Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/880

 

 

 

 

  

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Онон,

            Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001729 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44б байрны урд талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ***ийн эзэшмлийн *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн дээвэр дээр дэвсэж хонхойлгон, зүүн талын арын гэрлийг хагалж гэмтээсэн,

Мөн хохирогч ***ийн эзэмшлийн ***улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, купер, дээвэр зэргийг санаатайгаар хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гадуур явж байгаад өглөө 07 цагт гэртээ ирээд байрныхаа урд талд зам дагуу машинаа байрлуулчхаад гэр рүүгээ орох гэхэд орцны үүдэнд нэг согтуу, 30 гаруй насны хүн сууж байхаар нь юу ч бодохгүй гэр рүүгээ орчихсон. Гэртээ ороод унтаж байтал 08 цагаас хойш миний утас дугараад 09 цаг өнгөрч байхад утсаа авахад цагдаагаас залгаад миний машиныг хүн эвдсэн байна, гараад ир гэхээр нь гараад машинаа харахад миний машины хойд талын цонх цөмрөөд хагарчихсан, хойд гупер нь салаад уначихсан, багааж хэсэг нь энд тэндээ зурагдсан, баруун талын хэсэг нь мөн адил энэ тэндээ хаалган дээр зурагдсан байсан. Тухайн машин нь миний нэр дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны хавар ахаасаа *** улсын дугаартай *** маркийн, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр худалдан авсан. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн 44б байрны баруун ард талд машины зам дагуу байршуулчхаад гэртээ орсон. Тэгээд 09 цаг 35 минутад цагдаагаас залгаад машины дээвэр хонхойсон байна гэж хэлэхээр нь гараад хартал зүүн талын гэрэл хагарчихсан, дээвэр нь хонхойгоод орчихсон багаажны зүүн талд 3 ширхэг хар зураас гарчихсан байсан. Хэн яагаад өшиглөж гэмтээснийг мэдэхгүй. Мөн миний хажуу талын машины арын гупер унаад арын шил хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Яллагдагчаар *** мөрдөн байцаалтад өгсөн: “...тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 52/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1, 28/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6, 30-32/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 16-17, 41-42/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 63-67/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-82/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх-н 84-85/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44б байрны урд талын зогсоолд байрлуулан тавьсан байсан хохирогч ***ийн эзэшмлийн *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн дээвэр дээр дэвсэж хонхойлгон, зүүн талын арын гэрлийг хагалж гэмтээсэн,

Мөн хохирогч ***ийн эзэмшлийн ***улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, купер, дээвэр зэргийг санаатайгаар хууль бусаар гэмтээсний улмаас бусдад нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч нарын тээврийн хэрэгслийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч нарт нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлын нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарын хохирлыг төлсөн, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР