Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00045

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Харчин овогт О-ын Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Одоо 57 настай, улсад нийт 22 жил 4 сар ажилласан юм. Үүнээс 1978 онд Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзэн малчнаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй сумынхаа “Давших зам” нэгдэл”-ийн Дэрсэнэ-Ус бригадад төлөг, шүдлэн, бог мал маллаж байсан. Тухайн үед ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтэр, нотлох баримт, цалингийн цэс зэрэг баримтууд “Давших зам” нэгдлийн конторын барилга 2000 онд гал түймэрт өртөн шатаж үгүй болоход устаж үрэгдсэн. /1981-1984 онуудад Ардын армийн 126, 131-р ангиудад цэргийн албыг 3 жилийн хугацаатайгаар хаасан. 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 10 жил 2 сар тооцуулсан/

Иймд тухайн үеийн мал маллаж байсныг хамт мал маллаж байсан гэрчийн мэдүүлэг, сумын архиваас олгосон Засаг даргын орлогчийн сейф болон шкафанд байсан зүйлийн жагсаалт, Давших зам нэгдлийн контор барилга шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолт зэргийг үндэслэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл мөн 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд бог мал маллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

О.Б-ны хөдөлмөрийн дэвтэр нь шатсан тул уг бичиг баримтыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн 7 дугаар талд авагдсан Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Харчин овогт О-ын Б  нь 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл мөн 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

- Давших зам нэгдлийн контор шатахад үрэгдсэн зүйлийн тодорхойлолтын 7 дугаар жагсаалтад “...Давших зам нэгдэлд /1995 оноос өмнө/ ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр...” гэж бичигдсэн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Элгэн бригадын өмч хувьчлалийн тооцооны хуулбар /хэргийн 11-14-р хуудас/

- Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10132 тоот архивын лавлагаа /хэргийн 15-р хуудас/

- Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 25/19 тоот тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08/764 тоот албан бичиг /хэргийн 17-р хуудас/

- Гэрч Ч.С-ийн “...О.Б  нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны үеэс Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэнэ-Ус бригадад бог мал маллаж байсан. Тус нэгдэлд 1991 он хүртэл буюу хувьчлал тарах хүртэл хугацаанд ажиллаж байсан. Би Давших зам нэгдэлд 1970-1991 он хүртэл төллөх мал маллаж байсан. Гурвансайхан сумын нэгдлийн архив 2000 онд сумын контор шатахад архивын баримт бичиг шатаж үрэгдсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/

- Гэрч Ж.О-ийн “...О.Б н нь 1984 оны зун цэргээс халагдаж ирснээс хойш Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэнэ-Ус бригадад 1992 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Миний бие Давших зам нэгдэлд 1975 оноос хувьчлал тарах хүртэл буюу 1992 он хүртэл мал маллаж байсан...”  гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/

- Гэрч Д.М-ийн “...О.Б  нь 1981 онд цэргийн албанд явж 1984 оны зун цэргээс халагдаж ирснээс хойш Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн Дэрсэнэ-Ус бригадад 1992 он хүртэл мал маллаж байсан гэдгийг нь нэг нэгдэлд ажиллаж байсан учраас би сайн мэднэ. Би Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1964 онд очиж 2000 он хүртэл мал малласан...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт О-ын Б-ыг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл, мөн 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ