Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 139/ШШ2020/00018

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Д-ийн Э-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л-ийн Т-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Л.Т, түүний өмгөөлөгч В.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т бид хоёр 2001 онд гэр бүл болсон. Гэр бүл болж хамт амьдрах хугацаандаа 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Т.Н-ыг, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүү Т.Б-ыг төрүүлсэн. Л.Т  нь 2013 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж намайг байнга дарамталж, зоддог байсан. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүү Т.Б-аа өөрийнхөө асрамжинд авч, охин Т.Н-ыг аав Л.Т-ынх нь хүсэлтээр аавынх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Л.Т бид хоёр хүүхдийн асрамжин дээр ярьж тохиролцсон. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь авч байгаа болохоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэлдээ дурдсан хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна. Охин Т.Н-ыг өөрийн асрамжинд авч, хүү Т.Б-ыг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Л.Т-д холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан байна.

 

Д.Э, Л.Т  нар 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2012.10.03-ны өдөр охин Т.Н, 2017.07.03-ны өдөр хүү Т.Б нар төрсөн болох нь 0081363-06 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 789791, 395753 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, хариуцагч Л.Т нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд гэрлэгчид охин Т.Н-ыг эцэг Л.Т-ын асрамжинд, хүү Т.Б-ыг эх Д.Э-ийн асрамжинд тус тус үлдээх талаар харилцан тохиролцсон энэ талаар маргахгүй байгаа зэргийг харгалзаад асрамжийн асуудлыг зохигчдын тохиролцсноор шийдвэрлэлээ. 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “...гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.31-ний өдрийн 69 дугаартай шийтгэвэрээр Л.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрлэлт цуцлах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай насанд хүрээгүй хүүхдийн асрамжны асуудлыг хамтад нь шийдвэрлэх маргаан учраас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Д.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Л.Т-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Л-ийн Т , Д-ийн Э  нарын гэрлэлтийг цуцласугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012.10.03-ны өдөр төрсөн охин Тайж овогт Т-ын Н-ыг эцэг Л.Т-ын асрамжинд, 2017.07.03-ны өдөр төрсөн хүү Тайж овогт Т-ын Б-ыг эх Д-ийн Э-ийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигч тохиролцож, охин Т.Н, хүү Т.Б  нарт тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

         4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Т-ын нэхэмжлэгч Д.Э-д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Л.Т-аас 70.200 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Т-ын Төрийн сангийн 100080000941 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг буцаан гаргуулж Л.Т-д олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Т-д даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ