэмжлэгчээс шаардаагүй тухай тайлбарласан байдал зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

З.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/Ш32025/8567 дугаар захирамжаар “Л” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар авсан. Тухайн гуравдагч этгээдээр оролцсон “Л” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэх зохицуулалтын хүрээнд өөрийн эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад эрх зүйн байдал нь тодорхой бус этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах, цаашлаад шүүхийн шийдвэртээ ч гуравдагч этгээд гэх этгээдийн гаргасан тайлбарыг тусгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Энэ талаар анхааруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг алдаа мадаггүй, хуульд нийцүүлэн явуулах үүднээс эрх зүйн байдлыг нь тодруулах ажиллагаа хийхийг хүсэж байсан болно.

3.5. Улмаар уул тодорхойгүй байдлаас шалтгаалан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр болсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн гуравдагч этгээдийн төлөөлөгч гэх хүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа өмнө дурдсанчлан гуравдагч этгээд гэх этгээдийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаж, гаргасан тайлбартай нь холбоотой үйл баримтад дүгнэлт хийж буй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд үл нийцэх үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Л” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа түүний эрх зүйн байдлыг тодорхойлсон нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8567 дугаар захирамжаар “Л” ХХК-ийг бие даасан гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/10062 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн хувь гардуулж, маргаан бүхий акттай холбоотой тайлбарыг шүүхэд ирүүлэхийг мэдэгджээ.

4. Улмаар “Л” ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А105 дугаар албан бичгээр маргаан бүхий акттай холбоотой тайлбарыг ирүүлсэн бөгөөд уг тайлбартаа “Л” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямсүрэн гэсэн гарын үсэгтэй, компанийн тамга дарж ирүүлсэн байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.”, 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь өөрийн эрх хэмжээгээ нотолсон баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхээс удаа дараа “Л” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулах, түүнтэй холбоотой баримтыг цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

6. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар тэмдэглэлд “...хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй” гэж, мөн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 78 дугаар тэмдэглэлд “...Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн өмгөөлөгч: ирцтэй холбоотой гуравдагч этгээд мөн эсэхийг нээлттэй мэдээллийн сангаас тодруулмаар байна, нээлттэй мэдээллийн сангаас “Л” ХХК-ийн лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна” гэж тэмдэглэгдсэн, “Л” ХХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар албан бичгээр компанийг шүүхэд төлөөлж Э.А оролцох тухай итгэмжлэл ирүүлснээс өөрөөр “Л” ХХК-ийг Ц.Н итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэх, Ц.Н итгэмжлэл олгох эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн захирамж гаргасан бөгөөд уг захирамжид “...гуравдагч этгээдээр оролцож буй компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг нотолсон баримтыг 3 удаагийн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөнгүй ... Э.А-г шүүх хуралдаанд ажиглагчийн байрнаас оролцох боломжтой” болохыг дурдсан атлаа шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт “Л” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарыг тэмдэглэж, түүний эрх зүйн байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.  

7. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “....Сүүлийн албан бичгүүдтэй холбоотой өгч байгаа хариунуудыг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгчийн хувьд өмнө өгсөн, манайд эрх олгосон албан бичгүүдийг үгүйсгэсэн байдлаар албан бичгүүд ирээд байсан учраас үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхгүй байх, хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй байгааг анхаарах шаардлагатай байна

8. Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

                              ШҮҮГЧ                                              Л.ОДБААТАР

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ