Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139/ШШ2020/00047

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Мэнгэт овогт Ц-ийн Т-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн бөгөөд энэ жил 55 нас хүрч байгаа улсад нийт 28 жил ажилласан юм. Үүнээс 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилга цахилгаан Сантехник засварын ангид засварчнаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтэр дээр тамга болон бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд Барилга Цахилгаан сантехник засварын ангид ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ц.Т-ийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй, тамга, тэмдэг нь бүдгэрсэн тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Мэнгэт овогт Ц-ийн Т нь 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Барилга Цахилгаан сантехник засварын ангид засварчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрйн 08/768 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/

- Дундговь аймгийн Барилга засварын ангийн захиргаанаас Ц.Т-д 1987.08.23-ны өдөр олгосон “Диплом”-ны хуулбар /хэргийн 4-р хуудас/

- Дундговь аймгийн Барилга Цахилгаан сантехник засварын ангийн захиргаанаас Ц.Т-д 1985.04.30-ны өдөр олгосон “Талархалын бичиг”-ийн хуулбар /хэргийн 5-р хуудас/

- Орон сууц нийтийн аж ахуйн газрын захиргаанаас Ц.Т-д 1987.08.14-ний өдөр олгосон 60 жилийн ойн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/

- Дундговь аймгийн Барилга Цахилгаан сантехник засварын ангийн захиргаанаас Ц.Т-д 1985.03.06-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар /хэргийн 7-р хуудас/

- Ц.Т-ийн 153361 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаартай тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 498 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/

- Гэрч Ц.Н-ийн “...Ц.Т нь 1984 оны 7 дугаар ОХУ-ын Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд Нийтийн ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид нормчноор 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Миний бие Ц.Т-г Барилга засварын ангид ажиллаж байхад 1981-1989 он хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

- Гэрч П.О-ийн “...Ц.Т нь 1984 оны 7 дугаар сараас Нийтийн ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид нормчноор 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Миний бие Ц.Т-г Нийтийн ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид ажиллаж байхад 1983 оноос 1987 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ц.Т-г 1984 оны 7 дугаар сард ажилд орж байхад нь би ажиллаж байсан.Мөн цалингийн тооцоог нь бичдэг байсан учраас Ц.Т-г Нийтийн ахуйн үйлчилгээний барилга засварын ангид нормчноор ажиллаж байсныг сайн мэднэ...”  гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/

- Гэрч Б.Н-ын “...Ц.Т нь 1984 оны 7 дугаар сараас Нийтийн ахуйн үйлчилгээний барилга засварын ангид нормчноор 1988 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 1988 оны намар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Миний бие Ц.Т-г Нийтийн ахуйн үйлчилгээний барилга засварын ангид ажиллаж байхад 1984-1990 он хүртэл нормчноор ажиллаж байсан. Бид 1984 оны 7 дугаар сард хамт ажилд орж байсан учраас Ц.Т-г Нийтийн ахуйн үйлчилгээний Барилга засварын ангид нормчноор ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мэнгэт овогт Ц-ийн Т-г 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Барилга Цахилгаан Сантехник засварын ангид засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ