Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00031/и |
Дугаар | 43 |
Огноо | 2020-01-23 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 43
2020 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 139/ШШ2020/00043 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Г, М.Ц нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Г , М.Ц нар нь Хас банктай 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,400,000 төгрөгийг 1 жилийн 20.04 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 00000 тоотод оршин суудаг байсан. 2019 оны 2 дугаар сар хүртэл зээлээ хэвийн төлж байгаад төлөхөө больж утсаа авахаа больсон. Дундговь аймаг Сайнцагаан сумын Айргийн 000 тоот хаягт эхнэр, хүүхэд нь амьдарч байсан хаягт очиж уулзахад Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ачааны автомашин барьж байгаа зээлээ төлнө гэсэн боловч эхнэр хүүхдээ уг хаяган дээрээс нүүлгэн алга болсон байсан. Иймд зээлдэгч Т.Г, М.Ц нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.Г, М.Ц нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд тэдгээрийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн тайлбар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Т.Г , М.Ц нар нь зээл авах үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 0000 тоотод амьдарч байсан бөгөөд хамгийн сүүлд амьдарч байсан хаяг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 0000 тоотод амьдарч байсан байна.
Дээрх баримтуудаас өөр Т.Г, М.Ц нарыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Хотон овогт Т-ын Г, Хулд овогт М-ын Ц нарыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.Г , М.Ц нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ