Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00044

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дорж овогт Л-ын Л-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л  нь 1965 онд төрсөн бөгөөд одоо 55 нас хүрч байгаа. Улсад нийт 23 жил ажилласан. 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэргийн албанд татагдаж 0229-р ангид алба хааж байгаад 1985 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ар гэрийн гачигдлаар цэргээс халагдсан. 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн цэс зэрэг баримтуудыг үндэслэн 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд үхэр маллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Л.Л-ийн хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн тул уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Дорж овогт Л-ын Л нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын “2-р таван жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08/763 дугаартай албан бичиг  /хэргийн 5 дугаар хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 387 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан Л.Лодойсамбуугийн цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт /хэргийн 8-86-р хуудас/

- Гэрч Д.С-ийн “...Л.Л  нь 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирсэн ба цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш 1992 он хүртэл буюу хувьчлал тараах хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд үхэр малладаг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 95-р хуудас/

- Гэрч Д.Г-ийн “...Л.Л  нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1979 оны 6 дугаар сард илгээлтээр мал дээр гарч ажиллаад 1983 оны 6 дугаард цэрэгт явж 1985 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд 1992 он хүртэл үхэр малласан...”  гэх мэдүүлэг /хэргийн 96-р хуудас/

- Гэрч Д.А-ийн “...Л.Л  нь 1985 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1992 оноос хувьчлал тарах хүртэл Өлзийт сумын 2-р таван жил  нэгдэлд үхэр маллаж байсан. Би 1978-1992 он хүртэл тус нэгдэлд үхэр маллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 97-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүх нэхэмжлэгчийг 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсныг тогтоосон. Учир нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд мал маллаж байсан Л.Л-ийн цалингийн тодорхойлолтоор Л.Л нь 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүртэл хугацаанд цалин хөлс авч байсан нь тогтоогдсон бөгөөд 1992 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл цалин олгогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дорж овогт Л-ын Л-г 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ