Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00009/и |
Дугаар | 42 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 42
2020 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 139/ШШ2020/00042 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.С-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.С нь 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж 6,800,000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай 24.48 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багт оршин суудаг байсан бөгөөд Дундговь аймгийн 7 дугаар багийн нутагт орших “Н” ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан. 2019 оны 9 дүгээр сарын зээлээ эргэн төлөлтөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж зээлийн төлбөрөө төлөхөө больсон. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй, холбоо барих арга хэмжээг удаа дараа авсан боловч үр дүнд хүрэхгүй, холбогдох боломжгүй байна. Иймд зээлдэгч Т.С-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.С нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн тайлбар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Т.С-ийн хамгийн сүүлд амьдарч байсан хаяг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 0000 тоотод байсан байна.
Дээрх баримтуудаас өөр Т.С-ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Хоодой овогт Т-ын С-ийг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.С-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ